ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Зориг агсаны хэргийг шалгах ажлын хэсгийг шинээр байгуулжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-29

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан цагдан хориод байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг өнгөрөгч тавдугаар сарын 15-нд батлан даалтаар сулласан билээ. Тэгвэл энэ хэрэгт шинээр нөхцөл байдал үүссэн учраас ТЕГ-ын дэргэд ажлын хэсэг байгуулжээ.

Энэ талаар Х.Нямбаатар сайд хэлэхдээ “С.Зориг агсны хэрэгт холбогдуулан иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг 2017 онд гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэж тус бүрт нь хорих ял оноосон. Тухайн хүмүүс хорих ялаа эдэлж байх явцад, тухайн хүмүүжигч нарын өмгөөлөгч нар нь энэ хэргийг шалгах явцдаа эрүүдэн шүүсэн гэх үндэслэл гаргаж, гомдол мэдээллийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. 2021 онд уг асуудлыг Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэж, хэргийг шүүх явцдаа эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон учраас гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Тухайн хүмүүс одоо эрх чөлөөтэй байгаа.

Шинээр ажлын хэсэг байгуулсан. ТЕГ-ын дэргэд байгуулж, цагдаагийн байгууллага мөн оролцон ажиллаж байна. С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт холбогдуулан хэд, хэдэн хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа” гэлээ. Тухайлбал, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэх хэрэг, С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн гэх хэргээс тусдаа буюу захиалагчтай холбоотой хэрэг, үндсэн хэргийг тус тус шалгаж байгаа аж. Тун удахгүй ТЕГ-аас энэ талаар мэдээлэл өгөх байх гэсэн юм.