ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТАНИЛЦ: Дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд хэрэгжүүлж эхэлсэн шилдэг туршлагууд

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-11-18

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цахим шилжилт хийх, шинэ технологи, инновацыг нутагшуулах, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын сайн туршлага, шинэлэг санааг хуваалцах “UB healthecare week 2022”  цогц арга хэмжээг арваннэгдүгээр сарын 16-18-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас  зохион байгуулж, өнөөдөр хаалтаа хийлээ. Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг технологиор шийдэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд технологи, инновацыг нэвтрүүлэх, цахим шилжилтийг өргөжүүлэх зорилгоор энэхүү өдөрлөг, үзэсгэлэнг зохион байгуулав.

Тус өдөрлөг нь өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвүүд хоорондоо сайн туршлага хуваалцах, түүнийгээ олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах зорилгоор жил бүхэн зохион байгуулагдах бөгөөд өнөө жил 400 гаруй бүтээлээс 199-ийг нь тодруулж, шилдэг 30-ыг нь үзэсгэлэнд дэлгэжээ. 

Энэ талаар НЭМГ-ын Чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Энхжаргал хэлэхдээ “Бид өнөөдрийн үзэсгэлэнд шилдэг 199-ээс шигшиж, 30 бүтээлийг  танилцуулж байна. Эрүүл мэндийн салбар маш их өөрчлөгдсөн.

Шинэ тутам ч хөгжиж байгаа. Тухайлбал, жирэмсний үед бүсгүйчүүд дасгал хөдөлгөөн бага хийж, эм их уудаг. Тэгвэл дасгал хөдөлгөөнөөр жирэмсний үеийн зовиурыг бууруулах арга аргачлалыг хэрэгжүүлэх боломжтойг үзэсгэлэнгээр харуулахыг зорилоо.

Үүнийг бусад эмнэлгийн байгууллагууд ч хэрэгжүүлэх бололцоотой. Мөн гэмтлийн ганцхан эмнэлэгт дугаарлаж үзүүлдэг. Тэгвэл Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг нийт есөн төрлийн гэмтлийн хагалгааг хийж байгааг тэр болгон иргэд мэдэхгүй байгаа юм.

Шүд эрүү нүүрний төв нь шүд ломбодохыг хялбаршуулсан эмчилгээг гаргаж ирлээ. Мөн хүн амын дунд архидан согтууралт их байгаа. Үүнийг чиглэсэн өдрийн эмчилгээ, сэтгэл засал, хандлагын эмчилгээг хийснээр нийт үйлчлүүлэгчийн 80 гаруй хувь нь архины хамаарлаас ангид болж байна шүү дээ. Өрхийн эмнэлгүүд QR кодоор бүртгэл хийдэг болчихлоо. Мөн хэл ярианы бэрхшээл хүн амын дунд багагүй байна. Үүнийг засах үүднээс “Бяцхан тэмүүлэл” эмнэлэг үйлчилгээ үзүүлж байна. Өрхийн эмнэлэгт элгэнд хавдар үүссэн эсэхийг мэддэг болчихсон гээд эрүүл мэндийн үйлчилгээ иргэндээ илүү хялбараар хүрдэг болсон сайн туршлагыг өнөөдрийн үзэсгэлэнгээр үзүүлэхийг зорилоо” гэв.

Тухайлбал, Нийслэлийн түргэн тусламжийн төв гэхэд түргэний машин хаана явж байгаа, хэдэн минутын дараа иргэн дээр очих вэ гэдгийг цахимаар хянах боломжийг бүрдүүлж өгчээ. Дуудлага өгсөн иргэн гэж байгаа үгүйг тогтоодог болжээ. Уншигч та бүхнийг сайн туршлагыг эрүүл мэндийн төвдөө хэрэгжүүлсэн зарим байгууллагын төлөөлөлтэй уулзуулъя.

