ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаан асрын зүүд (49-р бүлэг)

O.Admin
2020-05-07

ШИЛ БОЛРЫН ЕРТӨНЦӨД УЛААН ЦАГААН ХАРШЛАН ГЭРЭЛТЭЖ, ОО ЭНГЭСГИЙН СҮРЭГТЭН ТҮЛЭНХИЙ ИДЭЭГ ИХЭД ТААЛАВ

Өгүүлэх нь: бүгдээрээ өөрийн нь тухай ярилцан хөхрөлдөж байхыг хараад Шян Лин инээж: “За та нар энэ шүлгийг үзэцгээ! Болж байвал би цааш нь оролдъё. Болохгүй гэвэл шүлэг бичих горьдлогоо зогсооё гэсээр Дай Юйгээс эхлээд цөмд дамжуулав.

Эрхэм цогцсыг далдалсугай гэвч бодохуйяа бэрх

Эрээлжлэх сүүдэр яруу хээнцэр толбо угаас жихүүн

Эрхэлгээн түүшийг нэгэнт дэлдэхүйеэ мянган газар гийгэж

Эрэгчин тахиа хашгиран дуулж, үүрийн гэгээг угтана

Эгшигт лимбийн уяхан дууг намрын шөнө чагнаж

Эрхэмсэг охидын улаан асарт, шөнийн хашлагыг түшив

Эрэмцэн бишрэх саран дагина, надаас сэмхэн асууруун:

Эш шалтгаан ямар хэмээн ашид үл бүрдэнэ

Ийн шүлэглэснийг уншаад цөмөөр: “Энэ шүлэг сайхан болсноор барахгүй бас уран болжээ. Эртний үгэнд “Чин зоригт хүн байвал, чадахгүй явдал үгүй” гэж байдаг. Үүний гэрч нь энэ шүлэг боллоо. Шүлэгчдийн цуглаанд чамайг лавтай урина” гэсэнд Шян Лин дотроо үл итгэн, хуурч байна гэж бодоод, Дай Юй, БаоЧай хоёроос л асуухаар шийдэж суув.

Тэднийг ийн ярилцаж байтал хэдэн авгай, бяцхан шивэгчин ирж: “Энэ чинь, яасан олон охид, авхай нар вэ. Баргийг нь танихгүй юм байна. Найнай, авхай нар хурдан очиж садантайгаа золгоцгоо” гэж урив. Ли Шэнь инээж: “Чи юү гэнээ. Хэний садан болохыг тодорхой хэлээрэй” гэсэнд, мөнөөх шивэгчин, авгай нар:

-Найнаагийн хоёр охин дүү иржээ. Бас нэг охин байна. Шюэавхайгийн дүү охин гэнэ. Бас нэг агь байна, Шюэ даяагийн дүү гэнэ. Одоо Има тайтайг залахаар очно. Найнай, авхай нар хурдан морилогтун гэсээр гарч одов. БаоЧай инээж: “Манай ШюэКө охин дүүтэйгээ ирсэн юм байхдаа” гэсэнд Ли Шэнь: “Миний авга бэргэн бас нийслэлд ирсэн юм байхдаа. Яаж нэг юм таарч ирээ юм бол. Сонин юм” гэв.

Цөмөөрөө Ван Фүрэний дээд гэрт очив. Тэнд зөндөө хүн байв. Шин Фүрэнийг түшихээр ирсэн бэргэн нь охин ШюЯнийгаа дагуулаад ирсэн байна. Бас ФөнЖэгийн ах Ван Рэнь бас нийслэлд ирэх хэрэг гарсан ирсэн учир төрлийнхөө хоёр ч хүнтэй хамт ирсэн бололтой. Зам зуураа онгоцонд суусанд Ли Ванийбэлбэсэн авга бэргэн, их охин Ли Вэнь, дараах охин Ли Чигийн хамт нийслэлд ирэх зам нийлжээ. Бас садангийн гурван гэрийн хүмүүс хамтдаа ирсэн ажээ. ТөдөлгүйШюэПаний үеэл дүү ШюэКөгийн эцэг нь тэр жил, нийслэлд байхдаа охин БаоЧинийг эндэхийн Мэй овогт бичгийн утгачийн хүүтэй сүй тарьсан тул Ван Рэнийг нааш явах далимаар охиноо аваад хамтдаа иржээ. Ийнхүү энэ өдөр, садан төрлөө эргэх гэсэн ах дүү хамтнууд нэг дор санаандгүй гаарчээ. Ийнхүү бүгдээр учран золгосонд Жя Мү, Ван Фүрэнь тэргүүтнээс эхлээд цөм баярлалдав. Жя Мү баясан:

