ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Ёндон: Хятад, ОХУ-тай асуудлаа шийдэх хүртэл 5-6 хоног хязгаарлалттай олгоно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-21

Дотоодод хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны нийлүүлэлт доголдож, зарим шатахуун түгээх станцуудад дараалал үүсээд байгаа билээ. Шатахууны томоохон нийлүүлэгч ОХУ-ын Роснефтийн Ангарскийн үйлдвэр засвартай байгаа нь нийлүүлэлтэд нөлөөлсөн гэдгийг өнгөрөгч долоо хоногт АМГТГ-аас мэдээлэл хийхдээ онцолсон билээ. Тэгвэл өнөөдөр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон нефть импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл энэ асуудлаар мэдээлэл хийлээ.  

Г.Ёндон сайд хэлэхдээ “ОХУ сардаа манай улсад хамгийн багадаа 28 мянган тонн шатахуун нийлүүлэх үүрэг хүлээдэг. Гэвч өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр бид энэ хэмжээнд нийлүүлж чадахгүй нь ээ. Засвар хийгдэх учраас дотоодын хэрэглээг таслахгүй байх ёстой. Тиймээс 50 хувь буюу 17 мянган тонныг нийлүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ дагуу бид АИ92, АИ95, АИ98 автобензины нөөцийг бүрдүүлэхээр БНХАУ-ын “Чайна ойл” компанитай гэрээ хийж, санхүүжилтээ шилжүүлчихсэн.

137 вагон буюу 50 мянган тонн шатахуун авах гэрээ хийсэн. Наашаа зөөх галт тэрэгний кодоо ч авчихсан байлаа. Гэвч импортоор орж ирэх ёстой шатахуун нь Хятад улсын дотоодын ачаа тээврийн ачаалал их байгаагаас шалтгаалж, вагон тавьж нийлүүлэх боломжгүй болчихлоо.

Аравдугаар сар хүртэл ямар ч боломжгүй гэж мэдэгдсэн. Урд хөршид еэвэнгийн баяр болж байгаа учраас хилээ хаачихсан. ОХУ наймдугаар сард мэдэгдсэн ёсоор энэ сард 17 мянган тонныг нийлүүлэхээс 7400 орчмыг нь нийлүүлчихээд байсан.

Гэтэл өчигдөр гэнэтхэн л үлдсэн шатахуунаа нийлүүлж чадахгүйд хүрлээ гэж мэдэгдсэн. Эндээс болж өчигдрөөс эхлэн аж ахуйн нэгжүүд шатахууны хязгаарлалттай олгож эхлээд байгаа. Улаанбаатар хотод шатахууны 16 хоногийн нөөц байна. Гэхдээ яг төвийн бүс буюу Улаанбаатар хотын хэмжээнд өргөн хэрэглэдэг АИ92 автобензины дөрөв хоногийн нөөц байна. Бид өнөөдөр БНХАУ-ын Элчин сайд Чай Вэнрүйтэй уулзаж, нөхцөл байдлыг бодолцон нааштай шийдэж өгөхийг хүслээ. Мөн БНХАУ-ын Бээжин хотод суугаа Элчин сайд, Эрээн хотод суугаа консул ч энэ асуудлаар уулзаж ярилцаж байгаа.

Мөн манай импортлогч аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн хүмүүс ОХУ руу явсан. Маргааш Роснефтийн дэд захиралтай уулзана. 6-7 хоногийн дараагаас асуудал шийдэгдэх болов уу. Тэр хүртэл хязгаарлалттай байдлаар авахаас өөр арга алга” гэв. Тухайлбал, "Петровис" компанийн тухайд Улаанбаатар хотод байрлаж буй 40 ШТС-ынхаа 20-оор нь өдрийн 30 мянган төгрөгийн лимиттэй шатахуун олгож эхэлжээ. Тус компанийн тухайд баруун аймгуудад шатахууны нийлүүлэлт хэвийн явж байгааг онцолсон юм. Тус компаний хувьд эмнэлэг, цагдаагийн байгууллагад заавал шатахуун хэвийн нийлүүлэх үүрэгтэй тул хязгаарлаж буйгаа хэллээ.