ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХОНГОР ҮРС МИНЬ УУЧЛААРАЙ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-28

Энэ үгийг мянга, түмэн удаа давтаж хэлэхийг хүсч байна. Гэрийнхээ гадаа тоглох тоглоомгүйгээс, гадуур хөл хорио тавьчихсан учраас, аав ээж нь ажилдаа яваад хараа хяналтгүй байсан 10-13 насны дөрвөн бяцхан амь өчигдөр энэ хорвоог үүрд орхилоо. Тоглох талбай хайж явсаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очсон ч тэндээ үүрд үлдэх юм гэж хэн мэдлээ. Хэдхэн өдрийн өмнө албан тушаалтан очиж хянаж шалгаад, хариуцлага ярьж байхад “Ханталст” ХХК-ийнхан зөрчлөө арилгачихсан бол тэр дөрвөн амь элэг бүтэн, гурван гэр бүл энэлэн шаналан үзэхгүй байсан юм. Хүүхэддээ ээлгүй Монгол Улсад тоглох гэж гарсан бяцхан үрс амиа алдаж, харах хүнгүй гэртээ үлдээд амиа алдсан хэрэг ар араасаа гарсаар. Бид ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр нэг хэсэг шуугиад л өнгөрдөг ч бахь байдгаараа л хариуцлага, хяналтгүй айдастай хотод амьдарсаар байна.

Одоогоос хоёр жилийн өмнө 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан бяцхан хүү хөндлөвч төмөрт цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Аавдаа зайрмаг, ундаа захичихаад үеийн найзуудтайгаа тоглож байсан бяцхан хүүгийн аав өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдөр бүхэн үрийнхээ араас шаналж, сургууль орох болгонд хүүхдүүдэд чихэр тарааж зогсоо зургийг нь хараад өр зүрх хэчнээн өмөрсөн гэж санана аа. “Архины хамааралтай аавтай юм шиг байна лээ” хэмээн хэнэггүй ярьж зогссон сургуулийн захирал хөндлөвч төмрөө гагнуулчихсан бол хүү өдийд хөлбөмбөгчин болох мөрөөдлөө биелүүлэх гээд явж байх байлаа. Харин сургуулийн захирал зөвхөн ажлаа өгөөд л ялгүй хоцорсон.

Ээж, аавынхаа эрх ганц үр болсон бяцхан хүү мөн л хоёр жилийн өмнө тоглохоор гараад эмийн сангийн тогтой хаалганд хүрч амиа алдсан. Энэ хэрэг хоёр жил гаруйн хугацаанд сунжирч, шүүх хурал нь олон удаа хойшлогдсоны эцэст тавдугаар сарын 12-нд Давж заалдах шатны шүүх хурлын эцсийн шийдвэр гарч, Эмийн санчид 15 сарын хорих ял, тухайн барилгын эзэнд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноож, 50 сая төгрөгийг оршуулгын зардалд гаргуулахаар шийдвэрлэв. Тэнгэрт одсон нялх үрийнхээ төлөө бүтэн хоёр жил харууссан эцэг эхийн амыг ердөө 50 сая төгрөгөөр “таглаад” л өнгөрч байгаа хэрэг биш гэж үү. Шүүх нь шат шатандаа ялзарсны тод жишээ энэ биз. Дахиад өөр нэг жишээ. Сургууль амарчихсан байхад цэцэрлэгийн ой тэмдэглэнэ гэж дуудсаар ээжийг нь ажил руу нь дуудсаны дараа гурван бяцхан охин мөн халуун усанд түлэгдэж, тогонд цохиулж амиа алдсан хэрэг хэдхэн сарын өмнө гарсан.

