ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт зохион байгууллаа

O.Admin
2022-05-26

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх нь” уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.

Уулзалтаар мэргэжлийн хяналт шалгалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хяналт шалгалт, зөвшөөрөлтэй холбоотойгоор хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл, шийдэх арга замын талаар хэлэлцэж, цаашид мэргэжлийн хяналтын байгууллага болон мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны арга хэлбэр, нөөц бололцоо, эрх зүйн зохицуулалтын талаар ярилцсан.

Уулзалтаар бизнес эрхлэгчдийн зүгээс дараах асуудлуудыг нийтлэг хөндөж байв. Үүнд:

-Дотоодын стандартууд хуучирсан тул шинэчлэх, хяналт шалгалтын арга барил, эрх зүйн орчинг шинэчлэх

-Барилгын материал, бөс даавуу, хувцас, арьс шир зэрэг хүнсний бус бүтээгдэхүүний хяналт шалгалтыг сайжруулах

-Лабораторийн чадамжийг сайжруулах

-Хэрэглэгч, худалдан авагчдад бүтээгдэхүүнийг сонгох талаар мэдлэг боловсрол олгох

-Улсын байцаагчдийн мэдлэг, чадварыг сайжруулах

Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллага хэрэглэгч, үйлчүүлэгчийн талд шийдвэр гаргадаг, аж ахуйн нэгжид торгууль тавихыг урьтал болгодог, зөрчлийг арилгуулах тал дээр учир дутагдалтай талаар шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал, иргэн худалдан авсан бүтээгдэхүүнээ хадгалж, хэрэглэх явцад үүссэн асуудалд тухайн аж ахуйн нэгжийг буруутгах хандлагатай байдаг гэв.

МХЕГ-ын дарга Б.Баасандорж төрийн байгууллагуудын хяналт шалгалтын давхардлыг арилгах, хяналт шалгалтын арга барил, холбогдох хууль, стандартуудыг шинэчлэх шаардлагатай гэдэгтэй санал нийлж байгаагаа илэрхийлээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэх ажил явагдаж байгаа талаар мэдээлэл өгсөн.

 

Төр бүх хяналтыг хариуцах бус эрсдэл ихтэй салбар, чиглэлийг хариуцаж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодийн чадамжийг сайжруулснаар эрсдэл багатай хяналтыг хамтран хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчид, төрийн байгууллага иргэн бүрт эрүүл, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн төлөө хамтран хөгжих ёстой гэдгийг тэрбээр онцоллоо.

 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин тус танхимын зүгээс мэргэжлийн холбоодыг эрх зүйн чадамжтай болгох, төрийн хяналтын зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг болох, бизнес эрхлэгчид, иргэддээ мэдлэг мэдээлэл өгөх, сургах, соён гэгээрүүлэх зэрэг олон чиг үүргийг хэрэгжүүлдэг болох талаар ажлууд хийгдэж, хууль боловсруулагдаж байгаа талаар уулзалтын төгсгөлд мэдээлэл өглөө.