ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Цэрэнсамбуу: Нууцаар С зөвшөөрөл тараагаагүй, бүх зүйл ил тод бий

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-23

Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг өмнө нь АТҮТ-өөс олгодог байсан билээ. Харин үүнийг одоо “Эрдэнэс тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК хариуцдаг болсон билээ. Энэ талаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуугаас тодрууллаа.

-С зөвшөөрлийн 60 хувийг “Эрдэнэс тавантолгой” ХК олгож байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-С зөвшөөрөл буюу олон улсын ачаа тээвэр нүүрс экспорттой холбоотой  мэдээлэл өгье. БНХАУ болон Монгол Улс хоорондын хэлэлцээрийн дагуу 7200 С зөвшөөрлийн тоотой. Үүний 60 хувь буюу 4680 С зөвшөөрлийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн худалдан авагчдад нүүрс тээвэрлэх зорилгоор олгогдож байгаа. Одоогоор хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид олгож байгаа. Гэхдээ хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй байна. С зөвшөөрлийн тоо хязгаартай. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, машины тоо олширсон байгаа. Хүсэлтээ тээврийн нэгдсэн системээр ирүүлнэ. Аж ахуйн нэгж татварын өргүй байна. Техникийн бүрэн бүтэн байдлыг хангана. Жолооч нь мэргэжлийн үнэмлэхтэй байна гэх зэрэг шаардлага тавина. Одоогоор тухайн аж ахуйн нэгжийн хүсэлтэд тулгуурлаж, 38 хувьд нь олгосон. Мөн дараагийн шатанд өнгөрөгч сарын 15-нд 50 хувь болгож нэмэгдүүлсэн байгаа. Нууцаар С зөвшөөрөл тараагаагүй. Бүх зүйл ил тод байгаа.

-Цаашид нүүрс тээврийн тариф нэмэгдэх үү. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дотоодын аж ахуй нэгжүүд болон Зам, тээврийн хөгжлийн сайдын зүгээс тарифыг эргэж харах хүсэлт гаргасан. Тодотгол оруулахаар Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүсэлт өгсөн. Энд хэд хэдэн шалтгаан байна. Бидний тооцсон тариф дээр дахиад хоёр гурван зардлын асуудал байна. Компаниудын зээл байна. Зээлийн хүүгийн зардал нь зардалдаа ордог учраас түүн дээр нь тодотгож өгье. Зарим урсгал зардалтай холбоотойг нь тодотгоно. Цаашид нүүрс тээврийн үнэ 20-30 хувиар нэмэгдэх боломжтой байгаа. Албан ёсоор тариф дээр өөрчлөлт орвол Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем "www.tender.gov.mn" дээр мэдээлэл байршуулж байна.

-Битүүмжилсэн тээврийн баг ямар зохицуулалтаар тээвэрлэлт хийж байна вэ. Ковидын шинжилгээ авч байгаа юу?

-Ковидын шинжилгээ авахгүй байгаа. Сүүлд журманд нь өөрчлөлт орж тээврийн баг гэсэн зохицуулалтаар явж байгаа. Үүнд гурван уурхайгаас хамтарсан дэд ажлын хэсэг гаргаад тээврийн багийн зохицуулалт, өмнө нь бий болж байсан битүүмжилсэн болон бөмбөлөг тээврийн баг гэж нэрлэгдсэн зохицуулалтуудын сайн жишгийг үргэлжлүүлнэ.

- С зөвшөөрөл олгохдоо  өөрсдийн аж, ахуй нэгж тээврүүд өндөр үнэтэй.  Хятадын талын санал болгосон машин түлхүү ордог байсан гэсэн мэдээлэл байдаг. Энэ үнэн үү?

-С зөвшөөрлийг олгохдоо хэн ямар компаниас хүсэлт ирүүлсэн түүнийх нь 38 хувьд нь олгоно. Түүнээс хэн нэгэнд нь илүү хэмжээгээр олгосон зүйл байхгүй. Бүх зөвшөөрлийг холбогдох салбарын яамдууд нь аль хэдийн олгосон. Одоо ч тээвэрлэлтийн мэдээллийг манай сайтаас авч болно.  С  зөвшөөрөл авахын тулд авлига өгсөн гэх хэдэн компанийн нэр зарлагдсан. Өнөөдрийн байдлаар шүүхээр шийдвэр нь гараагүй. Бидний зарласан тендерийн баримт бичгийн шалгуурт тухайн ААН аливаа хэрэг маргаанд оролцоогүй байх ёстой гэсэн заалт  байгаа.