ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Баттулга: Авлига өгч шүүгч болдог гэх ам дамжсан яриа их байдаг

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-08-13

Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн П.Баттулгатай шүүгчийн сонгон шалгаруулалтын талаар ярилцлаа.

-Шүүгч нарыг сонгон шалгаруулах ажиллагаа хэр шударга явагдаж байгаа вэ?

-Шүүгчийн сонгон шалгаруулалт өнөөдөр шударга, шударга бус явагдаж байна гэж хэлэхэд хэцүү. Шүүх шударга байж, иргэдийнхээ эрхийг хамгаалж чадаж байвал ардчилсан ёс, шударга ёс бэхждэг. Шүүгч хэн нэгэнд өртэй хоцрохгүйгээр томилогдох ёстой. Хэн нэгний нөлөөнд орж, үүрэг амлалт авч томилогдсон шүүгчээс шударга шийдвэр гарна гэж найдах боломжгүй. Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо шударга олон нийтэд ил тод явагдах ёстой. Иргэдээс энэ хүн л шүүгчээр ажиллах ёстой гэсэн үнэлэмж авсан хүнийг томилж байх учиртай юм. Иргэд болон хуульчдын дунд шүүгчийн сонгон шалгаруулалт үнэхээр шударга явагдаж гэж хэлэхэд учир дутагдал байгаа.

-Шүүгчийн сонгон шалгаруулалтыг сайжруулахын тулд яах ёстой вэ?

-Шүүгчийг сонгон шалгаруулах процесс 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл сайжраад л явж байна. Цаашдаа ч илүү сайжрах байх. Шүүгчийг сонгон шалгаруулахад хэд хэдэн байгууллага оролцдог. Нэгдүгээрт, шүүхийн мэргэжлийн хороо гэдэг байгууллага байна. Энэ байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 13 дугаар зарлигаар баталсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”, ШЕЗ-өөс баталсан тогтоолын дагуу “Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс суурь болон тусгай долоон шалгалт авдаг. Хяналтын шатны шүүгчээс найман төрлийн шалгалт, давж заалдах шатны шүүгчээс тусгай шалгалтуудыг авдаг. Шүүгчид нэр дэвшиж буй хүмүүсээс эрх зүйн төдийгүй, зан төлөв, ёс зүйн шалгалтуудыг авч байгаа. Шүүхийн мэргэшлийн хороо маань шүүгч нарын намтарыг хүртэл судалдаг болсон. Түүнчлэн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцдог нөгөө нэг чухал байгууллага нь Монголын хуульчдын холбоо байгаа. Тус холбоо шүүгчид нэр дэвшиж буй хүн тус бүрд шүүгчээр ажиллах шалгуур үзүүлэлтийг хангана, хангахгүй гэдэг дүгнэлт гаргадаг.

-Сонгон шалгаруулж буй процесс нэлээд сайжирсан юм байна. Өндөр оноо авч нэгээр гарсан хүмүүс шүүгчээр шударгаар томилогдож байгаа юу?

-ШЕЗ шүүгчид нэр дэвшигчийг эцсийн байдлаар тогтоож, шүүгчээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлдэг. Гэвч ШЕЗ-ийн шүүгчийг сонгон шалгаруулах ажлын ил тод байдал бүрэн дүүрэн хангалтгүй байна. Үүнээс үүдээд Ерөнхийлөгчид санал болгож байгаа нэр дэвшигчийг ямар үндэслэлээр яагаад сонгосон нь тодорхой бус, үзэмжийн хүрээнд шийдэж байна гэдэг асуудал яригдах болсон. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу шүүгчид нэр дэвшигчийг онооны байдлаар эрэмбэлж, илээр санал хурааж, олонхийн санал авсан хүнийг Ерөнхийлөгчид санал болгоно гэсэн заалт байдаг боловч бодит байдал дээр хэрэгждэггүй. Шүүгчид нэр дэвшигч маань хэдэн хүнтэй өрсөлдөөд ямар оноо аваад хэдэд жагссан гэдэг нь тодорхойгүй үлдэж байгаа. Шүүгчийн сонгон шалгаруулалтын ил тод нээлттэй байдал хангагдахгүй байгаа. Харамсалтай нь ШЕЗ шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон хүмүүсийн онооны эрэмбийг харгалзахгүйгээр тааруухан оноо авч доогуур жагссан хүмүүсийг шүүгч болгохоор Ерөнхийлөгчид санал болгосон ойлгомжгүй асуудал гаргасаар байгаа.

- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2013-2014 онд 181 шүүгчийг томилсны 79 нь доогуур эрэмбэлэгдсэн хүмүүс байсан энэ ямар учиртай вэ?

