ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Уртнасан: Тэрбум мод тарих үйл ажиллагааг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-10-04

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан шинэ зарлигийг өнөөдөр танилцууллаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэхдээ ”Тэрбум мод үндэсний хөдөлгөөн өнөөдөр нээлтээ хийлээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх зарлиг гаргалаа. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монгол улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд хамгийн их өртөж буй орнуудын нэг. Цөлжилттэй тэмцэх зорилгоор Ойн аж ахуйн агентлагийг сэргээх чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн. Ойн аж ахуйн агентлагийг сэргээхээр хуулийн төсөл өргөн барьсан.

Энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Халамжаас хөдөлмөрт чиглэх хөтөлбөрийн хүрээнд иргэдийг ой мод тарих санал санаачлагыг дэмжих чиглэлийг Засгийн газарт өгч байна.Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор экологийн боловсролыг олгох чиглэл өгч байна. Нэг тэрбум мод хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төр болон хувийн хэвшлийг хангах хэрэгтэй. Ой мэргэжлийн байгууллагуудын чадварыг бэхжүүлэх чиглэлээр холбогдох яам анхаарч ажиллана гэж найдаж байна” гэж ярилаа.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Тэрбум мод тарихад ДНБ-ийн нэгээс багагүй хувийг зарцуулахаар тооцоолж байна. 10 жилийн хугацаанд 4.3 тэрбум төгрөг зарцуулахаар мөн тооцоолж байна. Тэрбум мод тарих үйл ажиллагааг 2021-2024 он эхлэл үе шат, 2024-2027 он, 2027-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэв.