ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зэсийн үнэ 5400, төмрийн хүдэр 91 ам.доллар болж нэмэгджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-02

ЭКСПОРТЫН ГОЛ ТҮҮХИЙ ЭДИЙН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ

КОВИД-19 цар тахлын тархалтыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнүүд газрын тосны эрэлт огцом буурахад нөлөөлсөн. Газрын тосны үйлдвэрлэлийн гарцаа танах ОПЕК-ийн Өргөтгөсөн бүлгийн хэлцэл болон зарим улсад хориг арга хэмжээг аажмаар сулруулж, газрын тосны эрэлт буцаж нэмэгдсэнээр сүүлийн 3 долоо хоногт газрын тосны үнэ сэргэж 36 ам.долларт хүрээд байна.

Хятад улсад шинэ коронавирусийн тархалт буурч, эдийн засаг нь идэвхжиж, үйлдвэрүүд нь үйл ажиллагаагаа сэргээсэнтэй холбоотойгоор зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаанд 17 хувиар өсөж 5400 ам.долларт хүрлээ. Харин Бразил улсад халдвар эрчимтэй тархсантай зэрэгцэн төмрийн хүдрийн нийлүүлэлт тасалдсанаар төмрийн хүдрийн үнэ огцом өсөж 91 ам.долларт хүрчээ. Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал, эрсдэл өндөр байгаа тул алт 1700-1750 ам.долларын түвшинд хэвээр хадгалагдаж байна.

ЗЭС

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг болох зэсийн үнэ КОВИД-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор огцом унасан. Гуравдугаар сарын 23-ны байдлаар 4609 ам.долларт хүрч буурсан нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшин юм. Харин дэлхийн зэсийн эрэлтийн тал хувийг дангаар бүрдүүлдэг БНХАУ-ын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж, тус улсын зэсийн импорт огцом өсөн, сүүлийн хоёр сард үнэ аажмаар сэргэн, 5400 орчим ам долларт хүрээд байна.

АЛТ

Дэлхийн эдийн засагт аливаа хямрал, тодорхой бус байдал үүсэхтэй зэрэгцэн алтны ханш огцом өсдөг. Үүнтэй холбоотойгоор 2020 оны эхний улиралд 6.9 хувиар өссөн нь 6 улирал дараалан алтны үнэ өссөн үзүүлэлт юм. Гуравдугаар сарын эхэн үеэс Хятад улсад тархалт буурч, ихэнх улсуудын Засгийн газар, Төв банкууд КОВИД-19-ийн сөрөг үр нөлөөг бууруулах, эдийн засгаа дэмжих арга хэмжээг шийдэмгий авч эхэлснээр алтны ханш 1500 орчим ам.долларт хүрч огцом буурсан. Гэвч дөрөвдүгээр сараас эхлэн АНУ болон зарим улсад вирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж, дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэхтэй зэрэгцэн алтны ханш буцаж сэргэн 1700-1750 ам.долларт хэлбэлзэж байна.

Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар буюу 420 гаруй ам.доллараар өндөр юм.

ГАЗРЫН ТОС

2020 оны эхэнд АНУ, Ираны зөрчлийн улмаас брент төрлийн газрын тосны ханш 70 орчим ам.долларт хүрсэн. Ковид-19 цар тахал дэлхийн олон оронд эрчимтэй тархаж, улс орнууд хилийн хориг, хариу арга хэмжээ авснаар дэлхийн аялал жуулчлал, тээврийн салбарын үйл ажиллагаа хумигдаж, үүнийг дагаад түлш, шатахууны эрэлт буурч байна. Нөгөө талд, томоохон газрын тос нийлүүлэгч ОХУ, Саудын Араб зэрэг улсууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасны улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны илүүдэл үүсэж, гуравдугаар сард газрын тосны үнэ тасралтгүй буурсан. 

Тавдугаар сарын 1-нээс эхлэн ОПЕК-ийн Өргөтгөсөн бүлгийн газрын тосны гарц танах хэлэлцээ хэрэгжсэн. Мөн зарим улс хориг арга хэмжээгээ аажмаар сулруулсан нь газрын тосны эрэлт буцаж сэргэж эхэлсэнтэй зэрэгцэн газрын тосны үнэ өсөж 36 ам.долларт хүрлээ. Энэ нь нэг сарын өмнөх хамгийн доод түвшин 20 ам.доллартай харьцуулахад 80 хувиар өссөн үзүүлэлт юм.

ТӨМРИЙН ХҮДЭР
2019 оны арваннэгдүгээр сараас төмрийн хүдрийн ханш тасралтгүй өссөөр 2020 оны эхний сард 95 ам.долларт хүрсэн. Дэлхийн нийтэд төмрийн хүдрийн импортын 70 хувийг бүрдүүлдэг Хятад улсад КОВИД-19-ийн улмаас Цагаан сарын амралт урт хугацаанд үргэлжилж, аж үйлдвэрүүд зогсонги байдалд орсон нь төмрийн хүдрийн эрэлт буурахад нөлөөлсөн.

Хоёрдугаар сарын эхэнд үнэ 15.3 хувиар огцом унаж, 78.3 ам.долларт хүрчээ. Дөрөвдүгээр сард үнэ харьцангуй тогтвортой буюу 80- 84 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан бол Бразилд шинэ коронавирусийн халдвар хурдтай тархаж, нийлүүлэлтийн тодорхойгүй байдал үүсэхтэй зэрэгцэн өнгөрсөн хоёр долоо хоногт төмрийн хүдрийн ханш 11 хувиар чангарч, 91.1 ам.долларт хүрлээ.

Тодруулбал, Бразил 2019 онд долоо хоногт дунджаар 6.5 сая тонн төмрийн хүдэр экспортолдог байсан бол тавдугаар сарын турш 4.5 сая тонноос ихгүй төмрийн хүдэр нэг долоо хоногт экспортолсон байна.