ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Омикроны тархалт нийт хүн амын дунд 90 хувьд хүрчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-19

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгсайхан, Эрчимт эмчилгээний тасгийг эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Коронавирусийн өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо огцом ихэсч, өдөрт 2000-3000 шинэ тохиолдол бүртгэгдэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, шинэ оны өмнө ПСР шинжилгээгээр эерэг илрэх хувь 4-5 болж буурч байсан ч өнөөдрийн байдлаар 20 хувьд хүрч огцом нэмэгдсэн учраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна гэдгээ онцлов.

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгсайхан хэлэхдээ “Манай эмнэлэгт хэрэгжиж байгаа хариу арга хэмжээний зарчим өөрчлөгдсөн. Бид эхлээд зөөвөрлөгдсөн тохиолдлыг хянах, шинжилгээ авах зарчмаар ажиллаж байсан бол үүнийгээ өөрчилж дотоодын халдвар, томоохон халдварын бүсийг хяналтад авах зэргээр дотооддоо илүү анхаарч эхэлсэн. Халдвар авч буй нийт тохиолдлын 80-аас илүү хувь нь ажлын газар болон гэрээсээ халдвар авч байна. Сүүлийн тав хоногт үйлчлүүлсэн газрыг нь тандаж үзэхэд дэлгүүр, үйлчилгээний төв, томоохон худалдааны төв, эмийн сангаар үйлчүүлсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл, олон нийтийн газраар үйлчлүүлсэн иргэдийн 60 гаруй хувь нь ойрын хавьтал болсон гэсэн үг. Тиймээс нийт иргэд маань үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ маскаа зүүх, Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу хүн хоорондын зайгаа барих, чанарын шаардлага хангасан амны хаалтаа хэрэглэх шаардлагатай. Мөн ажлын газар, гэр бүлийн орчноо ариутгах зэргээр өмнөх дэглэмүүдээ баримтлах нь зөв юм. УОК, ЭМЯ зэрэг ажлын хэсгүүд ойр, ойрхон хуралдаж байгаа. Эрсдлийн нөхцөл байдал нэмэгдсэн учраас ямар хариу арга хэмжээ авах вэ гэдэг төлөвлөгөө, тооцоо ч гаргаж байна. Тохиолдлын тоо нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр оргилдоо хүрнэ. Энэ үед цагаан сарын баяр давхцаж байна. Мөн хүүхдийн сургууль, цэцэрлэг эхэлнэ” гэлээ.

ХӨСҮТ-д хувилбарын тандалтын шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд шинэ оны өмнө нийт тохиолдлын 1-3 хувь нь омикрон байсан бол шинэ он гараад эхний долоо хоногт омикроны хувилбар 40-50 болсон бол нэгдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар хүн амын дунд тархалт нь 90 хувьд хүрчээ.

Харин Эрчимт эмчилгээний тасгийн эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр “Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй иргэдийн эмнэлзүйн байдлыг харахад 30 орчим хувь нь хөнгөн, 60 орчим нь хүндэвтэр, 10 хувь нь хүнд, нэн хүнд гэсэн ангиллаар хэвтэн эмчлүүлж байна. ХӨСҮТ нь нэн хүнд, хүндрэх эрсдэлтэй гэсэн иргэдээ авч эмчилж байгаа.

Манай өвчтөнүүдийн 10 орчим хувь нь хөнгөн, 60 орчим хувь нь хүнд, 30 орчим нь нэн хүнд иргэд байна. Хавсарсан өвчтэй, өндөр настай хүмүүс хүнд, нэн хүнд байдлаар эмчлүүлж байгаа. Өвдсөн иргэдэд амьсгалын дээд замын халдварын үед илэрдэг шинж тэмдэг давамгай илэрч байгаа. Тухайлбал, хуурай ханиалга, хамар битүүрэх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Өмнөх хувилбар шиг уушгины хатгалгаа болох амьсгалын дутагдалд орох шинж тэмдэг бага байна. Чихрийн шижин, уушгины архаг өвчтэй, таргалалттай хүмүүс энэ хувилбараар хүнд өвдөж байна. 0-11 насны хүүхдүүд их өвдөж байгаа. Гэхдээ хүүхдүүдийн өвчлөлд хатгаа болж байгаа тохиолдол бага бий” гэлээ.