ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шотландын оффшорт бүртгэлтэй компаниуд төмөр замын салбарт ноёрхов уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-08-20

Экс Ерөнхийлөгчийн хэлдгээр төрийн албан тушаалаас тас зуурсан “гүлдгэр нөхөр” төмөр замын салбарыг туйлд нь хүртэл самарч байна. “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн даргаар сууснаас хойш сайнаас илүү саараар дуудуулж буй Д.Жигжиднямаагийн тарьсан балаг энэ салбарт хангалттай их гай удлаа. “Шилэн” гэх тодотголтой ч ширэн нүүр царайлсаар ажлаа өгсөн Зам тээвэр, хөгжлийн яамны дэд сайд асан Б.Цогтгэрэл нарын хамтарсан мөнгө идсэн, уусан гэх дуулиан хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр өнжихгүй гарч байгаа. Ашиглалтын хугацаа нь дууссан, ОХУ-д тээвэрлэлт хийгээд 25 жил болсон 1000 вагон /нэг вагоны ашиглалтын хугацаа 30 жил байдаг/ оруулж ирсэн гэх дуулиантай зэрэгцэн төмөр замын салбарт хоёр ч удаа ноцтой осол гарав. Дэр мод нь муудсаны улмаас ОХУ-аас ачаа тээвэрлэж байсан ачааны вагон осолдсон хэрэг гарахад өртөөний ажилтанд хариуцлага тооцоод чимээгүй өнгөрсөн юм.

Зүтгүүр шатсан, өртөөний ажилчдын байранд гал гарсан, ачаатай хоёр вагон гол зам руу орсон гэх мэт олон ч ноцтой хэргийн яриа соошл орчинд яригдсан ч асуудал тэгсхийгээд намжиж байв. Тэгвэл хамгийн сүүлд буюу наймдугаар сарын 11-нд Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний 747 дугаар км-ийн есдүгээр зуутад Улаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын 286 дугаар галт тэрэг осолдлоо. Нийт 328 зорчигчтой явж байсан суудлын вагоны дөрөв нь осолдсон шалтгаан үерийн ус орж, зам эвдэрснээс болсон хэмээж байгаа ч Д.Жигжиднямаа дарга шууд болон шууд бусаар үүнд хариуцлага хүлээх учиртай юм. Яагаад гэвэл, дэлхийн хамгийн хоцрогдсон төмөр зам ганцхан Монголд л байна. 1120 км замын гол зам нь болох 481 км буюу 43 хувь нь насжилт муудсан, модон дэртэй байсаар байхад эрхэм дарга хугацаа нь дуусах шахсан вагон их хэмжээгээр авч, түүндээ нэг тонн нь 10 сая төгрөгийн өртөг бүхий өндөр үнэтэй “Caprinus HPD” гэх тос хэрэглэдэг аж /өмнө нь энэхүү тосыг нэг тонныг нь 6-7 сая төгрөгөөр авч байжээ/. Мөн тос худалдан авах гэрээнд УБТЗ-ын бүх дарга гарын үсэг зурдаг байсан ч 10 сая төгрөгийн өртөг бүхий тос авах гэрээнд ганцхан Д.Жигжиднямаа даргын ганц гарын үсэг байсан гэх яриа ч гарч байв. “Алтан шаахай углавч алцан майга нь хэвээрээ” гэгчээр 10 сая төгрөгийн үнэтэй тосоор тослоод ч зам нь сайжирч, вагон нь шинэчлэгдсэнгүй. Энэ мэтээр түүний нэр холбогдсон олон баримтууд ил болж байна.

Харин тэр албан тушаалаасаа буусангүй. Тэгж чадах ёсзүй ч байсангүй. Өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ “Осол байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болсон. Надад ямар үндэслэлээр хариуцлага тооцох гээд байгааг ойлгохгүй байна” хэмээн гүлдийсээр гарч одлоо. Тэр дахиад л уснаас хуурай гарах бололтой. Харин 328 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж чадаагүй энэ осолд хэн хариуцлага хүлээх нь тодорхой бус үлдэв. “Нэг гахай бол яах вэ, хоёр бол засаад авна, гурвын гурван гахай” гэдэгчлэн Д.Жигжиднямаа даргын хариуцлага алдсан, төмөр замын салбарын нэр хүндийг унагасан ноцтой хэрэг зөрчил ганц удаа ч болоогүй юм. Нэг бол алдаагаа засна хэмээн хүлээж сууж болно. Харин эрхэм дарга нэлээд олон ноцтой асуудалд нэр нь хутгалдсан. Тэр ч байтугай 10 гаруй тэрбум төгрөгийг хугацаа дууссан вагон оруулж ирэх нэрийдлээр хууль бусаар хувьдаа завшсан уу гэх асуудлаар хэд хэдэн иргэн АТГ-аас гадна Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулахаар өгчээ. Шалгалт эхэлсэн гэх яриа ч байна. 

