ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АН-ын бамбай явсан Л.Наранбаатар Ардын намд “урважээ”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-09-14

Өөртөө “Уул уурхайн эдийн засагч” гэх томдсон гоё нэр өгсөн нам дамжсан “нүүрсчин” залуу Ардын намд элсэв. Гайхаад байх сэдэв ч биш л дээ. Онцолж бичих ч хэн нэгэн ч бас биш. Гэхдээ үнэт зүйл үзэл бодлоосоо хэдэн арван удаа ухарч буй цүнх барьсан, нам дамжсан ойворгон залуусын нэгийг намдаа элсүүллээ гээд Ардын нам юу хожих нь сонин байх аж.

Хэдхэн сарын өмнө л 1072 хувьцааг Ардын намынхан өгөхгүй байна хэмээн намын дарга У.Хүрэлсүхийн улаан нүүр лүү оймс шидэх нь холгүй явсан Л.Наранбаатар улс төрийн хэчнээн нам дамжиж буйг тоолоход ч бэрх болж байна. Тодруулбал, АН-ын ҮЗХ-ны гишүүн асан Б.Мягмардаш “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа Л.Наранбаатар гэгч чухамдаа хэн болох талаар ярьсан байдаг билээ.

2012 онд АН-д элсэхээсээ өмнө НАМЗХ-ны гишүүн байсныг нь ч мөн ярьжээ. Харин 2012 онд Дархан-Уул аймагт байхдаа АН-д элсэж, улмаар Орон нутгийн сонгуульд Хонгор сумаас нэр дэвшсэн гэдэг. Гэсэн ч Улаанбаатар хотын харьяат атлаа Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат гэсэн хуурамч бичгийг үнэмлэх дээрээ наасан нь баригдаж, тухайн үедээ АН-ыг Хонгор суманд суудалгүй болгож байсан зайтай, зальжин эр.

Хожмоо Дархан-Уул аймгийн АН-ын дарга болсон ч намын даргын нэрээр албан тушаалд хүрэхээр санаархаж, тэр нь бүтэлгүйтсэний дараа 2013 онд аймгийн Намын даргын ажлаа өгсөн байдаг. Харин тэр цагаас хойш АН-ыг байнга шахуу шүүмжилж, З.Энхболд руу оймс шидэж, намаа шинэчилнэ хэмээн дэвж явсан нь худлаа биш юм. Үнэхээр л тэр залуу АН-ын жинхэнэ гишүүн байсан бол уналтын ирмэгт ирчихээд буй АН-аа яг одоо л шинэчлэх учиртайсан.

Гэвч, Тавантолгойгоор занималдаж, тасралтгүй нүүрс ярьж явсаар танигдсан Л.Наранбаатар 2020 онд “Сахигтун” үндэсний хөдөлгөөнөөс УИХ-д нэр дэвшихээр явж байлаа. Харин өдгөө анх эхэлсэн газартаа буюу Ардын намд эргэн ирсэн бөгөөд энэ бүх хугацаанд Б.Мягмардашийн хэлсэнчлэн АН-ыг дотроос нь хагалан бутаргах Ардын намын даргынхаа захиас даалгаврыг биелүүлж явсан ч юм билүү, хэн мэдлээ.

Хэдхэн жилийн өмнө “Тэрбумын УИХ тар” хэмээн лоозон барьж, С.Эрдэнэ, Д.Баттулга нарын ард бамбай болон жагсаж явсан залуу өдгөө Ардын намын дарга нартай гар барин зогсох нь Ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж буйгаас шал өөр ойлголт л доо. Үзэл бодол, үнэт зүйлээ хамгаалж чадахгүй энэ мэт нам дамжигсад үеийн үед хожиж байдаг нь манай нийгмийн хамгийн том “хатиг” болсон нь гаслантай.