Ж.Бямбадорж: Шилдэг бүтээлийг эрүүл мэндийн байгууллагууд заавал хэрэгжүүлэх ёстой 

/Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга/

-Зарим бүтээлүүд хэрэглээнд шууд нэвтэрч байна. Тухайлбал, түргэн тусламжийн машин JPS-тэй боллоо. Ингэснээр дуудлага өгсөн иргэн түргэн тусламжийн машин хаана явж байгааг харах бололцоотой болсон. Ингэснээр цаг хугацаа маш их хэмнэнэ.

Мөн энэ жил нийслэлийн эрүүл мэндийн салбарын эмчилгээ, оношилгоонд 199 бүтээл шинээр нэвтэрчээ. Үүнийг гурван үе шаттай шалгаруулсан. Өнөөдөр зөвхөн дээжийг нь танилцуулж байгаа юм. Шилдэг бүтээлүүдийг эрүүл мэндийн байгууллага заавал хэрэгжүүлэх хэрэгтэй. Бусдыг нь сонголтоороо хэрэгжүүлж болно.

Мөн долоо хоног бүрийн дөрөв дэх өдөр шилдэг бүтээлийг бусдад танилцуулах, зааж өгөх, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулдаг болсон. Түүнчлэн манай түргэн тусламжийн ажилтнууд дамнуурга зохион бүтээжээ. Бидний зүгээс үүнийгээ гарааны бизнес болгооч ээ гэдэг саналыг тавьж байна. Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт нийгмийн эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулах туршлага хуримтлуулж байна.

Үүнийгээ дагаад иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг таниулах гэх мэт олон шат дараатай арга хэмжээг авна. Багануур дүүргийн эмнэлэгт хэрэгжүүлсэн туршлагаа хуримтлуулж, баяжуулаад дараа дараагийн эмнэлэгт нэвтрүүлэх зэргээр ажиллахаар зорьж байгаа.

Х.Алгирмаа: Овьёосны шүүсийг харшилтай хүүхдэд хэрэглэх нь маш үр дүнтэй 

/Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн эмч/

-Овьёосны ашиг тус нь арьсыг маш сайн тайвшруулж өгдөг. Үрэвслийг намдааж, арьсыг зөөлрүүлнэ. Тиймээс харшилтай хүүхдийг усанд оруулах бүрт овьёосны хандыг хэрэглэж болно. Ингэснээр загатнах, хуурайших, хүүхдэд тавгүй байх байдал нь үгүй болно. Дараа нь хүүхдэд тохирсон чийгшүүлэх  тосыг хэрэглэх нь чухал. Тогтмол хэрэглэх юм бол арьсны зовиурууд арилна.

Маш үр дүнтэй. Сүүлийн үед харшилтай хүүхдүүд их төрдөг болсон. Энэ нь гадаад орчин, ээжийн хоололт, химийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт олон шалтгаанаас үүдэлтэй. Манай эмнэлэг "Овьёосны хандан дэвтээлгэ" эмчилгээгээр өнөөдрийн үзэсгэлэнд оролцож байна.

Ц.Одончимэг: Манай эмнэлэг эмчилгээндээ 6-7 төрлөөр бэлтгэсэн тан хэрэглэдэг

/Багануур дүүргийн Сэргээн засах сувилалын Уламжлалтын их эмч Ц.Одончимэг/ 

-Багануур дүүргийн сэргээн засах тасаг нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тасаг нь 36 ортой, өдрийн болон амбулаторийн эмчилгээг хийдэг. Өнөөдрийн үйл ажиллагаанд эмнэлэгт хийгддэг эмчилгээнүүдээ танилцуулж байгаа. Тухайлбал, манай эмнэлэг эмчилгээндээ мөнгөжүүлсэн зүүг хэрэглэдэг. Энэ нь шар ус хурсан газрууд болон төөнөх эмчилгээнд хэрэглэгддэг. Мөн гурван төрлийн төөнүүр авчирлаа. Харандаа, янжуур, монгол төөнүүр. Төөнүүрийн манай эмч нар өөрийн арга, туршлагад үндэслэн гаргаж авсан. Өвчтөний биеийн байдалд тохируулан гаргаж авдаг байгаа.

