Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх бүтээн байгуулалтыг төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Боомтын зорчигч тээврийн хэсэгт 30 ширхэг, ачаа тээврийн хэсэгт 28 ширхэг барилга байгууламж, иж бүрэн шугам сүлжээ, дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламж, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий телехяналтын систем, тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд, өндөр хүчин чадал бүхий рентген төхөөрөмжийг ашиглалтад оруулна.
Зорчигч тээврийн цогцолборт хүлээлгийн болон үйлчилгээний танхимуудыг цогцоор нь байгуулж, зорчигчдын ая тухыг бүрдүүлнэ. Энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд Замын-Үүд боомтын зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин, ачааны тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 7 дахин нэмэгдэж иргэд, аж ахуйн нэгжүүд түргэн шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдэж, гадаад худалдааны эргэлт нэмэгдэнэ.