ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Энхбаяр: Төсвийн орлого 50 хувиар буурах эрсдэлтэй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-24

Эдийн засгийн нөхцөл байдлын талаар Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа. 

-Коронавирусийн тархалт дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ. Улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа үр дүнтэй арга юу байна?

-Эдийн засаг дахь нөлөөллийг ярихын тулд эхлээд тархалтын нөхцөл байдлыг маш сайн ойлгох хэрэгтэй юм. Коронавирус бол өмнө нь гарч байсан халдварт өвчинтэй зүйрлэхээргүй цар тахал болсныг зарлалаа. Тэгэхээр энэ зөвхөн өвчлөлийн асуудал биш бөгөөд үр дагавар нь зөвхөн эдийн засагт нөлөөлөхгүй. Үндсэндээ цар тахал дэлхийг өөрчилж байна. 2019 оны арав, арваннэгдүгээр сард төсвөө баталж байх үед дэлхий огт өөр байлаа. Гурван жил эдийн засаг сэргэчихсэн үеийн сайхан мөрөөдлөөр 2020 оны төсвөө баталсан. Энэ мэт олон гэнэтийн өөрчлөлтийг энэ тахал авчирлаа.  Ирэх ес, аравдугаар сараас улс орнуудын эдийн засагт ямар өөрчлөлт орох вэ гэхээр нэгдүгээрт, бизнесийн хандлага өөрчлөгдөнө. Тухайлбал, аялал жуулчлалын бизнес огт өөр зүйл болно. Агаарын тээврээр олон зуун хүн нэг онгоцонд сууж нисэхээ болино. 500 хүн суудаг онгоц цаашид яваад хэрэггүй болно гэсэн үг. Далайн тээврийн аяллын 3000 хүний усан онгоц гэдэг зүйл үндсэндээ байхгүй боллоо. Аяллын хөлөг онгоц мөн буцаад жижиг болох нь. Ингээд улс хоорондын аялал жуулчлал, тээврийн харилцаанд өөрчлөлт орж байгаа юм. Хоёрдугаарт, хотжилт гэдэг ойлголт үндсэндээ өөрчлөгдөх нь. 1980-аад оноос хойш мега сити буюу том хотын мөрөөдлөөр явж ирсэн. Токио, Дели, Бээжин гэх мэт 20 саяас дээш хүн амтай дэлхийн томоохон хотуудын жишгээр олон хүн амтай хот байгуулах нь аюултай гэдэг мессежийг дэлхий нийтээр авлаа. Хотуудыг аль болох жижиг хотуудад хуваая гэдэг асуудлыг зарим улс орнууд хөндөж эхэлсэн. Улаанбаатарын хүн амын тархалтыг цөөрүүлж, дагуул хотуудыг байгуулъя гэдэг бодлого маш зөв. Энэ мэтээр маш олон бизнесийн хандлагад өөрчлөлт гарч эхэллээ. Үүнийг дагаад улс орнуудын эдийн засаг ч өөрчлөгдөнө. Нэгдүгээр асуудал ашиг орлого бус аюулгүй байдал гэдэг хандлага тогтох юм. 500 хүн нэг нислэгээр тээвэрлэх нь компанид ашигтай ч 100 хүн нэг дор цугларах нь бага эрсдэлтэй учраас цөөн хүнтэй онгоцыг хүмүүс сонгоно. Үндсэндээ аль болох хэмнээд, шахаад бай гэдэг ойлголт эдийн засгаас арчигдаж байгаа юм. 

-Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх юм бол?