-Урьд шөнө дэнгийн гол дахин дахин бадмааран байсан билээ. Үзтэл өнөөдрийн явдлыг зөгнөж байжээ гээд хүмүүсийн өгсөн бэлгийг хүлээн аваад, хоол унд бэлтгэ гэв. Энэ үед ФөнЖел яарсан дээрээ яарч байхад, Ли Шэнь, БаоЧай нар авга бэргэн, эгч дүү нартайгаа ойрд уулзаагүй учир сэтгэлийн үгсээ тайван ярилцана. Дай Юй зочдыг хараад баясаж байсан ч өөрөөс нь бусад хүн ах дүү амраг садантайг хараад уярлын нулимс унагав. Харин Бао Юй түүний сэтгэлийн зовлонг мэдэх учир тайтгаруулах сайхан үг хэлж байлаа. Бао Юй И Хун Юаньдаа ирээд ШиРэнь, ШөЮэ, Чинь Вэнь нарт “Та нар түргэн очиж үзээч. БаоЧайн төрсөн ах нь тийм байтал энд ирсэн үеэл дүү нь, байдал төрх, хөдөлж барьж байгаа нь ангид өөр юм. Та нар Бао Чайг охь манлай гэцгээдэг одоо очоод охин дүүг нь харчих. Далимд нь бэргэний хоёр охин дүүг нь үз. Надад хэлэх сайн үг олдохгүй байна. Эцэг тэнгэр, эх дэлхий минь, чамд хичнээн олон ариун сүнсний охь дээж бий атал бас тэднийг төрүүлжээ. Би өдөр болгон эднийг хараад, хүний хосгүй дээд гэж боддог байсан чинь, би бол “Худаг доторх мэлхий” байжээ. Холоос эрэх хэрэггүй. Манай энэ орны өнгө зүс гэвэл нэг нэгээсээ илүү гарчээ. Одоо миний эрдэм бас нэмэгдлээ. Эднээс цааш бас л бий байхдаа” гэхчилэн баахан юм ярив. ШиРэнь, түүнийг хэтэрхий магтахаар нь очсонгүй. Харин цаадуул нь хэдийн гүйж оччихоод ШиРэньд:

-Чи хурдан очооч. Их тайтайгийн нэг ач охин, Бао авхайн нэг охин дүү, их найнайгийн хоёр охин дүү… энэ дөрөв бол арилгасан сонгино, арчсан толь юмаа гэж ярив. Тэгтэл Тань Чүнь орж ирээд: “Манай шүлэгчдийн чуулган үнэхээр бахархах юмтай болжээ” гэснийг нь Бао Юй дэмжиж,

-Нээрэн тийм шүү. Бурхан тэнгэр тэднийг илгээсэн байхаа гэснээ, тэд маань шүлэг зохиож чадах болов уу гэсэнд Тань Чүн,

-Би асуусаан. Тэд нэрэлхэж байвч бичвэл бичнээ. Чадахгүй байлаа ч, чаддаг болно. Жян Линг л харахгүй юү гэв. Чинь Вэнь “Тэдний дотроос Шюэ охин л хамгийн хөөрхөн нь юм” гэв. Тань Чүнь: “Цаадуул нь түүнд хүрэхгүй” гэж батлав. ШиРэнь: “Сонин юмаа. Түүнээс сайхныг хаанаас олно. Би очиж үзэхээс дээ” гэв.

-Лао тайтай хараад баярлан яах учраа олохгүй байснаа, дэргэдээ авч тэжээхээр шийдсээн гэж Тань Чүнийг хэлсэнд Бао Юй: “Нээрэн үү” гэж асуув. Цаадах нь:

-Би хэзээ худал хэлж байсан юм гэж инээгээд: – Лао тайтай ийм сайхан ач охинтой болохоороо чамайг мартана даа гэж дооглов. Бао Юй үл тоон:

-Тэр ч харин яамай байна. Охин хүүхэддээ илүү байх нь зүйн хэрэг. Маргааш арван зургаан учир бид цуглаанаа хийеэ гэв. Тань Чүнь:

-Линь охин өвдсөн. Түүнийг илаарь болохыг хүлээх байлгүй гэсэнд Бао Юй:

-Түүгээр дутаа гэж үү гэв. Тань Чүнь:

-Хэд хоног хүлээнээ. Шинэ ирэгсэдтэйгээ танилцана. Одоохондоо их бэргэн болон БаоЧайн сэтгэлд шүлэг ойр байхгүй байгаа биз. ШянЮнь ч ирээгүй байгаа. Хүмүүс бүрдээгүй байхад цуглаад яахав, тэднийгээ хүлээе. Энэ хооронд Шян Лин ч шүлгээ боловсруулж л байг. Одоо ингээд Лаотайтайгийн тэнд очицгооё. Тэднийг яаж байрлуулах нь вэ. Бидний энд бүл нэмбэл улам л хөгжөөн наргиантай болно гэсэнд Бао Юй баярлан: “Чи хөнгөн толгойтой болохоор учир эвийг нь олчих юм. Би бол балай хүн болохоор дэмий нэг их баярлахаас цаашгүй юм” гэж биеэ голов.

Тэднийг ярилцаж байтал, Шюэ ах, охин дүүс Жя Мүгийнд ирэв. Ван Фүрэнь, ШюэБаоЧинийгЖя Мүгийн хуурай охин болгож баярлуулаад хүрээлэнгээд явуулсангүй. Харин ШюэКи, ШюэПань ахынхаа бичгийн гэрт суув. Жя Мү, Шин Фүрэньд: “Ач охин чинь гэртээ харьсаны хэрэггүй. Хүрээлэнд хэд хоног байж тэнд зугаацаж наадаж байгаад яваг” гэж хэлэв. Цаадах нь ах бэргэнийх ядуу гачигдалтай тул одоо нийслэлд ирэхдээ Шин Фүрэнигээр туслуулан, хашаа байшин засуулах мөнгө гаргуулна гэжээ. Үүнийг сонсоод дуртай байсангүй. Тэгээд Шин ШюянийгФөнЖэдтушаачихав. Өөр байр гаргах боломжгүй байсан учир ФөнЖэ мөнөөх охиныг Ин Чүньтэй цуг суулгав. ДаГуань Юаньд нэг сараас дээш хугацаагаар суувал ФөнЖе мөнгөн туслалцаа үзүүлэх болов. Шин Шюянийг эцэг эхтэйгээ адилгүй, номхон дөлгөөн зантай, хүний хайр булаах хүүхэд гэж үзээд ФөнЖе хайрлахаар барахгүй ээж, дүү нарыг нь ч өрөвдөж эхлэв. Жя Мү, Ван Фүрэнь нар бас Ли Ванийг шударга, эмбэрэлтэй сайн хүн бөгөөд залуу багаасаа журмыг сахьсан хүн гэж үздэг учраас энд ирээд байгаа авга бэргэнийг нь гадуур байлгасангүй. Дао Шиян Цүньд буулгав.

Ийнхүү төвхнүүлсэний дараа бас шударга төвшин Хэү түшмэл Ши Дин гадаад мужийн их зэрэгт зэвшиж, удахгүй гэр хотлоороо тушаалдаа очих гэсэн учир Жя Мү Шин Шюянийг явуулж төвдөхгүй гээд гэртээ авчрав. ФөнЖэг өөр байр гаргаж түүнийг суулга гэсэнд цаадах нь үл зөвшөөрч, БаоЧайтай цуг байна гэсэн учир дураар нь болгов.

Ингээд ДаГуань Юань, урьдаас илүү хөгжөөнтэй болж, Ли Шэнь тэргүүтэй Ин Чүнь, Тань Чүнь, ШиЧүнь, БаоЧай, Дай Юй, ШянЮнь, Ли Вэнь, Ли Чи, Бао Чинь, Шин Шюяниас гадна ФөнЖэ, Бао Юй ороод арван гурван хүн болжээ. Нас жил ярьвал хамгийн эгчимэд нь Ли Шэнь. Дараа нь ФөнЖе орно. Бусад нь арван тав зургаа, долоогоос хэтрэхгүй, олонхдоо чацуу. Сарын ялгаатай болохоор хэн нь хэнээсээ эгч болохыг сайн мэдэхгүй. Жя Мү, Ван Фүрэнь, бусад эмгэд, шивэгчид ч нарийн тоолж чадахгүй. Сайндаа л эгч, дүү гэж ялгана. Эдүгээ Шян Лин шүлэг зохиож сурах гэж хажуугаар нь Бао Чайг зовоож байтал дүү нь хүрээд ирэв. Тэр хоёр БаоЧайн хоёр талаас нь асууж, шалгаадаг болов. Нэг удаа БаоЧай:

-Энэ зай завгүй асуулт, хариулт надад хэцүү байна. Охин хүн байтлаа, шүлэг бичихийг гол болгоод байгааг нь эрдэмт хөвгүүд сонсвол хэв журмаа сахисангүй гэж шоолох байгаа даа. Ганц Шян Лингээ яая гэж байхад бас нэг охин нэмэгдээд “Дугийнавъяас гунигтай, Вэйгийн уянга дулимаг” гэгч болоод байхад, гэгээнтэн, далд утгын тухай ярьцгаах юм. Тэнэг юм шиг ааш авир гаргана. Охин хүний байдал нь хаана байна гэж асуусанд Шян Лин, ШянЮнь хоёр хөхрөлдөв. Тэднийг ярилцаж байтал Бао Чинь хүрч ирэв. Түүний нөмрөгнөөс алт сувд гялтаганана. БаоЧай харуут: “Хөөе чи ийм юм хаанаас олов” гэсэнд: “Лао тайтай, цас орсон тул үүнийг өмс гэж өгсөн юмаа” гэсэнд Шян Лин үзэж, үзэж: “Тийм байхаа тэр, тогосын ноолуураар нэхсэн байна шүү” гэсэнд ШянЮнь инээж: “Тогосынх бишээ, зэрлэг нугасны өрөвлөгөөр нэхжээ. Лао тайтай чамайг үнэхээр хайрлаж байгаа юм байна. Бао Юйд хичнээн хайртай мөртөө өгдөггүй л байсан юм даа” гэсэнд БаоЧай:

-Хуучны үгэнд, хүн хүний заяа өөр гэдэг юм. Үүнийг ингээд хүрээд ирнэ гэж ер санасангүй. Тэгсэн чинь ирэхээр барахгүй ирүүтээ Лаотайтайгийн хайрыг булаадаг байна шүү гэв. ШянЮнь:

-Чи ер нь Лаотайтайгийн гэрээс гараад энэ хүрээлэнд хүрээд ир. Энд инээд наргиан их. Хоёр газарт тааваараа байж, дунд нь яваад л, тайтайгийн тэнд удаан байж инээлгэж баясгаж байгаад эндээ ирнэ биз. Харин тайтайг байхгүй бол тэнд орох хэрэггүй. Муу санаатай хүн олон бий. Тэд цөм биднийг элэг барина шүү гэсэнд цаадуул нь хөхрөлдөв. БаоЧайШянЮньд хандан:

-Чи ухаантай хүн байтлаа, ам чинь жаахан түргэдээд байна шүү. Одоо чи, энэ Чинь Эрийг миний төрсөн дүү гэдгийг мэдэж аваарай гэсэнд цаадах нь БаоЧинийг хараад: “Энэ хувцас чамд их сайхан зохиж байна. Өөр хүн өмсвөл энэ хувцсыг гутаах байлгүй” гэв.

Тэднийг ийн инээж хөхрөлдөж байтал Хуба орж ирээд: “Лаотайтайгийн үгийг дамжуулъя. Бао авхай Чинь охиныг битгий чангалан сургагтун. Наадах чинь жоохон юм. Жаахан дураараа байг. Юм авъя гэвэл аваг. Хориглох хэрэггүй” гээд инээв. БаоЧай, дүүгээ зөөлхөн нудраад:

-Чи хаанаас ийм хувь олж төрчихөв? Чи одоо эндээс явтугай. Бид чамайг зовоогуузай. Би юугаараа чамаасаа дутуу юм болдоо, сайн итгэхгүй л байна… гэтэл Бао Юй, Дай Юй хоёр орж ирээд яриаг нь таслав. Тэгтэл ШянЮнь: “Чиний энэ үг наргианых боловч үнэндээ ингэж санах хүн бий шүү” гээд инээв. Хуба инээж:

-Үнэхээр тачаадах нь, ганцхан тачаадах нь ганцхан тэр л байх гээд Бао Юйг заав. Цаадуул нь инээд алдаад,

-Тэр харин тийм биш шүү гэсэнд Хуба,

-Өө тийм үү. Тэгвэл энэ биш бол тэр мөөн гээд Дай Юйг заав. ШянЮнь дуугарсангүй, тэгтэл БаоЧай инээж:

-Бас бишээ, миний охин дүү, түүний дүү хоёр адил, харин тэр надаас илүү хайрлах байх. Яалаа гэж атаархааж. Линь охин чи, энүүний дэмий юм хэлж байгаад итгээгүй биз дээ. Үүний амнаас ямар л олигтой юм гарах вэ гэв.

Бао Юй, Дай Юйгийнцээж цухлыг сайн мэдэх боловч ойрноосБаоЧайтай зохицсоныг нь мэдэхгүй тул Жя Мү БаоЧинийг хайрлаж байгааг хараад тэрүүхэндээ зовонгуйрч байсан ч, сая ШянЮньий хэлснийг БаоЧай аядуулж байгаад Линь охин жишим ч үгүйд гайхав. Тэгээд “Энэ хоёр ийм байгаагүй юм. Тэгтэл яагаад ийм дотно болчихвоо” гэж бодож байсан чинь, Дай Юй, БаоЧинийг шууд л “Охин дүү” гэж дуудаж, тэр хоёр төрсөн эгч дүүс шиг харилцаж байлаа. Энэ Бао Чинь бол жаахан охин мөртөө төрөлхийн сэргэлэн, ном бичиг үзчихсэн, элэгсэг харилцаатай хүүхэд юм. Энүүхэн хэд хоногт л ЖяФүгийн олонх хүнийг таньдаг болчихсон байв. Бас эндэхийн олон эгч дүүс, баргаараа оо энгэсэгтэн бишээс гадна эгчтэй нь найрсаг дотно харилцаатай байсан тул дураар аашилсангүй. Түүний зэрэгцээ Линь Дай Юй гэгч бусдаас онцгой содон байсан тул түүнийг хүндлэх болжээ. Бао Юй энэ мэтийг ихэд гайхна.

БаоЧай, дүүгээ дагуулан гэртээ харьж, Шян Юань Жя Мүгийнд очихоор гарч Дай Юй өрөөндөө орж амсхийх болсон тул Бао Юй тийш нь зүглэв. Тэрбээр, би хэдий “Шяни” бичгийг үзээд, тогтоосон хэдэн мөрөө сонин болгон уншаад, чамайг уурлуулж байсан боловч одоо санавал, нэг мөр үгийн учрыг олоогүй байжээ. Чи түүнийг тайлж өг гэж гуйсанд, Дай Юй цаад учрыг нь мэдээд “Чи унш, би сонсоё” гэв. Бао Юй

-Тэр “Захидлын зургаан” хэмээх бүлэгт, нэг мөр үгийг онц сайхан хэлжээ. “Мэн Гуан, Лян Хунгийн тэвшийг хэзээ гардан авав”1 гэжээ. Энэ хэдэн үгийг хэдий үлгэрийн бэлэн үг гэвч хэзээ, хэн асуусан нь сонирхолтой. Хэзээ гардан авсан бэ, чи над хэлж өгөөч гэв. Дай Юй инээгээд:

-Тэр ч сайхан асууж, чи ч сайхан асууж байна гэсэнд Бао Юй, “Анхандаа чи намайг сэжиглэж байсан. Одоо ч хэлэх үггүй болсоон” гэв. Дай Юй,

-Тэр үнэхээр нэг сайн хүн байжээ. Би түүнийг анхандаа зусарч хуурмаг хүн гэж санаж байсан юмаа гээд, тэр үед архины дүрмийг буруу хэлснийг нь БаоЧай юу гэсэн, дараа нь “Цагаан үүр” өгч өвчтэй байхад нь эргэж ярьж хөөрч байсныг нь тодорхой хэлж өгсөний дараа Бао Юй сая л учрыг нь олоод, “Даанч тийм байхаа”. “Мэн ГуанЛян хунгийн тэвшийг хэзээ гардан авав” гэж гайхаж байсан юмаа” гэв.

Дай Юй, Бао Чиний тухай ярьж эхэлсэнээ, өөрөө эгч дүүгүйгээ бодоод нулимс унагасанд Бао Юй сандран

-Чи ингээд л өөрийгөө зовоогоод байх юм. Ноднингоос энэ жил илүү тураад байгаа шүү. Биеэ сайн арчил. Зүв зүгээр байж байгаад л биеэ зовоолгүй, уйлмаар бол хаа нэг л уйлж бай л даа гэсэнд Дай Юй,

-Миний сэтгэл зовж байвч харин нулимсыг ноднингоос бага гаргаж байгаа шүү гэв.

Ийн ярьж суутал, гэрийн нь бяцхан шивэгчин нөмрөгийг нь авчирч өгөөд Бао Юйд “Их найнай цас орсон тул үүнийг өмс. Маргааш хүн залж шүлэг зохиох учрыг зөвлөе гэж байна” гэв. Энэ үед Ли Ваний шивэгчин ирж Дай Юйг урив. Тэгээд тэр хоёр хамтдаа ДаоШянЦүньд очив. Дай Юй үүлэн хээгээр хөвөөлсөн ногоон хавчаартай улаан илгэн гутал жийж, улаан дурдан өнгөтэй, цагаан үнэгэн дотортой хүрэм хэдэрч тогосын өдний ногоон туяатай, хатан хүний бэл чимэгтэй, дөрвөн чандманьт мяндсан бүс бүсэлж цагаан малгай өмсчээ. Тэрбээр Бао юйн хамт цас чихарчихар хийлгэн алхалсаар хүрч ирвэл эгч, дүү охид ижилхэн, улаан хар минжин нөмрөг, ноорс торгон нөмрөг нөмөрсөн харагдана. Ли Шэнь одончуу дээл, БаоЧайлянху цэнхэр өнгөтэй шоо хээтэй хоргой нөмрөг нөмөрчээ. Харин Шин Шюнь хуучин хувцастайгаа байв. Энэ үед ШянЮнь хүрч ирэв. Тэрбээр Жя Мүгийн өгсөн булган гадартай, хар хэрмэн дотортой хүрэм өмсөж, үүлэн угалз хээтэй, хоргой туузан хөвөөтэй малгай хулгавчилжээ. Дай Юй түүнийг эхэлж хараад: “Харцгаа, бичин багш ирлээ. Тэр цасны хувцсаар зориуд, бяцхан шүвтэрт монгол мэт гоёжээ” гэсэнд цаадах нь инээн: “Та нар миний дотуур өмссөнийг үз л дээ” гээд хүрмээ тайлж харуулбал, гурван эмжээртэй, цэнхэр заамтай, алтан утас даруулж таван өнгийн луу хатгасан цайвар шар магнаг гадартай, бариу сугатай, нарийн ханцуйтай, далд энгэртэй хуучивтар хэрмэн богино цамц өмсөөд, улбар ягаан торгон гадартай, үнэгэн хөөмий дотортой оготор ууж давхарлаж, зангидмал эрвээхэйтэй, урт цацагтай, таван өнгийн сүлжмэл бүс чанга ороож, буган гутал өмсчээ. Ийм хувцастай түүний байдлыг харвал, бие нь өндөр, бэлхүүс нь нарийн болохоор эрэгчин гургуул мэт жавхаатай харагдана. Цаадуул нь инээлдэн: “Энэ л ингэж хөвгүүн мэт хувцаслах дуртай. Охины янзаар хувцасласнаасаа илүү хээнцэр болжээ” гэлцэнэ. ШянЮнь инээж:

-За шүлэг зохиох тухайгаа хурдан ярилцаач. Хэн эрхлэх юм бэ гэсэнд Ли Шэнь:

-Миний санаа бол өчигдөр гэж болзсон маань өнгөрчихлөө. Дараачийн болзоот өдөр хол байна. Тэгэхээр цас орсныг тохиолдуулж, шүлэг зохиоцгоовол ямар вэ гэж бодсон юм. Та нар юү гэж бодож байна вэ гэсэнд БаоЧай:

-Таны үг бол зүйтэй. Харин өнөөдөр оройтсон юм бишүү. Маргааш тэнгэр арилчихаар дэмий юү гэж асуув. Цаадуул нь ам амандаа л “Энэ цас арилахгүй. Ариллаа ч гэсэн нэг шөнө орсон цасыг сонирхож болно шүү дээ” гэцгээнэ. Ли Шэнь,

 -Манай энд сайхан боловч улалжин танхимд хүрэхгүй. Би хүн явуулж тэндхийн ханзыг дулаал гэж хүн явуулсан. Бүгдээр тэнд очиж, зуух тойрч суугаад шүлэг бичвэл ямар вэ. Магадгүй Лао тайтайбаярлахгүй байж мэднэ. Манай энэ жаахан наадмын тухай Фэн охинд л дуулгавал болчихно. Та нар хүн бүр нэг лан мөнгө гарвал хүрнээ. Энд авчраад өгчихөөрэй гээд Шян Лин, Бао Чинь, Ли Вэнь, Ли Чи, ШюЯнь нар, хоёдугаар охин дүү өвчтэй байгаа учир эднийг мөнгөнд оруулахгүй. Бас дөрөвдүгээр охин дүү чөлөө гуйсан, тэр орохгүй. Энэ дөрвийн хувь дээр би тав зургаан лан мөнгө гаргачихъя. Тэгээд элбэг хүрнэ гэв. БаоЧайгаас эхлээд цөм зөвшөөрөв. Бас сэдэв гаргаж, холболт тохиох тухай яриа гарсанд Ли Шэнь:

-Би нэг юм бодсоон. Маргааш зохиох цагтаа ярилцъя гэсэнд цаадуул нь хүлээв. Тэгээд Жя Мүгийн тэнд очихоор явцгаав.

Маргааш нь болсонд Бао Юй нойрмог царайтай босож ирэв. Шөнөжин шүлэг бодоод нойр нь хүрсэнгүй. Тэнгэр гэгээрмэгц өндийж хөшгөө татаад харвал цонхонд гэрэл тусаж, нүд гялбуулав. Тэнгэр цэлмэж, нар гийсэн өдөр болох нь гэж бодоод, гадагш харвал шөнө орсон цас зузаарч, хөвөн зулсан мэт бүүдгэр үүлтэй байв. Бао Юй баярлан босож, угааж самнаж дуусаад бор одончуу гадартай үнэгэн зувцаа өмсөж, дөрвөлжин мөртэй далайн халиун хүрэмхэдрээд бүс бүсэлж, шилмүүсэн нөмрөг нөмрөөд, шар тансан малгай өмсөж, ша тан модон шаахай жийгээд улалжин танхимын зүг яаран явав. Түүнийг хүрээний үүдээр гарч ирэхэд, хөх нарс, ногоон хулс үзэгдэн биеэрээ шилэн тэвшинд орчихсон юм шиг санагдана. Явсаар уулын бэлд хүрээд хормойгоор нь ороон гартал гэнэт сэрүүн сайхан үнэр анхилна. Анхааран харвал ЛунЦүй ань сүмийн тэндэх улаан тэргүүлэгч цэцэг, энгэсэг түрхсэн мэт улайж, цасны гэрэлтэй өнгө хоршин, цог жавхлантай сайхан харагдана. Бао Юй зогсоод тэр бүхнийг бахархан харж байтал ФэнЯо банзан гүүр дээгүүр шүхэр барьсан хүн гарч ирсэн нь, ФөнЖэг залуулахаар Ли Ваний явуулсан хүн ажээ. Бао Юй түүнтэй зөрж улалжин танхимд очвол охид, эмгэд цас шүүрдэн зам гаргаж байв.

