ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрдэмтдийн зөвлөлөөс 22:00 цагаас хойш хөл хорио тогтоох санал гаргажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-17

Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69 хувь нь вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан байна. Түүнчлэн дархлаа сэргээх гуравдугаар тунд 240 мянган хүн хамрагдаад байгаа аж.

Өмнө нь зөвхөн зорилтот бүлгийн хүмүүс гуравдугаар тунд хамрагддаг байсан бол одоогийн байдлаар хамрагдалтын хүрээг тэлж 18 наснаас дээш бүх хүн өрхийн эмнэлэгт хандан дархлаажуулалтад хамрагдах боломжтой болсон. Түүнчлэн энэ сарын 13-наас эхлэн томуугийн дархлаажуулалт эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 270 цэгт 847 эмч ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр томуугийн дархлаажуулалтыг хийж байна.

Тэгвэл Эрүүл мэндийн яам болон УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийг 22.00 цагаар хязгаарлах хүсэлт гаргажээ. Тэд үндэслэлээ тайлбарлахдаа "Үйлчилгээний байгууллагууд гэрээний хэрэгжилтийг хангахгүй байна. Хурим найр зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулсаар байна.

Тиймээс эрдэмтдийн зөвлөлөөс 22:00 цагаас хойш хөл хорио тогтоох санал гаргасан. 22:00 цагаас хойш хязгаарлалт тогтоох нь халдварын тархалтыг 20 хувиар хумих боломж олгоно. Дельта вирусийн шинж тэмдэг богино хугацаанд буюу 48 цагийн дараа илэрч байна Мөн шинж тэмдэггүй иргэд халдвар тараах магадлал өндөр байна. Ялангуяа вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд шинж тэмдэггүйгээр өвдөж, халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс иргэд амны хаалтаа болж өгвөл авахгүй байхыг хичээгээрэй" гэлээ.

Өчигдрийн байдлаар 2796 тохиолдол илэрч, 41-80 насны есөн хүн нас барлаа. Нийт халдварын 1164 нь орон нутагт гарсан бол 1632 тохиолдол нь Улаанбаатар хотод ПСР шинжилгээгээр баталгаажжээ.