Өнөөдрийн үзэсгэлэнд 6-7 төрлийн тангаа авчирлаа. Танг зөвхөн нунтаг хэлбэрээр бэлтгэдэггүй. Нунтаг, үрэл, тосон, зуурмаг, талхан, архин гэх мэтээр эмчилгээний арга барилаас шалтгаалан тангаа өөр өөр байдлаар бэлтгэдэг. Чавга, үзмээр архин тангаа бэлтгэх жишээний. Ер нь ковидын дараа болон ковидын үед ч уламжлалт эмчилгээг маш их хэрэглэж байна.

Тиймдээ ч манай байгууллага хүн хүнд нь тохирсон эмчилгээг хийж эхэлсэн. Ковидын ужиг уу, архаг ханиад уу гэх мэтээр эмчилгээгээ сонгож байна. Монгол тан хоруу чанар маш бага. Тиймээс эмчилгээнд түлхүү хэрэглэснээр дархлаа дэмжих, уушги цэвэрлэх зэргээр 7-14 хоногт эмчилгээ бүрэн хийгддэг. Өнгөрсөн жил бид ковидын дараах эмчилгээнд анхаарч байсан бол өнөө жил томуу, томуу төст өвчний эмчилгээ үйлчилгээнд анхаарч байна.

Хүүхдүүдийн ханиад маш их дахиж байна. Ер нь иргэд гэртээ тамир тэнхээгээ тэтгэхийн тулд шингэн зүйл маш сайн уух ёстой. Тасалгааны температурыг хүйтэн гэж үздэг учраас өглөө аль болох халуун зүйл ууж хэвшээрэй. Шар тостой халуун ус, арвайн гурилтай цай ууж болно. Өдөрт ааруул ээзгий дэвтээсэн ус, зөгийн балтай ус ууна. Шөл устай хоол идмээр байгаа юм. Ясны шөлөнд тан буцалгаад өдөртөө хэрэглэж хэвшвэл зүгээр. Өвлийн улиралд ер нь хоолоо шөл устай, эсвэл жигнэж хэрэглэхийг зөвлөе. Нойр маш сайн авахын тулд 22.00 цаг гэхэд унтчихвал зүгээр гэдгийг зөвлөж байна.

н.Лхагвачимэг: Иргэн өөрсдөө чихрийн шижингийн эрсдэлээ тооцох боломж бүрдсэн 

/Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотоод шүүрлийн эмч/

-Манай Эрүүл мэндийн төв нь чихрийн шижингийн эмчилгээнд нэг том үсрэнгүй хөгжил хийчихлээ. Шаркуудаас санхүүжилт авч чадсан "mend" аппликейшнтэй хамтраад иргэн хүн чихрийн шижингээ үнэлж болох дэвшлийг хийж чадлаа. Иргэн хялбаршуулсан журмаар буюу QR код уншуулаад эрсдэлээ үнэлж болно. Хоёрдугаарт, хоёр өдрийн хөтөлбөрт хамрагдан мэдээлэл цуглуулснаар өөрөө эрсдэлээ үнэлж болно. Мэдээллээ оруулсан иргэний эрсдэл өндөр гарвал бид эргэж холбогдоод хөдөлгөөн зохицуулалт, хоолны зөвлөгөө зэргийг өгөх, дараа дараагийн шатлалын эмнэлэг рүү холбох зэргээр ажилладаг.

