ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МӨРӨӨДӨЛ БИЕЛЭВ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-30

Монголын хамгийн анхны битүү дээвэртэй мөсөн өргөөний туршилтын мөсөн дээр анхны гулгалтаа хийхдээ хэлэх үггүй болтлоо баярлаж, нүдэндээ нулимстай зогсож байсан ахмад тэшүүрчний мөрөөдөл биелэв. Мөсөн талбайд эгээ л үүлэн дээр хөвөх мэт уран тансаг үзүүлбэрээ гайхуулах,  Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальт  Отгонбаатарын Ивээлийн эх орондоо, олимпын стандартад нийцсэн ордонд бэлтгэлээ хангаж, өвлийн олимпоос медаль авахсан гэсэн мөрөөдөл биелэв.

“Туулын мөсөн дээр биш тусгайлсан төхөөрөмжтэй битүү ордонд Монголынхоо шигшээ багийн тоглолтыг шүүх ийм хувь тохиол ирнэ гэж зүүдэлж ч явсангүй” хэмээн баярлан ярих Хоккейн холбооны шүүгч Ж.Хуягийн мөрөөдөл биелэв. Үндэсний зургаан удаагийн аварга хэдий ч зориулалтын ордонгүйгээс  Азийн аварга, Дэлхийн аваргын В ангилалд өрсөлдөн, өвлийн олимпт оролцохсон хэмээн санааширч явсан үндэсний хоккейн шигшээ багийн тамирчдын мөрөөдөл биелэв. Аавынхаа мөрөөдөл, 11 жилийн өмнө сэтгэлдээ тээсэн хүслээ хоёр жил гаруйн хугацаанд биелүүлчхээд хоолой зангирч зогсох бүтээн байгуулагч , төслийг санаачлагч Пунцагийн Цагаан ба түүний баг хамт олны мөрөөдөл өчигдөр /09.29/ биелэлээ оллоо. Ерөөсөө л Туул, Онон, Орхоны гол дээр тэшүүртэй гулгаж, нэг л өдөр тив дэлхийн алдартай тамирчин болно доо хэмээн мөрөөдөж явсан хүн бүхний хүсэл мөрөөдөл өчигдөр биелсэн юм. Энэ бол монгол хүн бүрийн мөрөөдлийг биелүүлсэн “Мөсөн өргөө” буюу “Степпа арена” төсөл. Төрийн нэг ч төгрөгийн санхүүжилтгүй, үндэсний бүтээн байгуулагч дөрвөн том компани, 95 туслан гүйцэтгэгч, гадаадын зургаан компани, 1600 барилгачин, инженер, техникийн ажилтны хамтын хичээл зүтгэлээр 2.6 жилийн хугацаанд сүндэрлэн боссон МОНГОЛ МӨРӨӨДӨЛ.

Өвлийн спорттой амь амьдралаа холбосон тамирчин, дасгалжуулагч бүрийн хүсэл мөрөөдлийн биелэл ийнхүү сүндэрлэн босчээ. Хэрвээ ковид буюу цар тахал гарч, хөл хорио тогтоогоогүй бол 1.6 жилийн хугацаанд л босгож чадах байснаа тэд хэлж байсан юм. Үндэсний компани “Ачит ихт” энэхүү төслийн ерөнхий санхүүжүүлэгчээр ажилласан бол барилгын материал, цемент, төмөр арматур зэрэг түүхий эдийн санхүүжүүлэгчээр “МАК”, дуу авиа, дүрс бичлэг, гэрэл сүүдрийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж нийлүүлэгчээр “Степпелинк Холдинг” компани, дэд бүтэц, шугам сүлжээ, газар, барилгын зургийн хариуцагчаар “Юнайтед Прожектс корпорэйшн” ажиллажээ.

70 метрийн алслалтай барилгад нэг ч тулгуур багана ашиглаагүй

Монголд цоо шинэ инженеринг, техник технологийг нутагшуулсан энэхүү ордон 2600-3600 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай. Олон улсын олимпын хорооны стандарт буюу 60х30 метрийн хэмжээтэй мөсөн гулгуур бүхий 7987 м.кв талбай, 70 метрийн алслалтай барилгад нэг ч тулгуур багана ашиглаагүй гэдгээрээ онцлогтой. Мөсөн өргөө нь өдөр тутам үйл ажиллагаа явуулах бөгөөд тэшүүр сонирхогчдыг хүлээн авах 120 хүний багтаамжтай хувцас солих өрөө, 80 хүн нэгэн зэрэг гулгаж болохоор мөсөн талбайнхаа хүчин чадлыг тооцоолжээ.

Нэг дор 200 хүнд үйлчлэх ариун цэврийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу тусгай хэрэгцээт иргэдэд үйлчлэх тусгайлсан ариун цэврийн өрөө, тамирчдын хувцас солих өрөө, тэшүүр, хоккей зэрэг өвлийн спортын холбоод, хэвлэл мэдээллийн ажилтнууд шууд дамжуулалтаа явуулах, олимпын стандартаар тохижуулсан, дуу тусгаарлагчтай өрөөг нэг, хоёрдугаар давхарт байгуулжээ. Ордонг зөвхөн өвлийн спортын төрлүүдэд ашиглахгүй гэдгийг “Степпе Арена” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Батмөнх онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл, дулаан тусгаарлагчтай, 500 кг-ын даацтай тусгай шалыг мөсөн дээр байрлуулснаар сагс, волейбол болон бусад танхимын спортын арга хэмжээ, урлагийн тоглолт, хүлээн авалт, хурим найр, цирк, үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн хүлээн авалт хийх боломжтойгоос гадна мөсөн ордны нэг, хоёрдугаар давхарт кофе шоп, лоунж, ресторан, хурлын өрөөг байгуулсан учраас 200-300 хүнийг хамарсан хурал цуглаан ч хийх боломжтой байдлаар шийдсэн байна.

Мөн галын аюулын үед нөөцөлсөн усаа ашиглах ус нөөцлөгч тусгай өрөө, үзэгчдийн суудлыг дулаан байлгах хүйтэн агаарыг сорох цоо шинэ төхөөрөмжийг байрлуулж өгсөн нь эрхгүй анхаарал татаж байв. Ордон бүрэн хүчин чадлаараа буюу 3000 хүнтэй арга хэмжээ зохион байгуулсан тохиолдолд сорсон агаараа 100 хувь гадагшлуулах дөрвөн том агааржуулалтын хоолойг суурилуулж өгчээ. Тус төхөөрөмж нь эргээд гадна талбайн цэвэр агаарыг сорж, дээрээс доошоо автоматаар дулаан, эсвэл хүйтэн агаар шахахаар техникийн шийдэл хийсэн нь яах аргагүй Монголдоо анхдагч бүтээн байгуулалт болсныг илтгэнэ. Угтаа Канад, Швед зэрэг дэлхийд гайхагддаг мөсөн ордонтой улс орнуудын стандартыг Монголд нутагшуулж чадсан нь бахархам. Олон улсын стандарт буюу олимпын хорооны шалгуурт нийцэхэд дан ганц мөсөн ордон барих нь хангалтгүй юм билээ. Дагалдах техник хэрэгсэл, мөсний стандарт юу, юунаас чухал учраас “Степпа арена” ХХК-ийн зүгээс олон улсад тендер зарлаж, арав гаруй компани оролцсоноос Австрийн “ACD” компани мөсөн талбай, хөргүүрийн техник тоног төхөөрөмжийг суурилуулахаар тендерт шалгарч, ажлаа ч төгс гүйцэтгэсэн байх юм. Тоглолт бүрийн дараа мөсийг цэвэрлэх, стандартад нийцүүлэх тусгайлсан хоёр машин зэргээр “тоо бүрэн, толгой мэнд” шийдэл хийжээ.

Мөсөн спортын төрөлд Төрийн дууллаа эгшиглүүлэх өдөр хаяанд ирлээ

“Таван жилийн өмнө Тэшүүрийн холбоо хуралдах үед мөсөн ордонтой болъё гэсэн санал багш нараас гарахад, “Хэзээ ч биелэхгүй мөрөөдөл шүү”  гэж хэлж байлаа. Тэгтэл баригдаад бүр ашиглалтад орчихсон хэрэг үү” хэмээн ангийн найз маань хэрэг болгон утас цохив.  Арга ч үгүй биз. Таван жилийн өмнө байтугай 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд шаваа тавьж, ердөө нэг хоногийн дараа буюу 15-ны өдөр ажлаа эхэлж байхад ч олон хүн итгэхгүй байсан гэдэг. Пунцагийн Цагаан мөрөөдлөө ярьж явна, хэдэн жил гацаах бол доо хэмээн басаж, басхүү тохуурхсан хүн ч олон бий байх. Төсөл хэрэгжих хугацаанд цар тахал гарч, санхүүжилт гацаж, хил гаалиар тоног төхөөрөмж нь орж ирэхгүй удааширч, гадны мэргэжилтнүүд нь орж ирэхгүй саатсан ч тэд ажлаа зогсоогоогүй юм.

Хөхөө өвлийн хүйтнээр ч хүйтэн төмөр тэврэн ажлаа хийж, хөл хориотой цагаар ч хотын төвөөс алхаад ажилдаа ирж, санхүүжилт, тээвэрлэлт гацсан ч мөсөн ордондоо хөнжил гудастайгаа байрлан ажлаа хийж байсан 1600 гаруй бүтээн байгуулагчдад тус төслийг санаачлагч П.Цагаан тусгайлан баяр хүргэж, нээлтийн үг хэлэхдээ нүдэндээ нулимстай талархаж зогслоо.

Хэний ч хийж чадахгүй гэж бодож  байсан мөрөөдлийг биелүүлж чадсан түүнд харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тусгайлан баяр хүргэсэн юм. Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхад нь анх шаваа тавьж, Ерөнхий сайд болсон хойноо ажлын явцтай танилцаж, харин өнөөдөр Ерөнхийлөгчийн хувиар нээлтийг нь хийгээд зогсож байгаагаа их хувь тохиол хэмээн Ерөнхийлөгч хэлж байлаа. Монголчуудын мөрөөдлийг тээсэн энэ ордноос тив дэлхийн олон алдартай тамирчин төрөн гарч, монголчууд мөсөн спортын төрөлд Төрийн дууллаа эгшиглүүлэх өдөр хаяанд ирснийг хэлсэн үгэндээ онцлов.

Цаашдаа баялаг бүтээж, нийгмийн сайн сайхны төлөө ажиллах мянга, мянган хувийн хэвшлээ дэмжиж ажиллахаа ч энэ үеэр илэрхийллээ. Төрийн нэг ч төгрөгийн санхүүжилтгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлан үндэсний шилдэг бүтээн байгуулалт хийсэн дөрвөн компанийн төлөөлөлд талархал, дурсгалын цом гардуулснаар нээлтийн ёслол морин цагт ёслол төгөлдөр эхэлж, урлаг, спортын тоглолтоор хурсан олныг цэнгүүллээ. Ангийн найзын маань адил “мөрөөдөл биелсэн гэж үү” хэмээн итгэж чадахгүй зогсох олон хүн энэ өдөр баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Тэдний төлөөлөлтэй уншигч таныг уулзуулъя.

Төслийн санаачлагч, “Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан:

-Монголчууд хөлдөө коньки /тэшүүр/ углаад 80-аад жил болж байгаа. Тэр үед эсгий гуталтай, сураар баглаад модоор гулгадаг байлаа. Улмаар дайны дараа буюу 1945 оны үед анх задгай талбай байгуулж, тэмцээн хийдэг байсан юм билээ. Манай аав ч гэсэн тэшүүрийн аймгийн аваргад оролцож явсан хүн юм билээ. Ерөөсөө л мөсөн өргөөтэй болно гэдэг бол монголчуудын хоёр, гурван үеийнхний мөрөөдөл. 10 гаруй жилийн өмнө Канадад явж байгаад Канад найзтайгаа юм яриад сууж байтал надаас “Танайх хэдэн мөсөн ордонтой вэ” гэж асуусан.

Би “Манайд мөсөн ордон байхгүй ээ” гэж хэлэхэд их л гайхаж байж билээ. Манайх гол мөрөн ихтэй, дандаа гадаа бэлтгэлээ хийдэг гэж тайлбарлаад өнгөрч байлаа. Тэр үеэс л бүр илүү ихээр бодож эхэлсэн. Монголд яагаад барьж болдоггүй юм бэ гэж бодож явсаар өнөөдөр хүслээ биелүүллээ. Монголчууд гадаадад очиж гайхдаг биш  Монголдоо ирдэг, үздэг, хардаг ордонтой болоосой гэж энэхүү бүтээн байгуулалтыг хийхээр шийдсэн. Хүн бүхний хүслийг биелүүлэх гэж хичээсэн 898 хоног байлаа. Нэгэн сэтгэлээр зүтгэсэн хамт олондоо, хамтран ажилласан компанийн төлөөлөлдөө баярлалаа.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:

-П.Цагаан дарга тэргүүтэй, “Ачит ихт” компанийн төлөөлөл, үндэсний бүтээн байгуулагч компаниудын эх орноо гэсэн сэтгэл, чин хүслээр өнөөдөр “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” нээлтээ хийлээ. Улаанбаатар хотын өнгийг нэмж, хөгжлийг тодорхойлж, ирээдүйг бүтээх том бүтээн байгуулалт нээлтээ хийж буйд туйлын таатай байна. Хувийн хэвшлийн манлайлал үзүүлсэн аж ахуйн нэгжүүдэд Хотын даргын хувиар онцгойлон баяр хүргэе. Хүүхэд залуус өвлийн спортоор хичээллэх, ирээдүйд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөсөн Ази, Дэлхийн хэмжээний тамирчид төрөн гарах эхлэлийг тавилаа. Хотын иргэд маань талархан хүлээж авах биз ээ. Төрийн, төсвийн барилга яаж гацдагийг та нар хажууд байгаа барилгаас харж болно.

Харин хувийн хэвшил яаж байгуулж болдгийг энэ барилгаас харцгаая. Тиймээс миний бие цаашдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж, нийслэлийн бүтээн байгуулалтад хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах болно. Ирэх жилүүдэд Ази, Дэлхийн томоохон тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулах том амбийц надад бий. Манайх тэмцээн зохион байгуулахад ямар ч асуудалгүй болж байна. Том тэмцээн зохион байгуулах өргөөтэй боллоо. Шинэ нисэх онгоцны буудалтай болчихлоо. Одоо дэд бүтэц, нийтийн тээвэр, такси үйлчилгээгээ хөгжүүлчихвэл асуудал алга. 2023 онд Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод болно. Үүний бэлтгэл ажлыг хангах хүрээнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай ойлголцож, бэлтгэл ажлаа эрчимжүүлж байгаа.

“Ачит ихт” компанийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг:

-“Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” бол бидний хүүхэд ахуй цагийн гэгээн хүсэл мөрөөдлийн үргэлжлэл. Өнөөдөр тэр мөрөөдлөө амжилттай хэрэгжүүллээ. Бидний үед хүүхэд бүхэн спортын аль нэг төрлөөр хичээллэдэг байсан. Харамсалтай нь мөсөн өргөө байсангүй, голын мөсөн дээр л тоглодог байлаа. Харин залуу үе маань харин мөсөн өргөөнд тоглож, хичээллэж, бэлтгэлээ хийх нь ээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан хэрэгжүүлж чадсандаа баяртай байна.

Цар тахлын хүнд үе ч гэлээ бид мөнгөн хөрөнгийн гол санхүүжүүлэгчээр ажилласан. Хамтарч ажилласан компаниудад чин сэтгэлийн талархал илэрхийлье. “Ачит ихт” компани гурван чиглэлээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг. Нэгдүгээрт, ирээдүй хойч үе залуусын амьдрах, сурч боловсрох орчныг сайжруулах төсөл. Хоёрдугаарт, байгаль орчин, гуравдугаарт ажилтнуудынхаа нийгмийн асуудал болон амьдрал ахуйг дэмжих явдал юм. Мөсөн өргөө бол хүүхэд залуустаа чиглэсэн зөв хөрөнгө оруулалт.  

“МАК” компанийн ТУЗ-ийн дарга Б.Нямтайшир:  

-Ямархуу том бүтээн байгуулалт хийж чадаж вэ гэдгийг манай монголчууд харлаа, үзлээ. Энэ төслийн санаачлагч нь манай П.Цагаан. 2019 оны хавар “Монголынхоо хүүхэд залууст зориулж, нийгмийн хариуцлагын хүрээнд мөсөн өргөө баримаар байна” гээд зураг төслийг надад харуулж байсан. Түүнийг нь би дэмжиж, дөрөвдүгээр сард шаваа тавьж ажил эхэлсэн дээ. 2.6 жил гэдэг бол том бүтээн байгуулалтад бол маш хурдацтай цаг хугацаа. Нарийн технологи бүхий ийм төслийг маш хурдан хийж чадлаа гэж харж байгаа. Туслан гүйцэтгэгч, ерөнхий санхүүжүүлэгч гээд 90 гаруй үндэсний компани бүтээн босгож чадлаа. Баяртай байна.

“Степпелинк Холдинг” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин:

-Манай компани менежмент, айти, байгууламжийн борлуулалт үйлчилгээг хариуцаж ажиллана. Тун удахгүй аппликейшн нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Тухайн аппликейшнд машины дугаар, картыг холбосон тохиолдолд автомашины зогсоолоор үйлчлүүлэхэд автоматаар төлбөр авах, орж гарахад хүндрэл үүсэхгүй. Мөн ордонд зохион байгуулагдах тоглолт, эвентийн билет, суудлаа захиалж болно. QR кодоо уншуулан үйлчлүүлэгч орж ирэхэд суудал дээр нь захиалсан ус ундаа, хоол бэлэн байхаар шийдэл хийлээ.

Ирэх жил хамгийн сүүлийн үеийн 360-ын лед дэлгэц, гэрэлтүүлэг, хөгжим, техникийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулна. 40-50 хүний хийдэг байсан ажлыг 4-5 хүн л хийдэг болгоно гэсэн үг. Манай ордонд ямар ч төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой. 2022 оны календарь дээр 130 гаруй өдөр арга хэмжээ төлөвлөгдчихөөд байгаа. Ар араасаа урлагийн тоглолт, үзэсгэлэн, спортын тэмцээн хийлээ гэхэд хурдан зохион байгуулах автоматжсан гэдгээрээ онцлог.

...Монголдоо мөсөн ордонд хоккей, уран гулгалтын тэмцээн үзэж суух ийм хувь тохиол, ийм өдөр ирнэ гэж бид бүгд гуравхан жилийн өмнө бодоогүй биз ээ. Харин өнөөдөр тэр мөрөөдөл бодит болж, Монголын багийнхаа тоглолтыг хамтдаа тухлан үзлээ. Өвлийн спортын түүхэнд цоо шинээр хуудас нээсэн энэхүү бүтээн байгуулалтыг хийсэн П.Цагаан танд, “Ачит ихт” болон хамтран оролцогч компани, аж ахуйн нэгжүүдэд нийт уншигчдынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье.

Туулын мөснөөс бид өвлийн олимпын залуухан аваргаа өлгийдөж авсан ард түмэн. Тэгвэл тусгай тоноглолтой энэ сайхан ордноос олон олон Олимп, Дэлхийн аваргууд төрөн гарах ерөөл өргөе. Хөлдөө тэшүүр углаж өссөн хүн бүхний мөрөөдлийг биелүүлсэнд талархлаа. Мөрөөдөл биелэв, Монголын өвлийн спортын түүхэнд цоо шинэ хуудас ч нээгдэв.