-Бүх дэлхий ингэж өөрчлөгдөж байхад манай улс шиг хаалттай эдийн засагтай, түүхий эдээс хамааралтай эдийн засагт маш гүнзгий өөрчлөлт гарна. Бид түүхий эдээ л гаргана, өөр боломж бололцоо одоогоор байхгүй. Тийм учраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ ч өөр байх ёстой юм. Гадаад зах зээл бүхэлдээ өөрчлөгдөж байхад үүнээс ангид үлдэнэ гэж байхгүй. Зөвхөн эдийн засгийн хохирол биш, энэ байдал удаан үргэлжилбэл, хамгийн түрүүнд бизнесүүд дампуурч, ажилгүйдэл ядуурал бий болж, ужгирсан хямрал бий болох бодит эрсдэлтэй. Том эдийн засагтай улс орнуудад бол үүнийг давах потенциал байна. Тухайлбал, томоохон банкууд, нөөц, өөрийн гэсэн дотоодын аж үйлдвэр нь байна. Төв банкнаас нь дэмжээд том багцтай мөнгөн дүн өндөртэй арга хэмжээ зарлаж байна. Хэчнээн хил хаалттай байлаа ч гэсэн дотооддоо амьдралыг хэвийн явуулах боломж байгаа юм. Төв банкнаас нь мөнгөний нийлүүлэлтээ нэмж, арилжааны банк зээлээ гаргадаг. Тэр зээл үйлдвэрлэгчид очиж цалинжуулаад, бүтээгдэхүүн үйлдвэрлээд эдийн засгийн эргэлт бий болчихно. Гэтэл манайд бол энэ арга боломжгүй. Манай улс ч адилхан Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг бууруулж, мөнгө нийлүүлж байгаа.  Харамсалтай нь энэ арга үр дүнгээ өгөхгүй. Үүний ялгааг ийм цаг үед маш сайн ойлгох хэрэгтэй. Бодлогын хүүг гурван хувиар бууруулж найм болголоо. Нэлээд их мөнгө суллагдаж, арилжааны банк руу очих гэж байна. Арилжааны банкинд асар их мөнгө байлаа гээд түүнийг зээлж авах хүн олдохгүй. Авлаа гэхэд бизнесийн эргэлтэд оруулах төсөл нь Монголд байхгүй. Тиймээс мөнгөний бодлогын хүүг бууруулах нь манай улсын хувьд ямар ч үр дүнгүй арга.

-Арилжааны банкууд хүүгээ бууруулж болохгүй юу?

-Одоогоор тэр боломжгүй. Яагаад гэвэл арилжааны банкууд эх үүсвэрээ үнэтэй бүрдүүлсэн. Хадгаламж ч тэр, гаднаас татсан хөрөнгө, бонд нь ч гэсэн өндөр үнэтэй авсан мөнгө шүү дээ. Тэгэхээр хүү хямдруулах тухай ойлголт байхгүй. Харин гаргаж болох зээлийг нэмэгдүүлэхийн тулд төв банк бодлогын хүүгээ сулруулж байна. Өөрөөр хэлбэл, эрсдлээс хамгаалж Төв банкинд заавал байршуулдаг мөнгөний хэмжээг багасгаж, буцаагаад банкинд нь зээл болгоод гарга гээд өгчихөж байна гэсэн үг. Зах зээлд хэчнээн их мөнгө нийлүүлсэн ч тэр мөнгө цаашаа эдийн засгийн эргэлтэд орох нөхцөл байхгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Манай улс ихэнх тохиолдолд гаднаас импортолж авдаг. Арилжааны банкнаас зээлсэн мөнгөний 50-60 хувийг импортод зарцуулдаг. Хил хаалттай нөхцөлд тэр мөнгө хэзээ гараад хэзээ орж ирэх вэ.  2013 онд Монголбанк мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлж эдийн засгаа аварна гээд бодлогын хүүгээ хоёр ч удаа бууруулсан юм. Гэтэл үр дүнд нь хоёр жил дараалаад арилжааны банкны чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нэмэгдсэн. Эдийн засгийн эргэлт ийм хэмжээний мөнгийг шингээх чадваргүй гэдэг нь харагдсан. Мөнгө нь эргэлддэггүй, хүмүүс нь худалдан авах чадваргүй. Тэгэхээр мөнгөний бодлогыг бууруулж, их хэмжээгээр мөнгөний нийлүүлэлт хийх нь ямар ч үр дүнгүй.  

-Тэгэхээр хамгийн оновчтой, үр дүнтэй гарц гаргалгаа нь байх ёстой юм бол?

-Ийм эгзэгтэй үед төсвийн зөв бодлого чухал. Төсөвтөө тодотгол хийх ёстой. Олон улсын байгууллага “G7” видео хурал хийж улс орнуудыг бололцоотой бүх арга хэмжээг ав гэдэг уриалга гаргасан.  Энэ хуралд ОУВС-гийн Гүйцэтгэх захирал, Дэлхийн банкны захирал тэргүүтэй дэлхийн мөнгөний нийлүүлэлтийн 50-60 хувийг атгадаг хүмүүс оролцож, бүх арга хэрэгслээр дэмжихгүй бол болохгүй юм байна гэдгийг сануулсан. Ханган нийлүүлэлтийн сүлжээ бүгд үйлдвэрлэлийн туузан дамжуурга шиг болчихсон. Монголоос коксжих нүүрс гаргалаа, урд /хятадад/ хайлуулаад ган төмөр хийдэг. Тэр нь Япон, Өмнөд солонгост очиж, машин болно. Гэтэл энэ сүлжээ тасалдчихаар массын үйлдвэрлэл гэж байхгүй. Гэтэл манайх коксжих нүүрсээ нийлүүлээд Хятадад ган үйлдвэрлээд, гадаадад худалдаад сэргэчих юм яриад байгаа. Одоогийн бизнесийн модельд энэ эргэлт зогсчихоод байгаа юм. Хятад манайхаас авсан нүүрсээр хийсэн гангаа өөрсдөө хэрэглэдэг бол эргэлтэд орж, сэргэж магадгүй. Гэтэл тийм биш. Хятадын гангын үйлдвэрүүдийн ихэнх нь хаалгаа барьсан. 1970 оноос хойш анх удаа ган хайлуулдаг зуухаа унтраасан байна. Энэ сард гарах нэгдүгээр улирлын эдийн засгийн үзүүлэлтээр Хятад улс анх удаа хасах руу орох нь. 1987 онд биржийн уналт болсон юм. Өнгөрсөн даваа гарагт Нью-Иоркийн бирж мөн 30 гаруй хувийн уналтад орлоо. Яагаад ийм уналт болсон бэ гэхээр өмнөх долоо хоногт нь ДЭМБ-аас коронавирусийн тархалт цар тахал боллоо гэдгийг зарласантай холбоотой. Сайн арга хэмжээ авсан учраас л эдийн засгийн сүйрэл бололгүй өнгөрлөө. Гэхдээ л дагаад түүхий эдийн зах зээл, хөрөнгийн зах зээл унаж байна. Зэс, металлын үнэ уналаа. 

-Экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ тасралтгүй буурч байна. Энэ хэвээрээ үргэлжилбэл ямар нөхцөл байдалд хүрэхийг эдийн засагчид тооцоолсон байх?

-Харамсалтай нь манай төр­ийн байгууллагууд одоогоор ийм тооцоолол хийгээгүй. Монгол­банкны эдийн засагч Н.Ургамалсувд судалгааны албаныхан тооцооллыг хийж байгаа гэсэн. Манайхан яг тоо тавьж байж боддог тогтсон сэтгэлгээтэй учраас Америкийн эдийн засаг тэдэн хувь боллоо гэсэн тоог хүлээгээд суугаад байна. Тэднийг хараад мөдгүй. Саяхан эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болон Азийн хөгжлийн банк таамаглал гаргасан байна билээ.  Эндээс үзэхэд ойрын хэдэн сард эдийн засаг сэргэх ямар ч нааштай тохиолдол байхгүй гэдэг нь тодорхой байгаа. Манай улсын хувьд 2019 оны төсвийн орлого нь есөн их наяд, зарлага нь 11 их наяд байсан. 2020 оны төсөв мөн хоёр их наядын алдагдалтай буюу орлого нь 11.8, зарлага нь 13.8 их наяд. 13.8 гэдэг манай ДНБ-ий 34 хувь нь. 34 хувиас цааш зарлага өснө гэж байхгүй. Гэтэл энэ их зарлага ач холбогдолтой юу үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Эрсдэлтэй үед  эдийн засгаа дэмжиж мөнгө гаргая гэхээр төсөвт ямар ч боломжгүй. Хоёрдугаарт, сайд нарын багцаас мөнгө зөрүүлж болдоггүй. Нэр хаяггүй сул мөнгө байхгүй гэсэн үг. Гаргахын тулд заавал УИХ, Засгийн газраас зөвшөөрөл авна. Ингэж батлахын тулд УИХ хоёр сонголт хийх боломжтой. Нэг бол хоёр их наядын алдагдлаа нэмэх. Ингэвэл оны эцэст бүр л хүнд нөхцөл байдалд орно. Хоёрдугаарт, арай ухаалаг боломж нь зарлагаасаасаа танах юм. 13.8 их наядын зарлагаасаа ач холбогдол багатайг нь хасах хэрэгтэй. Ингээд багадаа 500 тэрбум төгрөг чөлөөлж аваад бизнесээ, ажил эрхлэлтийг дэмжихэд зарцуулъя гээд сайд нарын багцад хуваарилаад батлах ёстой. Ингэж байж Засгийн газар тэр мөнгийг зарцуулах эрхтэй болно. Монгол Улсын нэг сарын орлого нэг их наяд орчим. 14 хоногийн орлого нь 500 орчим тэрбум төгрөг. Дор хаяж эхний ээлжинд эдийн засгийн уналтаас сэргийлж ийм хэмжээний мөнгийг зарцуулах ёстой. 500 тэрбум төгрөг зарцуулах бололцоо байгаа. Ингэж байж 300-г нь бизнес эрхлэгчдэд, зууг нь ажилгүйдлийн даатгалын санг зузаатгахад, үлдсэнийг бусад өрх гэрийг дэмжихэд хуваарилах ёстой. Ингэхгүй бол маш хүнд нөхцөлд орно. Нүүрсний орлогын 50 байхгүй.  Энэ жил хамгийн сайнаар бодоход 20 орчим сая тонныг л гаргаж чадахаар байна. Зэсийн үнэ дахиад 30-40 хувиар унаж байна. Зэсээс олох орлого багадаа 800 сая ам.доллароор дутна. Энэ хэвээр явбал экспортын орлого 5-6 тэрбум ам.долларын орлоготой л байх нь.  Үүнийг дагаад дотоодын бизнес буурч, дотоодоос орж ирэх татвар мөн дагаад буурна гэсэн үг. Тав, зургадугаар сард сэргэнэ гэж тооцоолоход төсвийн орлого багадаа 30 гаруй хувиар буурна. Халдварт өвчин намдахгүй ужгирвал 50 хувь буурах бодит эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, 12 орчим их наядаар төсөөлсөн орлого зургаан их наяд байх нь. Ингэхгүйн тулд эртнээс арга хэмжээ аваач гэж байгаа юм. 

-Засгийн газраас зээлийн эргэн төлөлтийг гурван сараар царцаалаа. Гэвч нэгэнт л эргэж төлөхөөс хойш энэ үр дүнтэй арга байж чадах уу?

-Ямар ч үр дүнгүй. Хамгийн гол нь нэгдүгээр сараас хойш нөхцөл байдлаа огт үнэлж үзэхгүй байна. Сангийн сайд төсөв гэсэн нүдээр л хараад байгаа юм. Зүгээр нэг халдварт өвчин биш дэлхий нийтийг хамарсан цар тахал. Дэлхий дахины бизнесийг түгжчихээд дахиад ч хэдэн сар үргэлжлэх тухай ярьж байхад нөхцөл байдлыг ойлгохгүй байгаа нь харамсалтай. Ойлгож байсан ч 13.8 их наядыг зарлагадах сонирхол түүнд байна. Олон нийтэд арга хэмжээ авч байгаа харагдахаар гаргаж байгаа шийдвэр нь эдийн засгийн уналтыг саармагжуулахад ямар ч үр нөлөөгүй аргууд. Дэлхий дахинаа бизнес хэвийн, зөвхөн манай улсад асуудал байсан бол ийм арга хэмжээ авч болох юм. Шатахууны үнэ буурч байгаа ч дагаж орж ирэх орлого нь дагаад буурна. Тэгэхээр энд баярлах юм огт байхгүй. 

-Зарлагаа танах нь одоо байгаа хамгийн зав шийдэл гэж байна. Таныхаар зарлагаа танаад хэдэн төгрөг хэмнэх боломжтой вэ?

-Хөрөнгө оруулалтыг зогсоолоо гээд Монгол Улсын 2020 оны эдийн засагт ямар  ч хор хохирол байхгүй. Барих гэж байгаа барилгад орох хэдэн компанийн л асуудал гарах байх. Харин үр ашиг багатай хөрөнгө оруулалтуудыг зогсоохгүй тендерүүдээ зарлаад эхэлбэл 3-4 жил дамнасан юм болно. Баригдаж дуусдаггүй царцсан барилгууд л нэмэгдэнэ. Тэгэхээр эхлээгүй барилгуудыг шууд зогсоох хэрэгтэй. Харин 2020 онд дуусаад ашиглалтад орох барилгуудыг дуусгаж, ирэх жилийн төсвөөсөө үргэлжлүүлэх асуудал ярих ёстой. 

-Зарим улс хувийн байгууллагууд ажилчдаа халахгүй бол ажилчдынх нь цалингийн тодорхой хувийг төрөөс даах арга хэмжээ авч байгаа юм билээ? 

-Ажилгүйдлийн даатгалын шимт­гэлийг манайд зөвхөн ажлаас халагдсан тохиолдолд авдаг. Угтаа бол энэ нь ажилгүйдлээс сэргийлсэн тэтгэмж. Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан үйл ажиллагаа нь зогсоход эхний нэг сардаа тухайн байгууллага цалин, зардлаа аргална. Хоёр дахь сараас төр үйл ажиллагаагаа зогсоо гэсэн учраас энэ нь компанийн асуудал биш болдог. Тэгэхээр нийгмийн даатгалын хуульд нэгдүгээрт, ажлаас чөлөөлөгдөх, хоёрдугаарт, буцаан авах нөхцөлтэйгөөр түр чөлөөлөх гэсэн ойлголт хэрэгтэй байгаа юм. Хуульдаа ийм нөхцлийг зааж өгөөд, ажилгүйдлийн тэтгэмжийг 100 биш юм гэхэд 78,80 хувийг олгох байдлаар явах ёстой. Барууны орнууд одоо яг энэ байдлаар зохицуулалт хийж байна. Манай хуульд тийм заалт байхгүй учраас энэ зохицуулалтыг хийх боломжгүй. Ажилгүйдлийн даатгал авах заалтыг нэмж өгвөл эдийн засгийн уналтын үед ажилгүйдлээс сэргийлэх боломжтой болох юм. Нийгмийн даатгалын санд үлдэгдэл байгаа шүү дээ. Тэгэхээр хуулиа яаралтай батлаад байгаа үлдэгдлийг энэ жил бүгдийг нь зар. Төсөвт хүрэхгүйгээр ажилгүйдлээс сэргийлэх боломж байна шүү дээ. Харин 2021 оны төсөвтөө нийгмийн даатгалын төрөөс авах татаасыг нэмж тавьж болно. 2020 онд байгаа бүх нөөцөө дайчлах хэрэгтэй.