ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн хэмжээнд 13399 мод, бут, сөөгийг тариалжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-15

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 13399 мод, бут, сөөгийг тариад байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Ерөнхийлөгч тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн зарласан. Үүний дагуу нийслэлд үндсэн дөрвөн байршилд мод тарих хөдөлгөөнийг зохион байгууллаа. Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын урд хэсэг, Налайх цэцэрлэгт хүрээлэн, Баянгол дүүргийн Баянгол агро парк, Баруун салааны Бумбатын аманд тариаллаа. Эдгээр талбайнуудад арчилгаа сайтай, хашаатай учраас мал ороод идчихгүй гэж үзсэн. Хөдөлгөөний хүрээнд 13399 мод, бут сөөгийг тарилаа.

Хавар, намартаа мод тарьдаг хуваарийн дагуу иргэд ч хувиараа мод тарьж байна. Нийслэлийн хэмжээнд 116 мянга га талбай ойн сан бүхий байхаас 17 мянган га талбайг ойжуулах шаардлагатай гэж тайланд тусгасан. Ойрын хүрээнд энэ талбайд ойжуулалт хийхийн тулд 800 мянган мод тарих ёстой гэсэн үг. Цаашдаа нийслэлийн хэмжээнд байгаа ойгүй, цөлжилтөд орж буй талбайд зурвас хэлбэрээр мод тариад явна. Улсын хэмжээнд байгаа ойн анги, мод үржүүлгийн талбайнуудаас суулгацаа авч ирдэг.

Үржүүлгийн газартай компаниудтай ч мөн хамтарч ажилладаг байгаа. Тэрбум мод их хэмжээний мод. Тэр модны үр суулгацыг авч тарих гэдэг нь чамгүй ажил. Тиймээс нийслэл цаашдаа өөрсдийн гэсэн ойн анги байгуулах асуудлыг судлаж байна” гэлээ.