-Шүүгчийн сул орон тоонд томилогдохоор сонгон шалгаруулалт орсон боловч  нэгдүгээрт эрэмбэлэгдээгүй хүмүүс шүүгч болсон асуудал бий. Тухайлбал, шүүгчийн нэг сул орон тоонд өрсөлдсөн боловч нэгт биш, гурав эсвэл дөрөвдүгээр байранд жагссан мөртлөө шүүгч болчихсон 79 тохиолдол байгаа. Хамгийн өндөр оноог авч нэгдүгээрт эрэмбэлэгдээд, дээрээс нь Монголын хуульчдын холбооноос шүүгчээр ажиллах ёс зүйтэй хүн гэсэн дүгнэлт авсан хүнийг ШЕЗ яагаад Ерөнхийлөгчид санал болгоогүй нь одоог хүртэл тодорхойгүй байгаа.

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх нь ШЕЗ-өөс шүүгчээр томилуулахаар санал болгосон хүмүүстэй уулзаж,  бидний талд үйлчилнэ гэсэн үүрэг амлалт өгвөл шүүгч болгоно гэж дарамталсан тухай цуу яриа сонссон. Та ийм яриа сонсож байв уу?

-ШЕЗ-өөс шүүгчээр томилуулахаар  Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгосон хүмүүсийг хэдий хугацаанд хэрхэн томилох асуудал тодорхой хуульчлагдаагүй. Заримдаа долоо хоногийн дотор, эсвэл бүр 30-40 хоногийн дараа Ерөнхийлөгчийн зарлиг гарсан тохиолдол байдаг. Шүүгчээр томилуулахаар нэрс нь явсан хүмүүст хүлээлт үүсгэдэг асуудал бий. Тэр хооронд Ерөнхийлөгчийн зарлиг томилно гэж гарах уу, томилохгүй хэмээн буцаах уу гэдэг нь  ч  тодорхойгүй байдаг. Хуульчид судлаачдын дунд  ШЕЗ-өөс шүүгчээр томилуулах саналтайгаар Ерөнхийлөгч рүү нэрс нь явсан хүмүүстэй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга эсвэл Ерөнхийлөгчийн зөвлөх нь уулзсан, шүүгчийн томилгоонд нөлөөлөх байдлаар орж ирдэг гэсэн асуудал албан бус байдлаар яригддаг.

-Тэдгээр хүмүүс шүүгч болох гэж хүмүүстэй яг юу ярьсан байх уу?

-Ганцхан хүн дээр гарсан асуудал биш байнга болдог процесс гэж ойлгосон. Ерөнхийлөгч доорх хүмүүстээ үүрэг өгч шүүгч болох гэж буй хүмүүсээ судлуулж тандуулсан ч байж магадгүй.

-Энэ нь хуульд нийцсэн ажиллагаа юу?

-Хуульчлагдаагүй.  Албан бус байдлаар ийм асуудал гардаг л гэсэн үг. Хуульд ШЕЗ шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулж Ерөнхийлөгчид санал болгоно. Ерөнхийлөгч шүүгчийг томилно гэсэн заалттай.

-ШЕЗ-өөс санал болгосон хүнийг Ерөнхийлөгч томилохгүй буцаасан тохиолдол олон  байдаг уу?

-Бидний хийсэн судалгаагаар шүүгчээр томилуулахаар санал болгосон хүнийг томилохгүй буцаасан 27 тохиолдол байдаг. Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед хоёр, Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед дөрөв, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед 21 удаагийн тохиолдол гарсан. Энэ 21 тохиолдлын найм нь ШЕЗ-өөс санал болгосон хүнийг томилолгүй буцаасан байдаг бол 13 нь шүүхийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн үеэр шүүгчээр ажиллаж байсан 13 хүнийг томилолгүй үлдээсэн байдаг. Шүүгчээр томилолгүй буцаасан үндэслэлдээ яагаад гэдгээ бичээгүй байдаг. Харин “тэр овогтой тэрнийг шүүгчээр томилох боломжгүй байна” гэсэн зүйл бичсэн байсан.

-Их хэмжээний авлига өгч байж шүүгч болдог гэдэг яриа их байдаг. Танд энэ талаарх бодитой мэдээлэл баримт ирж байв уу?

-Нотлогдсон зүйл бол байхгүй. Хуульчдын дунд яригддаг ам дамжсан яриа бол байдаг. Ийм яриа гарчихсан байгаа нь өөрөө шүүгчийн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, ойлгомжтой болгох шаардлага үүссэн гэдгийг л харуулж байгаа юм.