ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ус хатаж болох ч угаасан нян бактер нь устахгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-26

Амьдардаг байрныхаа гадаа хүүхэд тоглодог газар автомашинаа байрлуулчихаад алчуур, ус хоёроор хичээнгүйлэн зүлгэж буй эхнэр, нөхөр хоёрт шаардлага тавьсныхаа төлөө золтой л зодуулчихгүй салсан нь саяхных. “Машины зогсоол дээр юугаа угаах, арчих нь чамд хамаагүй.

Тийм сүрхий юм бол энэ байрнаас өөрөө зайл” гэх мэтээр хэлэх, хэлэхгүй үгээр л хараав. Нэг хүний хэмжээлшгүй эрх мэдэл нийтийн эрх ашгаар хязгаарлагддаг гэдгийг мэддэггүй хүмүүс дээрх эхнэр, нөхөр хоёроос гадна цөөхөн байдаг хэмээн итгэхийг хүссэн учраас энэ сэдвийг хөндөж байгаа хэрэг.

Гадаа хавар цаг ирж, урин дулааны улирал ирсэн учраас хүн бүхэн юу хүссэнээ л хийж байна. Хөл хориог ч мартацгааж, хүүхдүүдээ хөтлөн гадуур явж, тоглоомын талбайнууд ч байнгын үйлчлүүлэгчтэй болжээ. Мөн автомашинаа угааж арчсан хүмүүс хотхон, хороолол болгонд л тааралддаг боллоо.

Дээрх эхнэр нөхөр хоёр шиг загнаж, дайрч, өөрсдийгөө зөвтгөөд өнгөрөх нэгэн байхад тавьсан шаардлагыг хүлээж аваад уучлалт гуйгаад орох хүмүүс ч бий. Машинаа угааж буй эрхэм таныг цэвэрч хүн гэж нэрлэмээр байгаа ч оршин суудаг байрныхаа гадна талбайд, үр хүүхэд тань тоглож нааддаг талбайд гудамжнаас олж ирсэн хир, буртгаа угааж буй нь хэрхэвч соёлтой, нямбай, цэвэрч хүний үйлдэл биш билээ.

Их хотын иргэн танд ийм шаардлага тавих нь ч иргэн бүрийн үүрэг юм. Соошл орчинд ч машинаа угааж байсан иргэдэд шаардлага тавьсан тухайгаа хүмүүс бичсэн байна билээ. Тавьсан шаардлагыг нь хүлээж авах хэсэг байхад, “юу угаах нь чамд хамаагүй” гэдэг хүмүүс ч олон бий. Уншигч та үүнийг уншиж суухдаа өөрөөсөө ч бас асуугаад үзээрэй.

Би шаардлага тавьдаг нь уу, эсвэл угаадаг нь уу гэдгээ бодоод үзэхэд гэмгүй шүү. Огт тоохгүй угаадаг байсан бол өнөөдрөөс эхлээд болиорой гэж хүсье. Ус нь хатаад алга болох ч угаасан вирус чинь тэр талбайд байсаар л байх болно. Та орцныхоо үүдэнд гарч ирээд тэр вирусээр амьсгална.

Таны хүүхэд тэр талбайд тоглоно гээд бод доо. Олон хүн хөлхсөн газраас тээж ирсэн нян, бактеруудыг та гадаа угаагаад орхичихлоо гэж бодож болох ч таны хөлөөр, эсвэл танай хүүхдийн гараар дамжин гэрт чинь орж, хайртай хүмүүст чинь халдварлаж, өвтгөх учраас хайхрамжгүй зангаа өнөөдрөөс эхлэн гээж, хайртай бүхнээ хамгаалцгаая.

Нийтээрээ энэ мэт жижигхэн соёлд заавал албадуулж, аль эсвэл шаардуулж суралцах шаардлагагүй билээ. Зөвхөн миний энэ үйлдэл хүнээс гарах зөв үйлдэл мөн үү, бусдын эрх ашигт харшлах уу гэдгийг нэг удаа бодоод үзэхэд гэмгүй юм. Тэр цагт юу хийх, юу хийж болохгүй вэ гэдгээ ойлгоно оо.

Зохисгүй үйлдэл гаргаж байгааг нь хэлсний төлөө элдвээр хараасан ч дээрх эхнэр, нөхөр хоёр дараа дахиад ийм үйлдэл хийхгүй байх. Хэлсэн үгээ дараа нь бодоод гэмшсэн гэдэгт ч итгэлтэй байна. “Хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чихчихээс нааш цоорохгүй” гэдэгчлэн нэг удаа хэлчихсэн байхад нээрээ би юу хийж байна, ямар үйлдэл гаргасан бэ гэдгээ ойлгох нь дамжиггүй юм.