ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД: Дахиж хөл хорионд ормооргүй байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-14

МҮХАҮТ-аас ээлжит судалгаагаа цар тахлын улмаас бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлт, тулгарч буй хүндрэл бэрхшээл, шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох зорилгоор явуулжээ. Цахим хэлбэрээр авсан уг судалгаанд Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 1349 бизнес эрхлэгч оролцсон байна.

Засгийн газраас цар тахлын үед бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн

-61 хувь нь ус, цахилгаан, дулааны төлбөр хөнгөлөх, чөлөөлөх дэмжлэг авсан

-44 хувь нь НДШ-ийн хөнгөлөлтөд

-17 хувь нь 3 хувийн зээлд хамрагдсан бол

-24 хувь нь ямар нэг дэмжлэг аваагүй байна. Түүнчлэн судалгаанд оролцсон 3 хувийн зээлийн хүсэлт гаргасан бизнес эрхлэгчдийн 58 хувь нь энэхүү зээл бизнест тодорхой хэмжээнд дэмжлэг болсон гэж хариулжээ.

Бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад тулгарч буй хамгийн хүндрэлтэй саад бэрхшээлийг эрэмбэлэхэд бэлэн мөнгөний (эргэлтийн хөрөнгийн) дутагдал, бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал, тээвэр ложистиктой холбогдох удаашрал, тасалдал хүндрэл учруулж байна. Мөн орон нутгийн бизнес эрхлэгчдийн хувьд бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал хүндрэл үүсгэж байгааг судалгааны тайланд дурджээ.

Цаашид эдийн засгийг сэргээхэд:

-64 хувь нь хөнгөлөлттэй зээл олгохдоо зээлийн нөхцөл, тавигдах шаардлагыг сулруулах

-55 хувь нь барьцаа хөрөнгийн шаардлагад дэмжлэг үзүүлэх

-50 хувь нь зээлийн хугацааг нэмэгдүүлэх зэргийг анхаарах хэрэгтэй байна гэв.

Бизнесээ сэргээж, хэвийн үргэлжлүүлэхэд, санхүүгийн дэмжлэг (хөнгөлөлттэй зээл, барьцаагүй, урт хугацаат санхүүжилт) ААН-ийн албан татварыг хойшлуулах, хөнгөлөх, Хориг цуцалсны дараа бизнесийг сэргээж хэвийн явуулахад нэгдсэн зохицуулалт хийх (Төрийн байгууллагын үйлчилгээний хүнд суртлыг бууруулах гэх мэт), Нөхцөл байдал хүнд болсон ч бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах (Хөл хорионд оруулахгүй байх), Тээвэр, ложистикийн нөхцөлийг сайжруулах, Ач холбогдол, үр нөлөө багатай шаардлага, үнэлгээ, зөвшөөрлийн тоог багасгах, хялбаршуулах зэрэг дэмжлэг хэрэгтэй байна гэж бизнес эрхлэгчид үзжээ.