Дахиад л нийгэм тэр чигээрээ хэдэн өдөр шуугисан ч маргаашийн сэдэвт дарагдаад өнгөрсөн. Салбар хариуцсан сайд нь хүйтэн гэхэд хэтэрхий хүйтэн мэдэгдэл гаргаад асуудал намжиж байв. Өдөр бүхэн, сар болгон ийм нэг үзэгдэл, тийм нэг улстөржилт. Эцэс төгсгөлгүй хэн нэгнийг зүхэж байгаад л маргааш нь таг мартана. Дээд шатандаа хэдэн дарга нараа загнахаас доод шатандаа энэ бүхнийг хариуцаж байх ёстой ажилтан нь орц руу орж зураг дарчихаад гардаг л сэтгэлтэй ажиллаж буй. Мэдээж энэ бүхэнд буруутан бий. Бүр хэдэн зуугаараа ч гарч ирнэ. Зөвшөөрөл өгсөн Э.Бат-Үүл, зөрчлөө арилгаагүй Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга гэх И.Нарантуяа, зөрчлийг нь арилгуулах талаар үүрэг өгсөн атлаа яаравчлаагүй Хотын даргыг ч буруутгаж болно. Гэхдээ энэ хүмүүс ажлаа өгч, эсвэл нийтээрээ зүхэж шэйрлэлээ гээд ямар үр дүн гарах вэ. Үнэхээр л улс төрийн өнцгөөс асуудлыг харах гэж байгаа бол үр дүн гарах хүртэл нь давалгайлж яагаад болдоггүй юм бэ. Хүүхдийн асуудал надад хамаагүй гэдэг хөндлөнгийн өнцгөөр, эсвэл том улс төрд бодлого ярих ёстой, хүүхдийн тоглоомын талбай ярих утгагүй гэсэн хийрхэл чинь ийм байдалд хүргэж байгаа юм. Дөрөвхөн хоногийн дараа  хүүхдийн эрхийн өдөр болно. Хүн бүхэн энэ өдөр, магадгүй улстөрч бүхэн энэ өдөр гоё хувцастай, гоё зурагтай хүүхдүүдээрээ нүүр номоо гоёх биз. Дөрвөн хүүхэд амиа алдаагүй юм шиг хөөр баяраар нүүр ном нь дүүрнэ. Бэлэг авсан, өгснөө бичилцээд л бид маргааш мартана.

Харин дахиад л хэдэн өдрийн дараа, магадгүй маргааш дахин нэг бяцхан зүрх зогсоход халаглаж, гасална. Уг нь Монгол Улсын хөгжүүлнэ гэж төрд өрсөлдөж буй энэ олон зуун хүмүүс төрийн том бодлого, гадны  сургуулийн “гоё” тогтолцоо, алс хэтийн мөрөөдөл, төрийн шударга ёсны тухай биш нийслэлийн есөн дүүрэгт ядахдаа нэг ч гэсэн тоглоомын талбай, нийтээрээ амарч зугаалах тохилог орчин бүхий цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн амрах орчныг байгуулна, хараа хяналттай байлгана гэсэн энгийн мөрийн хөтөлбөр бариад ордог бол хэчнээн сайхан бэ. Өрсөлдөгчөө унагах улс төрийн зэвсэг бус өр зүрхнээсээ шаналж, энэ асуудлыг ярьдаг бол хэчнээн сайхан бэ.

Гэвч хэзээ ч тийм зүйл болохгүй. МАН, АН хоёр нь хоёулаа буруутнаа хоорондоо шидэлцэж, Э.Бат-Үүл, С.Амарсайхан хоёрыг зүхэж занаад л дуусах биз. Харин буруутай компани нь хэдэн жил дамнуулан шүүхдэж байгаад 5, 10 сая төгрөг төлөөд л хэргээс мултарна. Энэ бол бодит жишээ, бидний нийгмийн үнэн төрх. Тиймдээ ч хотоо хот шиг байлгаж чадаагүй үе үеийн хотын дарга, удирдлагуудын өмнөөс хонгор үрс та бүхнээс уучлалт гуйж байгаа юм. Жалга довны улс төр болгож, замхруулдаг улстөрч бүхний өмнөөс уучлалт гуйя. Хүүхэддээ ээлтэй төр бий болгож чадаагүй Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын өмнөөс уучлалт гуйя. Бяцхан үрсээ алдсан аав, ээж та бүхнээс ч бас уучлалт гуйя. Уучлаарай, бас дахин уучлаарай. Ийм төртэй, ийм улстөрчидтэй, ийм хариуцлагагүй нийгэмтэй, ийм арчаагүй улсад мэндэлсэн хүүхэд бүхнээс уучлалт гуйя. Хонгор үрс минь уучлаарай.