Энэ ажил маань Солонгосын мэс заслын эмч нарын олон улсын хуралд постер хэлбэрээр оролцож, тэргүүн байранд орлоо. Одоогоор зайлшгүй хэрэгжүүлэх 10 үйл ажиллагааны нэг болчихоод явж байна. Дэлхий дахинд 547 сая иргэн энэ өвчнөөр өвдчихсөн явж байгаа. Нийт хүн амын 10.5 хувь. Өвчлөл маш өндөр, цаашдаа ч хурдацтай өсөх нь ээ. Чихрийн шижин амьдралын хэвшлээс шалтгаалдаг. Багаар тэмцдэг өвчин. Нэг ёсондоо тэр хүн ганцаараа зүтгээд эмчилж чадахгүй. Толгойн оройгоос хөлийн ул хүртлээ хүндрэл өгдөг учраас эрт үедээ эрсдэлээ үнэлж, эрсдэл өндөр гарвал түүнийгээ хянаж дэглэм барьж сурахыг зөвлөж байна.

Н.Мөнхнасан: “Жамц жүгба” эмчилгээг манай эмнэлэг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн 

/Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний ахлах сувилагч/

-Өнөөдөр бид насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдэд хэрэглэдэг асаргаа сувилгааны иж бүрэн бүтээлээ танилцуулж байна. "Сувилагчийн ажлын тооцооны дэвтэр", "Хүүхдийн эрчимт эмчилгээнд зонхилон тохиолдох зарим асуудал", "Мэдлэгийн хөтөч" буюу сувилахуйн арга зүйч нарын нэгдэж гаргасан ном, гарын авлага зэрэг бүтээлүүдээрээ оролцлоо.

Манай төвийн ай ти инженерүүд “Эрүүл мэндийн байгууллагад “Google map” нэвтрүүлэх” гарын авлага бэлтгэснийг энд танилцууллаа. Өөрөөр хэлбэл, “google map”-д эмнэлгийн хаягийг оруулснаар хэдэн минутын дараа эмнэлэгт очих, цаашлаад цагаа яаж авах, доторх зохион байгуулалтыг харуулах дэвшлийг нэвтрүүллээ.

Цаашдаа бид энэхүү үйлчилгээг ашиглан тухайн иргэн локайшнаа асаасан тохиолдолд өвчтөнийхөө гэрт очиж үйлчилгээ үзүүлэх чиглэл рүү явж байгаа. Мөн саажилттай, харвалттай өвчтөнүүдэд зориулсан жижиг булчин сайжруулах төхөөрөмж, цэр ховхлох, халуун бууруулах эмчилгээнд манай уламжлалтын эмч нар “Жамц жүгба” эмчилгээг мөн хэрэглэдэг болсон зэрэг сайн туршлагуудаар оролцож байна.

Д.Зулаа: Ларингитыг зөв эмчилж, оношилж чадсанаар шаардлагагүй хэвтэлт багассан 

/Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга/ 

-Манай хүүхдийн эмч нараас олон улсад хэрэглэгддэг сүүлийн үеийн удирдамжуудыг орчуулан, Монголын нөхцөл байдалд тохируулж боловсруулсан. Нийт 24 удирдамжийг боловсрууллаа. Тэдний нэг нь Бачуурлын хүндийн зэргийг оноогоор үнэлэх систем юм. Сүүлийн үед бачуурал буюу ларингит болсон хүүхдүүд маш их ирэх боллоо.

Тэр хүүхдүүдийг буцаах боломжгүй. Хэвтүүлэх гэхээр томуу, томуу төст өвчний үед орны хүрэлцээ хангамжаас шалтгаалан ор хүрэлцэхгүй учраас олон улсын удирдамж, заавар зөвлөгөөг дагаж мөрдөн хүүхдийг үнэлээд эмчилгээ зөвлөдөг болсон. Хүүхдэд хийдэг гармон эмчилгээний тунг багасгасан. Адерналины утлага эмчилгээ маш үр дүнтэй байгаа. Тухайн эмчилгээг хоёр цаг хийснээр хүүхэд хоёр цагийн дараа гэртээ харих боломжтой болдог. Эмчилгээний зөв аргыг нэвтрүүлснээр шаардлагагүй хэвтэлтийг багасгаж байгаа гэсэн үг.