ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Махны үйлдвэрт ашиглаж байсан бодисыг цардуул гэж тогтоосон

O.Admin
2022-05-26

Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар НМХГ-аас мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, ""Эмээлтэд байрлалтай “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон. Уг бодисын гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан байсан ба үйлдвэрт технологийн зааваргүйгээр хэрэглэж байсан. 

Тиймээс Нийслэлийн прокурорын газарт тавдугаар сарын 19-ний өдөр үйл ажиллагааг нь зогсоох тухай саналыг хүргүүлсэн. Түүнчлэн мах боловсруулах үйлдвэрт байсан цагаан нунтгаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжүүллээ. Улмаар цардуулын өндөр агууламжтай, нэмэлт бүхий нийлмэл хольц болохыг тогтоосон. Тиймээс “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагааг хүчингүй болгосон. Тэгэхээр цаашид энэ компанийн нэрээр мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй гэсэн үг. 

Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг нийт 28 үйлдвэр хяналт шалгалтад хамруулсан. Шалгалтын үнэлгээ хараахан гараагүй байна. Түүнчлэн адууг зүй бус нядалж байна гэх мэдээлэл гарсан. Энэ нь 2017 оны зураг, мэдээлэл болох нь тогтоогдсон байгаа" гэлээ.

Мөн тухайн үйлдвэр нь мал эмнэлэг ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй байжээ. Тухайн мах болон бүтээгдэхүүнд хийсэн шалгалтаар гэдэсний савханцар нян илрээгүй ч зарим төрлийн бодис байх ёстой хэмжээнээс давсан байжээ. 

НМХГ-аас гаргасан дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэвэл: 

1.Шалгалтын явцад "Эм Ди Си Пи" ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт боловсруулалт хийх үед БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон ба "Нэгүүн.мн" сайтын сэтгүүлчийн Монгол малын маханд тариураар шингэн бодис шахаж байна гэх мэдээлэл нотлогдоогүй.

2. Мах боловсруулах үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, махыг хүлээн авахдаа үзлэг хийж бүртгэл хөтөлдөггүй, цехийн цэвэрлэгээ, ариутгал хийсэн бүртгэл хөтлөлт байхгүй, агуулахын хэмийн бүртгэл хөтлөлтгүй, ариутгал халдваргүйтгэлийн гэрээ байгуулаагүй, мэргэжлийн боловсон хүчний нөөцгүй, гарал үүсэл тодорхойгүй хугацаа дууссан цагаан өнгийн бодисыг технологийн зааваргүй хэрэглэж байсан.

3. "ХКҮ" ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт СХД-ийн МХХ-ээс шалгалт хийхэд "Мах импекс" ХК-д бэлтгэсэн хонь, ямааны махыг гэрээгээр авч өөрийн үйлдвэрт дулааны аргаар боловсруулалт хийсэн нийт 175 тн мах агуулахад хадгалж байна.

Тус компани нь бүтээгдэхүүнийхээ хайрцаг болон хаяг шошгыг БНХАУ-д захиалгаар хийлгэж үйлдвэрлэлдээ хэрэглэдэг. Махны цаасан хайрцаг дээр тус компанийн таних тэмдэг, логог тавиулсан бөгөөд мах боловсруулах үйлдвэр нь "Эм Ди Си Пи" ХХК-тай гэрээ байгуулж хамтарч ажилладаггүй, тус компанитай холбоотой гомдлоо Цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан байна.

4.Тухайн мах боловсруулах үйлдвэрт илэрч буй зөрчил нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй тул прокурорын тогтоолыг үндэслэн мах сэврээх, шулах, чанах, ангилан савлах цехэд хоёр ширхэг төмөр лац, 12 ширхэг цаасан лац тавьж, лац ломбо тавьсан тухай 0002944 дугаартай тэмдэглэл үйлдэж, мал төхөөрөх, мах боловсруулах, ангилан савлах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүхэлд нь түр зогсоосон.

5. НМХГ-ын Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс гаргасан 2018 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн ”Үйл ажиллагааны тухай” 02-02-145/277 тоот дүгнэлтийг цуцалж ажилласан.

6.Нунтаг цагаан бодисонд хийгдсэн шинжилгээний дүнг үндэслэвэл:

Мах боловсруулах үйлдвэрт байсан бор цаасан ууттай цагаан нунтаг дээж авч Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид цардуул, нитрит /NaNo2/, натрийн хлор, усанд үл уусах бодис, чийг, глутамат натри, кальци магнийн карбонат, формальдегид, устөрөгчийн хэт исэл, хар тугалга, кадьми, E451(i) /Триполифосфорын хүчлийн давс/ зэргийг хими хор судлалын лабораторид шинжлүүлэхэд ХАБҮЛЛ-ийн 2022 оны 22-2657 дугаартай сорилтын дүнгээр цардуулын агууламж 92.45 хувь, кальци магнийн карбонат 20.48 хувь, чийглэг 11.73 хувь, глутамат натри, нитрит, формальдегид илэрсэн тухай сорилтын дүгнэлт гарсан байна.