ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Батбаяр: Модерна, Пфайзер компаниуд омикронд зориулсан шинэ вакцины судалгаа хийж эхэлсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-03

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдал болон шинээр дэгдсэн омикрон хувилбарын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр, ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгсайхан болон ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр нар оролцлоо.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр шинэ хувилбарын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр, “Өмнөд Африкаас ийнхүү хоёр мутаци бүртгэгдлээ. Анх бета хувилбарыг илрүүлж байсан бол хамгийн сүүлд буюу омикрон хувилбарыг арваннэгдүгээр сарын 26-нд бүртгэсэн. Бета хувилбараас харьцангуй хурдан илрүүлж чадсан учраас нас баралт, эмчилгээний хувилбар, вакцины үр нөлөө зэрэг нь тодорхой байгаа. ДЭМБ-ын зүгээс анхаарал татах хувилбар гэж үзсэн. Улс орнууд судалгаагаа эрчимжүүлж байна. Өмнөд Африкийн эрдэмтэд судалгааг тогтмол хийж, дэлхийн улс орнуудтай судалгаагаа хуваалцсаар байгаа нь сайшаалтай гэж ДЭМБ үнэлсэн. Өмнөд Африкт гарч эхэлсэн даруйдаа өдөрт 250 орчим байсан бол сүүлдээ 2500 болж, өчигдрийн байдлаар 4500 болж нэмэгдлээ.

Учир нь тус улсад вакцинжуулалт хангалтгүй байгаа. Эрдэмтдийн судалгаагаар дельтагаар өвдсөн иргэд омикрон хувилбараар өвдөх эрсдэлтэй гэж үзсэн. Мутаци нь дархлаа султай хүний биед үүссэн. Өнөөдрийн байдлаар 25 улсад бүртгэгдлээ. Ботсвани, Нигер, Их Британи, Бельги, Чех, Израйл, Япон зэрэг 25 улсад бүртгэгдсэн. Ихэвчлэн 1-22 хүртэл тохиолдол бүртгэгдээд байна. Монголчуудын өргөнөөр аялаж буй Дубай хотноо мөн шинээр тохиолдол бүртгэгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрсдэлд суурилсан хорио цээр хийхийг зөвлөж байгаа. Модерна, Пфайзер компаниуд шинэ хувилбарт зориулсан шинэ вакцины судалгаа хийж эхэлснээ мэдэгдлээ. Мөн гуравдугаар тун хийх нь дархлааны Т эсийн идэвхжлийг нэмэгдүүлж, дархлааны хариу урвалыг эрчимжүүлж байгаа нь омикроны эсрэг үр дүнтэй гэдгийг Оксфордын Их сургуулийн эрдэмтэд танилцууллаа. Израйлын эрдэмтэд мөн хоёр тун пфайзер болон гуравдугаар тунгаа сарын дотор хийлгэсэн хүмүүст омикрон хувилбараас сэргийлэх чадвар 90 хувь байна гэсэн судалгаа танилцууллаа” гэв.

Манай улсын нийт хүн амын 22 хувь, зорилтот бүлгийн буюу 18-аас дээш насны иргэдийн 37 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдсаны үр дүнд тохиолдлын тоо 70 орчим хувь буурсан аж. Гэрээр хяналтад буй өвчтөний тоо оргил үеийнхтэй харьцуулахад  66-гаас 10 мянга, эмнэлэгт буй өвчтөн 22 мянгаас 5 мянгаар,  нэн хүнд өвчтөн 400-гаас 111 хүртэл багассан гэж онцоллоо.

Харин нас баралтын тохиолдол оргил үеийн долоо хоногийн дунджаас 4.5 дахин буурлаа. Гуравдугаар тунд иргэд идэвхтэй хамрагдсанаар вакцинд хамрагдаагүй жирэмсэн эмэгтэйчүүд болон 12-оос доош насныхны өвчлөл 2-3 дахин буурсан. Энэ нь гуравдугаар тунд иргэдийн хамралт нэмэгдсэнээр шууд бусаар вакцин хийлгээгүй жирэмсэн эмэгтэйчүүд болон 12-оос доош насныхны өвчлөл буурахад нөлөөллөө. ДЭМБ-аас өчигдөр /2021.12.02/ вакцинд хамрагдаагүй иргэд болон ахмад настныг гадагш аялахгүй байхыг зөвлөжээ. Тиймээс манай улсад ч гэсэн ахмад настан, вакцинд хамрагдаагүй 12-аас доош насныхныг онцын шаардлагагүй тохиолдолд гадагш аялалд авч явахгүй байхыг уриалж байна хэмээв.