Энэ улалжин танхим бол усны хөвөөнд уул түшиж барьсан өвсөн дээвэртэй, шавар хэрэмтэй, хөндлөн чигтэй хулсан цонхтой хэдэн тасалгаа бүхий байшин бөгөөд цонхыг нь онгойлгоод л загас гөхдөж болох ажээ. Эргэн тойрон зэгс хулс бүрхсэн, түүнийг туулахад нарийнхан цуваагаар явна. Олон охид, Бао Юйн өвсөн нөмрөг хэдэрч бүрх малгай өмссөнийг хараад инээлдэн, “Нэг загасчин л дутаад байна гэж бид сая ярьж байсан юм. Ашгүй загасчинтай боллоо. Авхай нар хоолоо идээд ирнэ. Чи арай ч яарчихаж” гэцгээв. Бао Юй буцаад Чинь Бан Тинд очтол Тань Чүнь, улаан хар минжин нөмрөг нөмөрч, аръяабалын титэм өмсөөд2 нэг бяцхан шивэгчингээр сугадуулан, бас нэг бүсгүйгээр хар пансан юүдэн шүхэр дээрээ бариулсаар ирж яваа харагдав. Түүнийг хараад Бао Юй Жя Мүгийн тэндээс ирж байгааг мэдээд хүлээв. Энэ үед Бао Чинь, дотор өрөөнд угаан самнаж, хувцсаа сольж байв. Төдөлгүй эгч дүүс хүрч ирсэнд Бао Юй: “Би өлсөж байна” гэж үглэв. Удаан хүлээлгэлгүй хоолны түрүүч ирсэн нь үнээний сүүнд жигнэсэн хонины хээлний сав байв. Түүнийг хараад Жя Мү: “Энэ бол нас агширсан хүний эм шүү дээ. Нарны бараа үзээгүй тул та нар шиг бага хүүхэд идэж болохгүй. Өнөөдөр бас бугын шинэ мах байна. Та нар хүлээж байгаад идээрэй” гэсэнд цөм үг дуугүй хүлээв. Бао Юй л тэсэхгүй цайнд будаа дэвтээн, гургуулын савраар хутган ховх сорж байв. Жя Мү: “Өнөөдөр та нар чинь, будаа ч идэх завгүй сандарч байж шив дээ. Тэгвэл тэр бугын махыг нь орой идүүл” гэсэнд ФөнЖе“Хоол байгаа, байгаа” гэв. ШянЮнь: “Бугын махыг хүрээлэнд аваачуулж идвэл яасан бэ” гэж Бао Юйгээс асуув. Тэрбээр дуртай зөвшөөрч “ФөнЖэгээс мах аваад хүрээлэнд хүргэж өг” гэж нэг эмгэнд хэлэв. Ингээд улалжин танхимд очицгоов. Тэгээд тэд Ли Ваний сэдэв гаргаж, холболт болзохыг хүлээж байв. Энэ хэр ШянЮнь, Бао Юй хоёр харагдахгүй байсанд Дай Юй: “Тэр хоёр хамт байж болохгүй улс. Хэрэв цуг байвал их уршиг тарина. Өдийд тэд бугын махаар л оролдож байгаа биз” гэсэнд Ли Шэнь Нян наргиан үзэхээр ирэх таараад Ли Ванигаас “Өнөөх хаш зүүсэн аги, алтан хилэн гөрөөс зүүсэн авхай хоёр ариун гоолиг мөртөө, бас идэх нь дутаагүй байхад яагаад түүхий мах идэх тухай ярилцаж байна вэ. Махыг түүхий идэж болдог юм уу” гэж асуув. Бүгд хөхрөлдөж: “Яаж болох вэ” гэцгээв. Тэгтэл нэг нь, тэр хоёрыг түргэн авчир гэж шаардав. Дай Юй: “Энэ чинь Юнь охины л хийж байгаа хэрэг. Миний төлөг андахгүй шүү” гэв. Ли Шэнь яаран гарч мөнөөх хоёр дээр очоод “Та хоёр түүхий мах идье гэж байгаа бол Лаотайтайгийн тэнд аваачаад ид. Харин түүхий махнаас өвчин олбол бидэнд хамаагүй шүү. Энэ цасанд даарна, шалавхан дотогш орж шүлэг бичихэд оролц” гэсэнд Бао Юй инээж:

-Юун түүхий мах вэ. Идвэл шарж иднэ шүү дээ гэв. Ли Шэнь: “За тийм болноо” гээд цааш явтал эмгэд төмөр тавиур, хавчаар, шарах тор мэтийг аваад ирэв. Ли Шэнь явахдаа:

-Анхааралтай байгаарай. Гараа огтлоод бүү уйлаарай гэсээр дотогш оров.

ФөнЖе, Пин Эрийг явуулж “Жилийн мөнгө тавих гэж байх тул ирж чадахгүй” гэж хэлүүлжээ. ШянЮнь, Пин Эрийг хараад юү гэж явуулах вэ. Цаадах нь ч тоглоом наадамд дуртай. Анхнаасаа л ФөнЖег дагаад хийгээгүй ажилгүй тул ийм хөгжөөнтэй юм хараад зүгээр яаж байхав. Бугуйвчаа мулталж аваад гурвуул гал тойрон сууж, гурван хэсэг мах шарж эхлэв. Тэнд байгаа Дай Юй, БаоЧай нар эдний аль аашлахыг үзээгүй биш, дассан юм болохоор тэдний мах шарахыг тоосон ч үгүй. Харин Бао Чинь, Ли Шэньнян нар бол гайхаж байв. Энэ зуур Ли Шэнь Тань Чүнь хоёр сэдэв, холболтоо тохирч суув. Тань Чүнь шинжээд “шарсан махны үнэр сайхан байна. Би очиж иднэ” гээд тийш явав. Ли Шэнь ч хойноос нь очив.

-Зочид нэгэнт бүрдлээ. Та нар идэж дуусаагүй л байна уу гэсэнд ШянЮнь мах идэн инээж:

-Би үүнийг идвэл сая архинд дуртай болно. Архи уувал шүлэг бичнэ. Энэ бугын мах дууссан учир өнөөдөр яаж шүлэг бичих вэ гэв. Бао Чинь энэ бүхнийг гайхан харж зогсоно. ШянЮнь инээж:

