ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ким Чоль Сан: Хохирогч охины хэргийг нэн даруй шударгаар шийдвэрлүүлэх болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-03

БНСУ-ын дунд сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцаж байсан 13 настай монгол охиныг тус улсын дунд болон ахлах ангийн дөрвөн сурагч бүлэглэн зодож, хүлж аманд нь халуун ногоо, тамхины иш, архи цутгаж зургаан цагийн турш тамласан хэрэг олон нийтийн анхаарлын төвд байна.

Тэгвэл иргэн Ж.Отгонбаяр болон нийт монголчуудын төлөөлөл өнөөдөр Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадна тайван жагсаал хийж, Элчин сайдад шаардлага хүргүүллээ. Иргэн Ж.Отгонбаяр хэлэхдээ “Сурагч охины эрхэнд халдсан үйлдлийг бид хэзээ ч уучлахгүй. Танай улсад Монголын 40 гаруй мянган залуус ажиллаж амьдардаг. Бид эдгээр залуусыг танай улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа гэж хардаг. Монгол Улс баян улс. Бидний хөгжих нь цаг хугацааны л асуудал. Хэрвээ танай улс энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол бид олон улсын хүний эрхийн байгууллагад хандана. Танай улсын телевизүүд ч бидэнд хандаж байгаа. Солонгосын Элчин сайдын яам энэ асуудалд албан ёсоор уучлалт гуйна гэж найдаж байна. Танай улсад амьдардаг хүн бүхэн бидэнд чухал гэдгийг ойлгоорой. Хоёр улс дипломат харилцаатай, найрсаг хамтын ажиллагаатай учраас үүнийг улстөржүүлж болохгүй. Гэхдээ танай улсын Засгийн газар охины хэргийг анхааралдаа авч, хууль эрхзүйн зөвлөгөө, өмгөөлөл үзүүлэх, мөн хуулийн зүгээс үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах нөхөн төлбөрийг өгөх ёстой” гэв.

Харин БНСУ-аас Монгол Улсад суугаад Элчин сайдын яамны Дэд тэргүүн Ким Чоль Сан хэлэхдээ “Хоёр улс 30 гаруй жилийн хугацаанд найрсаг хамтын ажиллагаатай явж ирсэн. Ийм хэрэг гарсанд Элчин сайдын яамны дипломат ажилтны хувьд маш их харамсаж байна. Энэхүү болсон явдлыг нэн даруй шударгаар шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудад бид хандана. Манай улсын Засгийн газар энэ талаар мэдээлэл авч байгаа. Өчигдөр бид Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н. Анхбаяртай мөн энэ асуудлаар санал солилцсон. Хэргийг шуурхай шийдүүлэх, үр дүн гарсан даруйд бид танай улсын Засгийн газарт мэдэгдэх болно. Монгол Улсын 40 гаруй мянган иргэн манай улсад ажиллаж амьдарч байгаа нь хоёр улсын хөгжил, харилцаанд чухал гэж боддог. Найрсаг харилцаа үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. БНСУ-ын Цагдаагийн газраас сурагчийн эцэг, эхийн аюулгүй байдалд анхаарна. Бусад суваг болон цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өгнө өө” гэлээ.

Иргэн Ж.Отгонбаяр “Уучлалыг албан ёсны сайтдаа байршуулна гэж итгэж байна. Мөн охины ар гэрийг хамгаалалтад авч, эрхзүйн туслалцаа үзүүлж, мөн дэмжиж тусална гэдэгт итгэлтэй байна. Долдугаар сард болсон үйл явдал өнөөдөр гарч ирж байна шүү дээ. Тэнд амьдарч буй олон мянган монголчууд тийм ч таатай орчинд амьдарч чадахгүй байна. Солонгосын консул та огцор. Иргэдээ яагаад өмгөөлж хамгаалж чадахгүй байна вэ. Монголын төр угаасаа иргэнээ мартсан” хэмээлээ.