ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ууганбаяр: Ахмад настан болон хүүхдээ авч гадагшаа явахгүй байхыг зөвлөе

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-03

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдал болон шинээр дэгдсэн омикрон хувилбарын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр, ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгсайхан болон ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр нар оролцлоо.

Өвчлөлийн нөхцөл байдлын талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар яамны хэвлэлийн зөвлөх Б.Ууганбаяр ярихдаа “Шинэ мутацитай дэлхийн улс орнууд өөр өөрсдийн арга барилаар хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Монгол Улс хилээрээ оруулахгүй байх, хариу арга хэмжээг идэвхжүүлэх, нэмэлт тунд иргэдээ идэвхтэй хамруулах талаар ажиллаж байна. Хил дээр шинжилгээ хийж байгаа. Нэмэлт тун олон улсын өгсөн зөвлөмжүүдтэй уялдаж байгаа учраас иргэдийг идэвхжүүлэх ажил хийгдэж байгаа. Өдөртөө 15-аас дээш мянган иргэн хамрагдаж байгаа нь маш үр дүнтэй алхам болж байна.

Өндөр хөгжилтэй улс орнууд мөн нэмэлт тундаа хамрагдах нь үр дүнтэй гэдгийг хүлээн зөвшөөрч эхэллээ. Гадны улс орнууд шинэ хувилбараас үүдэн хилээ хаах, зорчих хөдөлгөөнөө хумиж эхэллээ. Монгол Улсын иргэд сүүлийн үед гадагшаа их зорчих болсон. Тиймээс та бүхэн хөдөлгөөнөө хумихыг хүсэж байна. Гадны улс орнууд омикрон хувилбартай холбогдуулан гаднаас ирсэн иргэдийг тусгаарлах, нислэг цуцлах эрсдэл байгаа учраас шаардлагатай биш бол гадагшаа явахгүй байхыг анхааруулж байна. Хүүхэд болон ахмад настнууд гадагшаа зорчихгүй байх нь зөв гэсэн зөвлөмж өгч байгаа юм” гэлээ. Мөн дэлхий дахинд өвчлөлийн тоо өсөж байхад Монгол Улсад буурч буй амжилтаа хадгалж үлдэхийг уриаллаа.