ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 375 зөрчил илрүүллээ

O.Admin
2022-03-26

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос шалтгаалсан зам тээврийн ослын улмаас 2021 онд 106 хүний амь хохирч, 205 хүн гэмтсэн байна. 

2022 оны I улирлын байдлаар согтуу жолоочийн гаргасан ослын улмаас:

  • 5 жолооч
  • 4 зорчигч
  • 1 явган зорчигч
  • 3 бага насны хүүхэд, нийт 13 хүний амь хохирч, 55 хүн гэмтсэн харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тээврийн цагдаагийн албанаас иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар “Уусан болд бүү жолоод” нэгдсэн хяналт шалгалтыг 2022 оны гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнийн хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж ажилласан байна. 

Хяналт шалгалтад нийслэл болон орон нутгийн хэмжээнд 400 гаруй хяналтын цэгт тус албаны харьяа газар хэлтэс, Төмөр зам дах цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 800 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.  

Хяналт шалгалтын хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийт 375 үүнээс нийслэлд 222, орон нутагт 153  илрүүлж, болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийллээ. Мөн зөрчил бүхий 246 тээврийн хэрэгслийг түр саатууллаа.

Шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамт архидан согтуурсан, бага насны хүүхдээ тээвэрлэсэн, найз нөхөд, дотны хүмүүс нь шаардлага тавиагүй, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэн, шалгуулахаас зайлс хийсэн зүй бус үйлдэл гаргасан асуудал зонхилж байлаа хэмээн ТЦА-наас мэдээлэв.