-Хөөе, тэнэг минь чи ийм сайхан юмыг амталж идэж үзээч гэсэнд цаадах нь: “Даанч бузар юм” гээд толгой сэгсэрнэ. БаоЧай “Чи амсаж үзээч, их амттай шүү” гэж дүүдээ хэлэв. Тэгээд Дай Юйд “Чиний бие шингээж чадахгүй байж магадгүй. Тийм биш бол чи идмээр байгаа биз” гэв. Энэ зуур Бао Чинь, эгчийнхээ үгэнд ороод шарсан махнаас амсаж үзвэл, ахиад идмээр санагдсан янзтай харагдана. ФөнЖэ, бяцхан шивэгчин явуулж, Пин Эрийг дуудуулсанд цаадах нь: “Намайг Ши авхай явуулахгүй байна” гэж хэлүүлэв. ТөдөлгүйФөнЖенөмрөг нөмөрчихсөн хүрч ирээд: “Та нар ийм сайхан юм идэж байгаагаа над хэлэхгүй байгаа юм даа” гэж тунирхсанаа махнаас идэлцэв. Дай Юй инээж

-Энэ бүлэг гуйранчдыг хаанаас олж ирэв ээ. Больцгоо, өнөөдөр улалжин танхим дээрэмд тонуулжээ. Зүв зүгээр байтал Юнь охин үгүй хийжээ. Би ЛуШюэтингийн төлөө баахан уйлсугай гэсэнд, ШянЮнь: “Хай чи юү мэднээ. “Үнэн сайхан угаас хээнцэр” гэдэг юм. Та нар цөмөөрөө хуурамчаар сайхан аашилдаг. Зэвүү хүрмээр юм. Бид одоо хиншүү хярвастай идээг ихээр зажлавч эргэж хөрөвбөл, уран сайхнаар уянгалж чадна” гэв. БаоЧай инээн:

-Эргэж ирээд сайхан зохиож чадахгүй бол даруй тэр махыг уудлан гаргаад арыг нь цасанд дарагдсан зэгсээр бөглөж энэ гарзыг нөхсүгэй гэв.

Ийн ярилцах зуур махаа идэж бараад гараа угаацгаав. Пин Эр бугуйвчаа зүүх гэсэнд нэг нь алга байв. Эргэн тойрон эрцгээвч олдсонгүй. Цөм гайхав. ФөнЖе инээж: “Тэр бугуйвч хаана байгааг би мэдэж байна. Та нар явж шүлгээ зохиоцгоо. Түүнийг эрэх хэрэггүй. Урагшаа очвол гурван өдрийн дотор лав олдоно” гээд, та нар өнөөдөр ямар шүлэг зохиох гэж байгаа юм бэ. Лао тайтайжил ойртсон тул цагаан сараар баахан оньсого зохиож, бүгдээрээ наргия гэж хүлүүлжээ гэж хэлэв. Тэд цөмөөр “Нээрэн тийм шүү. Үүнийг мартжээ. Одоо харин сайхан оньсого зохиож цагаан сарааг наадах нь зүйтэй” гэцгээв. Тэгээд тэд дотогш орвол, хундага, тэвш жимс, зууш дэлгэж, туурганд сэдэв, холболт, хэлбэр зэргийг наажээ. Дай Юй, ШянЮнь хоёр л хамгийн түрүүнд хараад очиж үзвэл, “Үзэмжид нийлүүлсэн ээлжит уянга” гэсэн гарчиг тавьжээ. Таван үгийн хэмжээт шүлэг нэгэн анги, ха толгойгоор тохион холбоно гэжээ. Ар талд хэн нэг нь, дэс дарааг тогтсонгүй гэх сонсогдоно. Ли Шэнь

-Би шүлэг зохиож чаддаггүй. Харин та нар ганц гурван мөрөөр эхлэлт болгосугай. Дараа нь хэн бодож олсон нь урьдаар холботугай гэсэнд БаоЧай, “Уг нь дэс дарааг тогтоовол сайн л юмсан” гэв.

Ямар болохыг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй!

 Тайлбар:

1.Лян Хунгийн тэвшийг хэзээ гардан авав-Хань улсын үеийн Мин Гуан идээ тавагласан хоолны бяцхан тэвшийг эр нөхөр ЛиянХүэндээ, дээр өргөн барьж, нөхөр гэргий биенээ харилцан хүндэтгэсний жишээ болно. “Ши Шиян Жи” бичигт, Ин Ин, Зан Шэн хоёрын ургийн учрыг ХүэнНиян халуунаар дэмжсэнд, Ин Ин, ХүэнНиянд хуурмагаар “Зан Шэнд очихгүй” гэж хэлээд далдуур Зан Шэнтэй уулзан тогтсоны дараа ХүэнНиян олж мэдээд их цочсон тул ийм хошин дууллын үг гарч иржээ. Бао Юй уг нь БаоЧай, Дай Юй хоёрыг эвтэй болгох гэж оролдож байтал, цаадуул нь эвлэрээд, өөрөө харин ХүэнНиян мэт болсон тул тэр дууллын үгийг ашиглаж ийнхүү асуусан ажээ. Дараа ийн өгүүлбэр дэх” Хүүхдийн ам сул” гэдэг нь мөнөөх бичгийн доторх үг болох бөгөөд Бао Юйг архины дүрмийг буруу хэлэв гэж шоглосон ажээ.

2.Аръяабалын титэм-Салхинд өмсдөг малгай. Аръяабалбурханы титэмтэй адил хэлбэртэй учир ийн нэрлэсэн ажээ.