1000 вагон, зам засварын вагон оруулж ирсэн хоёр компани нэг эзэнтэй байв уу 

Хэргүүдийг эргэн сануулахад, Зам тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэл, УБТЗ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Жигжиднямаа нар ашиглалтын хугацаа нь дууссан 1000 вагоныг оруулж ирэх гэрээг 1000 паундын дүрмийн сантай, Шотландын оффшор бүсэд бүртгэлтэй “MaxBridge Logistics L.P” компанид даатгаж, ажлаа эхэлснийг хэвлэл мэдээллээр хангалттай бичлээ. Тэд ч хүлээн зөвшөөрсөн. Улмаар бүх вагон орж ирж дуусаагүй учраас энэ компани өнөөдрийг хүртэл ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм билээ. Хамгийн хачирхалтай нь энэхүү компанийн эзний гарын үсэг яг адилхан, мөн л Шотландын оффшор бүсэд бүртгэлтэй, 1000 паундын дүрмийн сантай  “LordWest Trade L.P” гэх компаниар дамжуулан Д.Жигжиднямаа дарга зам засварын машиныг худалдан авсан гэх баримт байх юм. Энэхүү хоёр компанийн гарын үсэг адилхан байсан тухай асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцэн зам засварын машин оруулж ирсэн Шотландад бүртгэлтэй компани нь татан буугдаж, гарын үсэг ч өөрчлөгджээ. Гэтэл өндөр үнээр оруулж ирсэн энэхүү машиныг БНХАУ-аас өмнө нь хоёрыг ч оруулж ирсэн байдаг. Нэг бүр нь 20 мянган ам.долларын үнэ бүхий хоёр зам засварын машиныг нэг ч удаа ашиглаагүй. Үндсэндээ 40 мянган ам.доллар тоосонд дарагдаж, сэг болчихоод хэвтэж байна, төмөр замын хашаанд. Д.Жигжиднямаа дарга үүнийг мэдэж байсан уу, эсвэл мэдэхгүй байсан уу. Эсвэл мэдсэн ч мэдэн будилж, зам засварын машин Монголд оруулж ирэх зорилгоор байгуулагдсан оффшор компанид юуны учир давуу эрх олгосныг хууль шүүхийн байгууллага шалгах биз ээ. Мэдээж Монголын талын нэгхэн даргад энэ бүх санхүүгийн эрх мэдэл байдаггүй нь ойлгомжтой. ОХУ-ын тал ч томилсон дарга нь хувь нийлүүлсэн хөрөнгөөр нь туйлж байхад яагаад чимээгүй суудаг нь сонин. Салбарынхны дунд яригдаж буйгаар түүнийг ОХУ-ын талд нөлөө бүхий эрх мэдэлтэнтэй ойр дотно нөхөрлөдөг гэх. Гэвч энэ бол ам дамжсан яриа, нотлогдоогүй асуудал. 

БНХАУ-аас орж ирсэн 16 вагоныг дотооддоо засах боломжтой 

Уншигч та санаж буй бол өмнө нь бичсэн “Төмрийн “сэг”-ийн ченжүүд” нийтлэлдээ 2007 онд БНХАУ-аас оруулж ирсэн 16 вагоны дуулианыг бичиж байлаа. Хамтдаа буюу 16-уулаа нэг багц болж ажилладаг энэхүү вагоныг тухайн үед 15.7 тэрбум төгрөгөөр худалдан авч байжээ. Гэвч 11 жилийн дараа тэдгээр вагонууд их завсарт орохоор болж, өмнөд хөршид 18 орчим тэрбум төгрөгөөр засуулсан нь саяхных. Энэ нь дахиад 16 ширхэг цоо шинэ вагон авах боломжтой мөнгө. Эдгээр 16 вагоноос инженерийн вагон нь маш чухал юм билээ. Тэндээс цахилгаан, дулаан, ус зэргийг бүгдийг нь авдаг. Өртөг нь ч өндөр аж. Тэгвэл инженерийн вагоныг л зөвхөн БНХАУ-д засуулж, үлдсэн 15 вагоны дотоод засал, өнгө будаг, хөшиг, рестораны засварыг төмөр замын салбарын инженерүүд өөрсдийн нөөц бололцоогоор хамгийн ихдээ нэг тэрбум төгрөгт багтаагаад засах боломжтой юм билээ. Өөрөөр хэлбэл, нийтдээ гурван тэрбум төгрөгөөр л засвар хийх бүрэн боломжтой гэсэн үг. Гэвч 18 тэрбум төгрөгөөр их засварт орсон 16 вагон буцах замд чиргүүл вагоны генератор шатсан нь олонд ил болж байлаа. Төмөр замын салбарт хийморийн сан тавиулаад ч өөдлөхөөсөө өнгөрчээ. Энэ их айлд тэрбум, тэрбумаар засвар хийгдэж, тэрбумаар зам засварын вагон импортолж, тэрбумаар метал лоом болох шахсан хугацаа нь дууссан вагон орж ирсээр... Мөнгө харсан бизнес нь одоо байтлаа хүний амь авах шахав. Төмөр бетон дэрний үйлдвэртэй атлаа нийт замынхаа 43 хувьд нь модон дэртэй, хуучирсан зам дээгүүр хугацаа нь дууссан вагон явуулчихаад түүндээ 10 сая төгрөгийн үнэтэй тос масло түрхэж суух даргад хэзээ хариуцлага тооцох юм бэ. Томилсон ОХУ-ын тал нь хариуцлага тооцох биз хэмээн арьсаа хамгаалсаар суутал төд удахгүй төмрийн сэг нь хүний аминд хүрэх вий дээ. Оффшор бүсээр дамжсан их хэмжээний мөнгө угаасан хэрэг гарах нөхцөл байдал ч үүсчихээд байна, Ерөнхий сайд аа, Ерөнхийлөгч өө. Үр дүнд нь Монгол Улсын нэр хүнд шалаар хөглөрөх нь гэх болгоомжлол ч байна. Шархыг буглахаас нь өмнө эдгээдэг. Гэтэл энэ салбарт бугшсан идээ бээр улам бүр лавширч, хүрээгээ тэлчихэж. Энэ яваа насандаа вагон осолдож, хүн бэртэхийг харлаа. Үлдсэн насанд үүнээс ч илүүг үзэхгүй юмсан.