ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Лам бол төр

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-07-03

-Фельетон-

 

“Бөх бол төр юм” гэдэг алдарт афоризмыг УИХ-ын бөх А.Сүхбат зарласантай холбогдуулан түүнээс эсрэг байр суурьтай байгаагаа үүгээр илэрхийлье. Учир нь лам бол төр юм. Үүнийг батлах бодит үйл явдал саяхан болоод өнгөрсөн бөгөөд Их наран хутагт М.Базарсад бээр “Лам бол төр юм” гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулж явна. Тэрбээр өөрийнхөө цахим хуудсанд бичсэнээр “Монгол улсын цэргийн ерөнхий газрын гэгээнтэн Их Наран хутагт Баянхонгор,Говь-Алтай,Ховд, Завхан, Архангай аймгуудаар явж Монгол улсын зэвсэгт хучний салбар цагдаа цэргийн байгуулагуудаар прад тахилга хийж, соен гэгээруулэх хурээнд тусгай лекц номлол айлдлаа.

Очисон газар болгонд намираа бороо орж, хэмжээлшгуй азтай байлаа.Бух хуний хуслийг биелүүлэх сайхан тохиолдол бурдуулж өгсөн бурхан тэнгэртээ баярлалаа” хэмээн зураг хөргөө тавин нийтэлсэн билээ. Эндээс манай эгэлгүй хутагт төрийн хийх бүхий л ажил хийснийг та бүхэн анзаарч буй биз ээ. Эрхэм уншигчдад нэмээд хэлэхэд мөхөс бичээч миний бие ламынхаа биш ээ шинээр байгуулагдсан “төр”-ийнхөө өөрийнх нь бичсэнээр үг үсэг, цэг таслал алдалгүй ёсчлон буулгасан тул болгоож хайрлаарай. Тэртээ тэргүй “төр” бол манай хүн өөрөө юм чинь монгол хэлний шинэ дүрэм зохиосон байж мэднэ. Тиймээс “төр”-ийнхөө цахим хуудсанд оруулсан эл дүрмийн дагуу цаашдаа бичиж байхаар болсноо хэлэхэд таатай байна. Мөн манай “төр” баруун аймгуудын цэргийн хүрээгээ эргэснийг та бүхэн анзаарч буй байлгүй. Нэгэнт л “төр” очиж буй хойно төрийн тусгай албад хүндэтгэн угтаж авах нь ч дамжиггүй хэрэг.

За тэгээд цэрэг, цагдаагийнхан маань санчигныхаа баруун талаас гараараа тулах маягаар ёсолдог цэрэг ёсолгоогоо шинэ “төр”-дөө зориулж өөрчилсөн байна. Яаж гэж үү, цээжнийхээ урьд хоёр гараа хавсран залбирах маягийн ёсолгоотой болсон гэнэ. Цаашид ч хуучин ёсолгоогоо халж, залбирах шинэ ёсолгоогоо дагнаж, хийнэ гэдгээ батлан тангарагласан байна. Ер нь тэгээд яаж ч бодсон нэг гараараа ёсолсноос хоёр гараараа ёсолсон нь илүү гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Ямар нэгэн үймээн самуун гараад, дайны байдалд орж, дайсны цэрэг халдаад ирсэн тохиолдолд манайхан шинэ ёсолгоогоо хийхэд л дайснууд шууд өршөөх магадлалтайг ч тооцоолсон байж ч мэднэ.

Манай баруун аймгийн цэргийн хүрээнийхэн шинэ “төр”-өө очиход хамаг л өнгөтэй өөдтэй цэргийнхээ Дүүриймаануудаар хадаг бариулан угтуулж, ихэд хүндэтгэлтэйгээр хүлээж авч байсныг зурагнаас бэлээхэн харж болно. Мөн наран цацраг адил тойрч жагсаад төрийн дууллаа дуулж, өгсөн бичлэг ч байна. Төрийн минь сүлд өршөө гэж... Анн тийм, бас манай шинэ “төр”-ийг орон нутгаар явахад хоёр хамгаалагч цэрэг байнга бараа болж явсан агаад ард иргэдээс хамгаалж явсан болов уу хэмээн таамаглав. Энд цухас өөр зүйл дурдахад манай хотын захиргаанаас эхлээд, УИХ-ын гишүүд энэ жилээс “үүлэн борооны ажил” хийж, бороо ус оруулдаг ажилтай болсон билээ. Баруун аймгуудаар айлчилсан “төр” маань ч гэсэн очсон газар орондоо намираа бороо оруулж явснаа дээр дурдсан байсныг та бүхэн анзаарсан болов уу. Яалт ч үгүй л “төр”-ийн хийх ажил. Ийнхүү манай баруун аймгуудаар “төр” маань амжилттай айлчилж явснаар ган гачиг тайлагдаж, байгаа нь юутай завшаантай хэрэг вэ.

Одоо тэгээд нэгэнт “төр” маань айлчилсан хойно баруун аймгийн хэмжээнд дахин ган гачиг гарахгүй гэдгийг манай Онцгойгийнхон баталж байна. Мөн “төр” маань ирсний хүчинд хулгай зэлгий, дээрэм тонуул тэргүүтэн гэмт хэрэг гарахгүй болсныг баруун аймгийн цагдаагийнхан ч баталж байна. Бас элдэв үймээн самуун гадны гай тотгор орж ирэхгүй, эх орноо хамгаалах шаардлагагүй болсныг цэргийнхэн өгүүлж байна. “Төр” очсоноор хилийн зөрчил үүрд мөнх гарахгүй болсныг хилийн цэргийнхэн давхар баталж байна. Төр айлчлах ийм сайхан. Одоо тэгээд нэгэнт төр маань айлчлаад хамаг зүйлээ бурхан тэнгэртээ даатгачихсан хойно цэрэг, цагдаа, онцгойгийнхон байх шаардлагагүй болж байгаа хэрэг.

Харин энд нэг яаралтай шийдвэрлэх асуудал гарсан нь цэрэг, цагдаад ашиглаж байсан барилга байшингуудыг яаралтай сүм хийд болгох хэрэг гарч байна. Мөн цэрэг, цагдаагийн албан хаагчдыг ч лам болгож хутагтын шавь, биш ээ “төрийн түшээ” болгох асуудал урган гарч байгаа юм. Тэртээ тэргүй саяхан болсон “төр”-ийн айлчлалын үеэр цэрэг, цагдаагийнхан маань “төр”-ийнхөө төлөө хичнээн сайн зүтгэж чадахаа харуулсан билээ. Бүгд л ам амандаа маань уншиж, шинэ ёсолгоо болох алга хавсрах залбирлаа хичнээн сайхан хийдгээ хэдийнэ харуулсан тул эл шарыг асаахад бэлэн л гэсэн үг. Одоо ганцхан дүрэмт хувцасыг нь өөрчлөөд шар юм уу, улаан даавуугаар ташуу захтай дээл хийж өгөөд, бүгдийнх нь үсийг хусаад орхимж нөмрүүлчихвэл болоод явчихна. Тэгээд тэд маань төрдөө залбирч “ламаалаа жавсучи” буюу “ламд итгэе” хэмээн чангаар уншиж суувал зохилтой. Тиймээс л лам бол төр юм.

Олон төрийн нүүр үзсэн бишээ өлөн төрийн нүүр үзсэн бичээч бээр тэрлэв.