ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Ганболд:Цэцэрлэгийг засаж янзлахыг дэмжинэ гэсэн болохоос усан оргилуур барих 3.2 тэрбумыг даая гээгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-07

Сүхбаатарын талбайн урд байрлах ”Хонхтой цэцэрлэг”-ийн оронд хөгжимт усан оргилуур барих асуудал маргаан дагуулаад буй. Энэ хүрээнд өчигдөр “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өөрийн фэйсбүүк хуудаснаа “Жорлонгийнх нь асуудлыг би даая. 3.2 тэрбумаар эмнэлэг барих буюу хэрэгтэй зүйлд зарцуул” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Тэгвэл хотын дарга С.Амарсайхан усан оргилуур барих 3.2 тэрбум төгрөгийн зардлыг Т.Ганболд даая гэж байгаад талархалтай байна хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Энэ талаар “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд мэдээлэхдээ “Иргэд эсэргүүцэж байсан учраас би өнөө өглөө шийдэл гаргах үүднээс арга буюу нэг пост твиттер дээр оруулсан. Одоо байж л байна. Түүн дээр 3,2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барьж өгье гэсэн санаа оноо юу ч байхгүй. Харин энэ тэнэглэлээ зогсоочих оо. Ядаж нийгмээрээ хямарчихсан байгаа цар тахлын үед зогсоочих гэсэн. Өөрөө энэ хагас бүтэн сайнд биеийн тамирын хувцастай яваад л жорлонгийн зураг үзүүлж байна лээ. Төв талбайд нь жорлон нь эвдэрчихсэн, шугам сүлжээ нь болохгүй, бохир нь хальчихсан байгаа бол би тэр шугам сүлжээг нь солиод, жорлонг нь шинэчлээд сайхан болгочихьё. Яриад байгаа мөнгөнөөс нь хэд дахин багаар болгочихьё гэсэн санаа байгаа юм. Гэтэл дургүйд хүчгүй гэж байгаа юм уу, эсвэл өөрөө ойлгоогүй юм уу, нэг тийм утгагүй хариу тавьсан байна лээ. Ашгүй, ашгүй та одоо 3,2 тэрбумаар манай хоёр сар хийгдэх төслийг санхүүжүүлэх гэж байгаа юм байна. Тэгээч тэгээч гэсэн даапаалаад байгаа юм уу, ёжлоод байгаа юм уу. Аль эсвэл хийхгүй гэсэн юмаа ийм зүйлээр аргалах гэж байгаа юм уу, тийм нэг явуургүй муухай арга харагдаж байна лээ. Өөрөө яг бичсэн үгүйг нь мэдэхгүй. Өөрийнхөө фейсбүүк хуудсан дээр тавьсан байна лээ. Харин түрүүнд телевизээр мэдэгдэл хийхдээ арай өөр өнцгөөр ярих шиг болсон.

Дахиад хэлэхэд, миний санаа бол гологдоод байгаа энэ цэцэрлэгийг аятайхан засаж янзлаад, ногоон байгууламжийнх нь өнгө төрхийг сайжруулаад, жорлонг нь олон улсын стандартад нийцүүлээд, ариун цэврийн шаардлага хангах хэмжээнд инженерийн шугам сүлжээтэй болгоод, гэрэлтүүлгийг нь янзалчихъя л гэж байгаа юм. Түүнээс биш, эдний хийчихсэн зураг төсөл, 3,2 тэрбум төгрөг гэдэг утгагүй үнэ тавьчихсан зүйлийг дэмжээгүй.