ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Ёндон: Өвөрмонголоос 5-7 хоногийн дотор шатахуун татаж авна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-22

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр шатахууны хомстол үүсэж болох эрсдэлээс сэргийлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Уул уурхайн яамнаас танилцуулжээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хуралдаанд БНХАУ-аас авах шатахууныг яаралтай татаж авах асуудлыг танилцуулсан аж. Энэ ажилд Гадаад хэргийн яам, Зам тээвэрийн хөгжлийн яам, Элчин сайд нартай хамтарч ажиллах бөгөөд өнөөдөр манай улсын Элчин сайд нот бичиг өгч, уулзах цагийг тогтжээ. Мөн Хөх хотын боловсруулах үйлдвэртэй Уул уурхайн яам харилцаж, вагон тавих тохиолдолд шатахуун ачна гэсэн баталгааг авсан гэв.

Хөх хотоос Улаанбаатар хот руу галт тэрэг 10-14 хоног болж ирдэг бол төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд энэ хугацааг 5-7 хоног болгох зохицуулалт хийж ажиллаж байгаа гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 1000 орчим тонн АИ92 шатахууныг өдөрт хэрэглэдэг бөгөөд эхний ээлжинд  200 вагон буюу 10 мянга орчим тонныг татахаар төлөвлөжээ. Аравдугаар сараас эхлээд төлбөрөө төлчихсөн байгаа шатахуунаа татаж авна. Мөн ОХУ руу УУХҮ-ийн яамны төлөөлөл явсан. ОХУ-ны Элчин сайдтай холбогдож ажиллаж байна гэлээ.

Мөн Ерөнхий сайдын зүгээс шатахуун тасалдуулсан буруутныг олж хариуцлага тооцох үүрэг өгсөн бөгөөд УУХҮ-ийн яамны холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох чиглэл өгчээ. Энэ хүрээнд хэнд хариуцлага тооцох вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Хэнд хариуцлага тооцох вэ гэдгийг манай яам дотроо ярьж шийдээд буруутай гэж үзэж байгаа албан тушаалтандаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайд даалгасан” гэлээ.