ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Эрдэнэбаяр: БНХАУ-аас яг одоо Замын-Үүд дээр 32 вагон түлш ороод ирчихсэн, хомсдол үүсэхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-14

Ашигт малтмал газрын тосны газрын холбогдох албан тушаалтнууд өнөөдөр АИ92 автобензины хомсдол үүссэн асуудал болон шатахууны нөөцийн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан дарга Ц.Эрдэнэбаяр нөөц хангалттай байгаа, дахиж үнэ нэмэгдэхгүй гэсэн мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, “АИ92 шатахууныг зарим ШТС-ууд өгөхгүй байгаа асуудлаар мэдээлэл өгье. Тус бензины гол нийлүүлэгч нь ОХУ юм. Ангарскийн үйлдвэрт засвар хийж байгаагаас шалтгаалан нөөц багассан. Монгол Улсад нийлүүлж байгаа бүтээгдэхүүнээ багасгаж нийлүүлж байна. Шатахууны хомсдол үүсэхгүй, 28 хоногийн нөөцтэй байгаа. АИ92 автобензины 21 хоногийн нөөц байгаа. Нөөц багасч байгааг бид нуухгүй байгаа. Шатахууны үнэ дахин нэмэгдэхгүй. Бид шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах хүсэлт тавьж байгаа” гэсэн юм.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.   

-Зориудаар хомсдол үүсгэж үнээ нэмээд байгаа юм биш үү. Цаашдаа дахиж нэмэгдэх үү. Хилийн үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байна шүү дээ?

-Хилийн үнэ нэмэгдэхгүй. Учир нь 2021 оны есдүгээр сарын хилийн үнэ өмнөх наймдугаар сарын хилийн үнээс тонн тутамдаа 34 ам.доллароор буурч орж ирсэн. Үнэ өсөх гэж байна, хомсдол үүсэх нь гэдэг нь ташаа мэдээлэл. Нөөц багасч буйг хомсдол үүслээ гэж ойлгож болохгүй. Долоо, наймдугаар сард ОХУ-аас АИ95, АИ80 авто бүтээгдэхүүний нийлүүлэлт хийгээгүй. Тухайн сарын бүтээгдэхүүний сарын хэрэглээ нь 2500-2800 тонн байдаг. Бид БНХАУ-аас худалдан авч байсан. Дэлхийд цар тахал ар араасаа гарсантай холбоотой дэлхийн зах зээлд савалгаатай, нийлүүлэлт огцом өсөх, багасах асуудал гарч байгаа. Гэхдээ бид урьдчилсан арга хэмжээ авч, аж ахуйн нэгжтэй хамтран Хятадаас авах тоо хэмжээний захиалгаа хийчихсэн. Үнэ өсөхгүй.

-Өмнө нь та 100 төгрөгөөр буулгана гэсэн. Тэр ажил юу болсон бэ. Шатахуун өгөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэдээ ямар арга хэмжээ авах вэ?

-АИ92 автобензины хомсдол үүссэн гэдгийг өмнө хэлсэн. Тухайлбал, “Магнай трейд” компани гэхэд зарим ШТС-ууд нь борлуулалт хийж чадахгүй. Тиймээс бид усан хэлбэрээр нь аваад хооронд нь сэлгэж, арга хэмжээ авлаа. Өчигдрийн байдлаар бид 73 ШТС-аас мэдээ авахад 13 нь борлуулалт хийхгүй байгаа. 100 төгрөгөөр бууруулах албан бичгийг бид өгсөн. Шаардлага тавиад шууд буучихна гэж байхгүй. АИ92 автобензины улсын нөөцийг 2700 тн-оос 30 мянгад хүргэх Засгийн газар тогтоол гаргасан. Энэ шаардлагыг бид тавьсан. Аж ахуйн нэгжүүд 30 мянган тонн ороод ирвэл бууруулна гэдгээ хэлсэн байгаа. Хөдөө орон нутаг, зарим аймаг сумдаар тодорхой хязгаарлалттай өгч буй нь үнэн. Нөөцийн хэмжээ багасч буй учраас тэр юм.

-Өнгөрсөн хугацаанд 300, 300-гаар хоёр удаа нэмсэн. Өнгөрсөн хугацаанд хэн шатахууны үнийг хүчээр бариулсан юм бэ. Яагаад тухайн үед арга хэмжээ авч чадсангүй вэ. Шатахуун түгээс станциуд үгсэн хуйвалдаж хомсдол үүсгэж байгааг яагаад ил тод ярьж болохгүй байна вэ?

-Газрын тосны үнэ өснө гэж байхгүй. Сингапурын бирж дээр баррел газрын тосны үнэ 73 ам.доллар байна. Өмнөх жилд 40 орчим ам.доллар байсан. Сая есдүгээр сард ОПЕК-ийн улс орнууд хуралдаад өмнөх найман сард хуралдсан өдрийн олборлолтоо 400 мянган баррелаар нэмэгдүүлэх шийдвэрээ хэвээр үлдээлээ. Удахгүй аравдугаар сард дахиад хуралдана. Голдман сакс, Банк оф Америка зэрэг олон улсын банкууд энэ оны төгсгөл гэхэд баррель нефтийн үнэ 80-100 ам.доллар хүрнэ гэдгийг хэлж байгаа. Өнгөрсөн сард долоо хоног буурсан ч сүүлийн гурван долоо хоног тасралтгүй өслөө.

Бид тухай бүр нь арга хэмжээ авч ажиллаж байгаа. Импортын хэмжээ багассан даруйд бид БНХАУ-тай яриа хэлцэл хийгээд 209 вагоны захиалга өгчихсөн. Сошиал болон бусдаас сонссон буруу мэдээлэлд битгий автаач ээ. Өдрийн хэрэглээ 200 тонн болж нэмэгдлээ. Учир нь шатахуун тасалдах нь ээ гэх мэтээр худлаа яриа гаргаснаас болж өдөрт 20 мянгаар авдаг байсан хүмүүс 50-60 мянгад хийлгээд байгаа юм. Үүнийг дагаад нөөцийн хэрэглээ 6-7 хоногоор буураад байгаа юм. Өнөөдөр гэхэд "Петровис" 4 вагон, маргааш 7 вагон, араас нь 11 вагон шатахуун оруулж ирнэ. Мөн БНХАУ-аас яг одоо Замын-Үүд дээр 32 вагон түлш ороод ирчихсэн байна. Төр хэзээ ч хувийн хэвшилтэй үгсэн хуйвалдаж ажилладаггүй. бид зохих шаардлагаа тавиад явж байна.