ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүрээлэн, Их дээд сургуулийн газрыг Улсын тусгай хэрэгцээнд авчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-09-29

Шинжлэх ухааны салбарт хийх шинэчлэл, реформыг эрчимжүүлэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарсан талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Шинжлэх ухааны салбарт шинэчлэл хийх ёстой гэж өнгөрсөн хугацаанд хангалттай олон жил ярьсан ч санасан хэмжээнд өөрчлөлт хийж чадаагүй гэдгийг салбарын сайд онцолж байлаа. Санхүү хөрөнгө, шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн засаглал, хүний нөөц, залуу эрдэмтдийг төрөөс дэмжих зэрэг олон асуудал тодорхой бус байснаас удааширч байсныг хэлж байлаа.

Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ “Шинжлэх ухааны салбарын санхүүжилт ойлгомжгүй тогтолцоотой явж ирсэн. Зарим хүрээлэнгүүд нь яамных, зарим нь Их дээд сургуулийн харьяа гээд тодорхойгүй. Санхүүжилтийн эх үүсвэрийг ойлгомжтой болгож, сангийн ажлыг нээлттэй ил тод болгох шаардлага үүслээ. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 4000 орчим судалгааг Шинжлэх ухаан технологийн сангаас 150 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн дүн байдаг.

Харамсалтай нь тэр судалгаанууд хэрхэн яаж эдийн засгийн эргэлтэд орж, инноваци болсон бэ гэдэгт хариу байхгүй. Цөөхөн хэдхэн эрдэмтдийн цөөн хэдэн судалгааг байнга санхүүжүүлдэг зэрэг асуудал байгаа. Энэ нь ил тод болно. Шинжлэх ухааны салбарт хийгдэж буй судалгаанууд үхлийн хөндий гэдгийг давж гарч байх ёстой юм билээ. Давж гартал нь судалгааг санхүүжүүлэх ёстой ч манайд бол нэгхэн жил 20 сая төгрөгөөр л санхүүжүүлдэг.

Ингээд суурь судалгаа үргэлжилж, инноваци болж чаддаггүй. Төр жил бүхэн судалгаа, шинжилгээнд төсөв тавьдаг. Гэвч энэ нь тендерийн ченжээр дамждаг байсан буруу тогтолцоог өөрчилнө.

Шинжлэх ухааны салбарынхны “хар шийдвэр” гэж нэрлэгддэг Засгийн газрын 2015 оны шийдвэрээр олон хүрээлэн үүд хаалгаа барьсан. Энэ үед хаагдсан хүрээлэнгүүдийг сэргээж байна. Тодруулбал, 

-Дулааны техник технологийн хүрээлэн

-Тархи, сэтгэл судлалын хүрээлэн

-Ой мод, сургалт судалгааны хүрээлэн

-Технологийн инкубаторыг шинээр сэргээн байгуулах шийдвэрийг Монгол Засгийн газраас гаргалаа” гэлээ. Мөн шинжлэх ухааны лабораториудыг салбар яам энэ жил тоолсон бөгөөд 200 гаруй лабораториудын 70-80 хувь нь социализмын үеийн тоног төхөөрөмжтэй байжээ. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн 5 сая ам.долларын өртөгтэй лаборатори хүртэл ажиллахгүй байсан учраас цаашдаа үүнийг бодлогоор анхаарч, урсгал зардал болон ажиллах хүчний асуудлыг шийднэ гэлээ. Үүнээс гадна өнөөдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан технологийн хүрээлэн болон Их дээд сургуулийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргажээ.