ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сэрдарам: Боловсролын тогтолцоо уначихлаа гээд нэмээд өшиглөж болохгүй

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-08-30

Энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Д.Сэрдарамыг урьж ярилцлаа.

-Та фэйсбүүк найзуудын маань дунд нэлээд идэвхтэй байдаг хүмүүсийн нэг. Мөн оюутан залууст зориулж үзэл бодлоо илэрхийлдэг, уриалж олон нийтийн ажил хийдэг. Энэ бүхэнд талархдаг учраас энэ удаагийн дугаарт таныг тухайлан урьсан юм.

-Баярлалаа.

-Хичээлийн шинэ жил эхэлж байна. Их сургуулиуд шинэ оюутнуудаа хүлээж авахад бэлэн боллоо. Шинээр элсэн орж буй оюутнуудад зориулаад багш хүний зөвлөгөө хүргэе гэж мөн зорьсон юм. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Би 1991 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн түүхийн ангид элсэн орж байлаа. Хамгийн анхны хувийн зардлаар суралцсан оюутнуудын нэг. Тэр үед сургалтын төлбөр 10.500 төгрөг байлаа. Энэ нь тухайн үедээ маш их мөнгө. Одоогийн хоёр, гурван сая төгрөгтэй харьцуулшгүй өндөр төлбөр байсан. 2000-2006 онд Солонгосын Дангууг их сургуулийн Дорно дахины түүхийн судлалын төвд доктороор суралцсан. Өөрийн хүч хөдөлмөр, итгэл үнэмшлээрээ ажиллаж амьдарч байгаа 1970-аад оныхны жирийн нэг төлөөлөл. ШУТИС-даа 1995 оноос хойш багшилж байна. Багшлахын хамт Монгол газар, Мобиком, Тэнгри Холдинг ХХК-иудад ажиллаж байлаа. Одоо “Дэлхийн энхийн их наадам” ТББ-д ажиллаж байна.

-Та бол нэлээд нийгмийн идэвхтэй багш нарын нэг гэж харагддаг?

-Нийгмийн идэвхтэй хүн гэдгийг зарим хүмүүс буруугаар боддог. Хэнхэг, сэнтэг зантай хүн юм уу, цаанаа улс төрийн ашиг сонирхолтой этгээд, эсвэл сэтгэлзүйн ямар нэг стресс, шизоферинтэй нөхдүүд нийгмийн идэвхтэй царайлдаг гэдэг ойлголт нийгэмд их байдаг. Гэтэл нийгмийн идэвхийг бусад улс орнуудад арай өөр өнцгөөс хардаг юм билээ. Тэнд нийгмийн идэвх гэдэг бол нийгмийн сайн сайхны төлөө өөрийн хувь нэмрээ оруулж байгаа олон төрлийн сайн дурын ажил гэж ойлгодог. Тэр ч утгаараа сайн дурын ажил  гэдэг бол оюутан, залуусын хамгийн түрүүнд хийх ёстой, энэ ажлыг хийснээрээ мэргэжил, мэдлэг, туршлагын хувьд төлөвшдөг хамгийн чухал ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, анагаах ухааны их сургуулийн оюутнууд хөнгөвчлөх үйлчил­гээний эмнэлэг, ахмад настны сувилал, сайн дурын эмнэлгийн үйлчилгээнд асрагчаар ажиллах, цэцэрлэг­ийн багш нарт туслах зэрэг сайн дураараа ажил хийснээр сая эмч хүний мэргэжлийн утга учрыг яагаад ойлгож болохгүй гэж. СУИС-ийн оюутнууд ахмад настан, асрамжийн газар очиж хөгжим тоглох, урлаг уран сайхны ажил хийж өөрсдийнхөө эзэмшиж байгаа мэргэжлийн үнэ цэнийг яагаад мэдэрч болохгүй гэж. Гэтэл манайхан сайн дурын ажлыг хог цэвэрлэдэг, аарц, цай тарааж өгөх, хүүхдүүд, хөгшчүүлд туслах, янз бүрийн зүйлс цуглуулаад хэрэгтэй хэрэггүйг нь сайн судлалгүй энд, тэнд аваачиж өгөх зэрэг ганц удаагийн үйлдэл шиг явцуу хүрээнд ойлгох хандлагатай байна. Хэдийгээр дээр дурдсан зүйлүүд сайн дурын ажил мөн ч гэсэн манайхан агуулга биш хэлбэр талаас нь хөөгөөд байна уу даа гэж бодогддог юм. Сайн дурын ажлын хандлагыг өөрчлөх хэрэгтэй байгаа. Тиймээс сайн дурын ажлын тухай хууль, сайн дурынхны хөдөлмөрийн үнэлгээ, үнэлэмжийг тогтоож сайн дурын ажил, сайн дурынхан гэдэг энэ их хүч, боломжийг зөвөөр ашиглах, хүүхэд залуучуудын хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх сайн тогтолцоог бий болгох хэрэгтэй. Энэ бүгдийг эрх зүйн тогтолцоотой болгох талаар Ц.Мөнх-Оргил гишүүний санаачилгаар анх­ны алхмууд хийгдэж байгаа гэж сонссон. Бусад улс орнуудад, жишээлбэл АНУ-д их, дээд сургуулийн оюутан залуучууд сайн дурын ажил заавал хийсэн байх ёстой хэмээн тусгайлан заасан байдаг. Түүнийгээ зөв үнэлдэг механизмтай. Хамгийн нэр хүндтэй шагналтай байдаг гэсэн.  

-Та оюутнуудыг болон олон нийтийг мод тарих хөдөлгөөнд уриалдаг. Энэ үйл ажиллагаагаа клуб хэлбэрээр явуулдаг бил үү?

-Тийм ээ. “Миний клуб” гэдэг нэртэй сайн дурын клуб. Сүүлийн 12 жилийн хугацаанд 360 гаруй сая төгрөг босгож мод тарих, арчилж ургуулах үйлсэд зориулсан байна. Энэ их хэмжээний санхүүжилтэд хариуцлагатай байхын тулд нийгэмд үйлчлэх ТББ болгосон. Тэргүүн нь, зохион байгуулагчид нь манай клубын үе үеийн оюутнууд байж аль болох өөрсдөө бие дааж ажлуудаа зохион байгуулж байгаа. Санхүүжилт, тайлан тогтмол гаргаж өглөгийн эзэддээ тайлагнаад явдаг. Хандив аваад түүнийгээ цуглуулаад байлгүй сайн дурын ажил хийж байгаа хүүхдүүдэд зориулалтаар нь зарцуулаад хурдан тайлагнадаг юм.

-Өнгөрсөн 12 жилийн хугацаанд хэчнээн мод тарьчихсан байна вэ?

-Мэдээж үр дүн нь тоо болохоор хүмүүс ургасан модны тоог их асуудаг. Монголд мод ургуулна гэдэг УБ хотын өвөл нярай хүүхэд асрахтай адил маш их хөдөлмөр, гол сэтгэл шаарддаг ажил. Энэ ажил хүнд гэхээс илүү сэтгэл шингэсэн байх ёстой. Бидний зорилго гол нь өөр зүйлд байгаа юм. Бид “Ногоон Ази”, “Ногоон хэрэм” гэх мэт үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрүүдэд олон хүний хүч хэрэгтэй ажилд тусалдаг. Голчлон  “Ногоон Ази” ТББ-тай хамтарч нэлээд идэвхтэй ажиллаж байна. Тэдний мод ургуулж байгаа дөрвөн талбайд өөрсдөө санхүүжилт босгоод мод тарьж, арчилж ургуулах ажлыг сайн дураар хийдэг. Өөр олон том, жижиг газар олон хүмүүст тусалла. Бидний тариад ургуулсан мод гэхэд 700 мянга орчим болж байгаа гэсэн тойм тоо бий. Гол нь энэ тоондоо биш. Модыг тарихад давхардсан тоогоор 100 гаруй мянган залуучуудыг эко сайн дурын ажилд оролцуулсанд ач холбогдол нь байгаа юм. “Надад хэлбэл мартана. Надад харуулбал тогтооно. Надаар хийлгэвэл ойлгоно” гэсэн манай клубын уриа үүнтэй холбоотой. Нэг удаа “Миний клуб”-т явж ядартлаа ажиллаад, мод тарих гэдэг чинь маш их сэтгэл шингэсэн амаргүй ажил байдаг юм байна гэдгийг ойлгуулах нь чухал юм. Түүнээс мод тарьдаг мэргэжлийн байгууллага гэдгээсээ илүү залуучуудын сэтгэлгээ, боловсролыг, үзэл бодлыг төлөвшүүлэх, сайн дурын ажил гэдгийг хэнээс ч хамааралгүйгээр хийдэг сэтгэлгээг бий болгодгоороо бахархдаг.

-Сайн дурын ажил хийхээс өмнөх оюутан, хийсний дараах оюутан хоёрын хооронд хэр өөрчлөлт гардаг юм бэ?

-Овойж оцойтол сэтгэхүйд нь өөрчлөлт гарахгүй л дээ. Хүн чинь нийгмийн амьтан учраас өнөөгийн залуучууд нийгмээ дагаад сэтгэхүйн эмгэгт их өртөж байгаа. Сэтгэлгээ, үзэл бодол, тархийг гэмтээх сошиал медиа, хэвлэл мэдээллийн цензур алдагдсан энэ үед залуучуудад буруу байхгүй. Тийм болохоор харагдах байдлаасаа зураг авахуулаад шоудах гэсэн хүүхэд залуучууд ч их явдаг. Бас хүнтэй танилцаж, найз нөхөдтэй болох гэсэн эерэг хандлагатай хүүхдүүд их явдаг. Яг миний анх хүсэж байсан шиг клубээ “Миний клуб” гэж харж сэтгэл зүрхээ өгсөн, хамтарч ажилладаг залуучууд ч их бий. Тэд бүгдээрээ бидний найзууд. Би бол клубынхаа хүүхдүүдэд зааварчилж сургаал айлдаад байх дургүй. Эсрэгээрээ хүүхдүүдээс суралцдаг. Өнөөдрийн залуучуудтай ингэж харилцвал тэдэнтэй нэг сувгаар ярилцаж, нэг сувгаар ойлголцож, түлхүүрийг нь тааруулна гэсэн үг. Залуучуудад ийм урам өгвөл болдог юм байна. Ийм зүйл хэлэхээр болдоггүй юм байна гэж суралцдаг. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд оюутны нэлээд олон үе манай клубээр дамжлаа. Заримыг нь загнана, заримыг нь аргадана, урам өгнө. Тэгж байж ажиллуулна. Ажиллаж үр дүнгийг нь харж бас найз нөхөд болно.

-Энэ жил хэдэн залуус сайн дурын ажилд хамрагдсан бол?

-Жилд дунджаар 1400-гаад залуус албан ёсоор хамрагддаг. Бас давхардсан тоогоор жилдээ 3000-4000 хүүхэд залууст өглөгийн эздийн буянаар хоол авч өгдөг. Манайх клуб  өөрийн гэсэн автобусны үйлчилгээтэй. Өөрийн гэсэн тогоочтой. Манай тогооч цуйванг сайхан сэгсэрнэ. Зарим хүүхдүүд модны ажлаасаа илүү цуйвангаа их санасан байдаг юм. Сайн дурын ажилд хүүхдүүд уриалчихаад, аюулгүй унаагаар очих газар нь хүргээд, очоод сайхан хоолтой, хөдөлмөрийн багаж хэрэгсэл хангалттай, хийх ажил нь тодорхой байдаг эерэг орчныг бүрдүүлчихээр залуучууд маань маш идэвхтэй ажилладаг. Нэгж хугацаанд усалсан мод, ухсан нүх, хэдэн хүүхдэд хэдэн төгрөг зарцуулж, ямар ажлыг хэрхэн чанартай хийсэн гээд хөдөлмөрийн норм, стандарттай болчихлоо. 12 жилийн турш хийж байгаа болохоор ийм байхаас өөр аргагүй.

-Сайн дурын ажил хийх сонирхолтой залуучуудыг та яаж цуглуулдаг юм бэ?

-Манай бүх ажил фэйсбүүкээр хийгддэг. Энэ клубын төлөө фэйсбүүкийн хамгийн идэвхтэй хэрэглэгч болчихсон гэх үү дээ. Гэхдээ би фэйсбүүкийг их аюултай зүйл гэж боддог юм. Энэ бол яг Нарантуул зах шиг флатформ. Хүн захаас хэрэгтэй юмаа хурдхан шиг харьцуулж байгаад хямд, чанартай бараануудаас сонголтоо хийгээд гараад явахыг боддог байхад бас зах дээр хэрэгтэй, хэрэггүй хүнтэй ярилцаж, танилцаж, есөн шидийн юм сонирхсоор явж байгаад эрсдэлд орж, цаг хугацаагаа алддаг, Түүн шиг фэйсбүүк залуучуудын сурч боловсрох цаг хугацаанаас эхлээд сэтгэх, бодох, идэвхтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх гээд маш олон боломж, чадваруудыг хулгайлж байгаа. 

-Хичээлийн шинэ жил эхэлж байна. Та хөдөө орон нутгаас шинээр элсэн орж буй оюутнуудад зориулж ямар зөвлөгөө, санал өгөх бол?

-Хөдөөнөөс ирсэн шинэ оюутнуудыг "орк"-ууд, орон нутгийнхан гэж хэлдэгт эмзэглэдэг. Бид бүгдээрээ нэг л хавтгай дээр, ижилхэн өгөгдөлтэй, монголчууд. Хотын соёл бүрэн төлөвшөөд бүхэл бүтэн хэдэн үеийг даваагүй байна. Орон нутгаас ирсэн хотын хүүхдүүд хэлбэрийн төдий ялгаа байхаасаа монгол хүн гэдэг агуулгаар орон нутгаас ирсэн оюутнуудад давуу тал байдаг. Гэтэл бие биеэ ялгаварлан гадуурхдаг. Нэгдүгээрт, энэ ялгаварлан гадуурхалтыг битгий тоо гэж оюутнууддаа хэлдэг. Хоёрдугаарт, оюут­нууд орж ирээд л хамгийн түрүүнд утсаа, хувцсаа сольдог. Тэр үед нь манай хувцас загвар, стилистүүд, хувцас оруулж ирдэг худалдаачид, олон нийтийн хэвлэл мэдээллийнхэн манай залуучуудад хот хөдөөний гэлтгүй мэргэжлийн зөвлөгөө өгөх юмсан гэж боддог. Би өмнө нь гурван удаа ийм төрлийн эвент зохион байгуулж үзсэн. Шинэ оюутнуудад ч биш манай бүх залуучуудад хэрэгтэй байна. “Нарантуул захаас, хорооллын дэлгүүрүүдээс ийм хэмжээний мөнгөөр өөртөө ингэж тохируулж хувцаслаж болно” гэдгийг залуучуудад яагаад үлгэрлэн харуулж болохгүй гэж. Ийм хувцас дээр ийм зүйл тохируулж өмсөөрэй гэж яагаад хэлж болохгүй гэж. Гуравдугаарт, хотод байдаг наад захын энгийн соёлыг бүх их сургуулиуд мэргэжлийн удиртгал хичээл шиг оюутнуудад заах хэрэгтэй гэж санагддаг. Сургууль бүрт урлаг, уран сайхан, соёлын мэдрэмж өндөртэй, идэвхтэй багш нар бий. Түүх болж үлдсэн нэг жишээ хэлье 1990-ээд оны үед Анагаахын сургуулийн оюутны дотуур байрны нэг багш шинэ оюутнуудыг жагсааж байгаад “байрны 00-д яаж бие засах вэ” гэдэг талаар эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд нь тусад зааж өгдөг байсан түүх саяхан. Хүнд ингэж үлгэрлэж байж бид жорлонгоо цэв цэвэрхэн байлгах ёстойгоос биш үйлчлэгчийн ажил гэж ойлгож болохгүй. Одоо иймэрхүү хандлагатай танилцуулга хийж, шинэ үеийн залуучууд­ыг хүмүүжүүлдэг ганц сургууль бол “Этүгэн” юм болов уу. Их сургууль гэдэг бол мэргэжилтэн бэлтгэхээс гадна шинэ үеийн их хотын иргэдийг бэлтгэдэг уурхай юм. Хүнийг иргэн хүн болгон төлөвшүүлдэг газар бол их сургууль. Их сургуульд суралцаж байх хугацаандаа замын хөдөлгөөний соёлоос эхлээд сонгодог урлаг, бүжиг, жүжиг үзэхээс гадна театрт яаж биеэ авч явах вэ гэдэг соёлыг сураад гарах ёстой. Хэрхэн суралцах, хэрхэн төлөвших А үсгийг эхний улиралд оюутнуудад бүх багш нар хэлж өгч байгаасай.

-Би үүнийг яагаад асуугаад байна гэхээр шинэ оюутнуудыг ад үзсэн дээ биш юм шүү, багшаа. Дөнгөж эцэг, эхийн гар дээрээс гарч ирж буй хувь хүнийг, нийгэм рүү орж бие хүн болж төлөвшихөд нь яаж туслах вэ гэдэг үүднээс л асуугаад байгаа хэрэг?

-Манай клубын үйл ажиллагаанд олон их сургуул­ийн оюутнууд хамрагддаг. Ажиглахад МУИС-ийн оюутнууд нэг тийм. ШУТИС-ийн оюутнууд нэг ийм. Мандах бүртгэл сургуулийн оюутнууд ийм гэх мэтээр харагддаг. Санхүү эдийн засгийн сургууль, “Мандах бүртгэл” их сургуулийн оюутнуудын хандлага, хүмүүжил их чамбай байдаг. Юмандаа цэгцтэй, хариуцлагатай, хүндлэлтэй ханддаг. Черчилл “Бид байшинг барьдаг ч гэсэн дараа нь байшин биднийг барьдаг” гэж хэлсэн шиг хэчнээн том заал, анги танхимтай, том том мэргэжилтэн бэлтгэдэг гэж томрохоос илүү тэнд байгаа оюутнууд нь замбараагүй, бас эзэнгүй байвал нийгэмд хариуцлагагүй хандах мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж байна гэсэн үг. Жижигхэн анги танхим, барилга дотор бие, биетэйгээ хүндэтгэлтэй харилцдаг, багийн ажиллагаа сайн, тусархаг сайн иргэдийг бэлтгэж болохыг бас харж болох юм. Тиймээс орчин үеийн их сургуулиуд сайн мэргэжилтнүүдээс гадна зөв хүнийг төлөвшүүлэх үүргээ ухамсарлах хэрэгтэй.

-Одооны оюутнуудад таны оюутан цагтай харьцуулбал сайн тал нь юу байна, муу тал нь юу байна?

-Бидний үеэс шал өөр. Цаг үе гэдэг өөрийнхөө эзэдтэйгээ хамт ирдэг тул “Би оюутан байхдаа ийм байсан. Та нарын үед ийм байна” гэж харьцуулах шаардлагагүй. Манай цаг үеийн оюутнуудад сайн зүйл их байсан. Муу зүйл ч байсан. Одоо үед сайн зүйл их байна. Муу зүйл ч байна.

-Асуултаа жаахан өөрч­лөөд дахин тавья л даа. Одоогийн оюутнуудын сул тал нь юу вэ. Тухайлбал Монгол хэл, бичгийн чадвар муудчихсан байна гээд л хүмүүс ярьдаг?

-Монгол хэл, бичгийн чадвар гол асуудал биш. Оюутан залуучууд хүсвэл хэл бичгийн чадвараа ямар ч богино хугацаанд сайжруулчихаж болно. Эсвэл огт хэрэглэхгүй ч байж болно. Хамгийн гол асуудал бол орчин цагийн оюутнуудад зорилго, түүндээ хүрэх хүсэл эрмэлзэл байхгүй болчихсон байна. Тодорхой зорилгогүй, зөвхөн ойрхон хугацааны төлөвлөгөөндөө эргэлдсэн масс болчихож. Ийм хүмүүсийг Монголын нууц товчоонд “Жирэмсэн эмийн шээх газар, жижиг тугалын бэлчих газраас хол яваагүй” гэж егөөдөж хэлсэн байдаг даа. Зөвхөн нийгмийн сүлжээний элдэв янзын мэдээлэл, зураг, өнгөн талын контентуудад төөрөлдөж байна. Өөрийгөө олж харж давуу болон сул талаа хүлээн зөвшөөрч сурч боловсрох, хөгжих чадвараа боловсруулж хөгжүүлэх цаг хугацаагаа хий дэмий өнгөрүүлээд байгаа юм уу даа гэж хардаг. Тэднийг ийм төөрөгдөлд оруулахад нь манай нийгмийн чиг баримжаагүй орчин, боловсролын уналт нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дан ганц залүү үеийн буруу биш.

-Харин давуу тал нь?

-Залуу хүн өөрийн зорилгоо ойлгосон, түүнийг зөв тодорхойлж чадвал, алдсан цаг хугацаа, боломжоо нөхөж олж авах маш сайхан нөхцөл, боломж байна. Маш олон төрлийн тэтгэлэгүүд зарлагдаж байгаа. Гадаад хэлний чадвараас хамаарч ямар ч улсад сурах боломжууд нээлттэй байна.

-Та саяхан бас оюутнуудын төлбөртэй холбоотой тэмцлийг шүүм­жилсэн байсан?

-Тэр чинь хоёр жилийн өмнөх бичвэр л дээ. Сая бас төлбөрийн нэмэгдэл гээд оюутнууд жагссан болохоор өмнөх бичвэр сэргэсэн байх. Сургалтын төлбөрийг тойрсон олон нийтийн өргөн мэтгэлцээн өрнөлөө. Мэргэжлийн байгууллагууд хүртэл анхаар­лаа хандуулсан гэж би сонссон. Тэр үед “ШУТИС-ийн 26 мянган оюутнууд дунд “Орчлон” сургуулийг төгссөн таван “азгүй” оюутан байна” гэж жиргэснийг олон хүн буруугаар ойлгосон. Ерөнхий боловсролдоо хамгийн багадаа 120 сая төгрөг зарцуулсан хүн тэр өртгийнхөө маш багахан хувиар амьдралын хамгийн чухал баталгаа болох дээд боловсрол, мэргэжил эзэмшинэ гэдэг эмгэнэл биз дээ. Тиймээс дээд боловсрол бүх нийтийг хамарсан байхаас илүү элитийн түвшинд өндөр шаардлагатай байх ёстой. Социализмын үед дунджаар 18 мянган сурагч дунд сургууль төгслөө гэхэд оюутан болох чадамжтай 5000, тэднийг “улаан шугам” гэдэг зүйлээр цензур тогтоодог байлаа. Гэтэл өнөөдөр маш сайн үсчин, маш сайн гагнуурчин буюу “хөх захтан” мэргэжилтнүүд хэрэгтэй байна. Зах зээлийг мэдрэхгүй “яаж ийгээд хүүхдүүдээ дээд боловсролтой хүн болгоно” гэсэн нийгмийн сэтгэлгээ амь бөхтэй байгаа учир ямар нэг гоё нэртэй мэргэжил, сайхан сурталчилгаатай их сургуулиудад “хууртаж” хүүхдүүдийнхээ өмнөөс эцэг, эх нь сонголт хийгээд байгаа юм. Сургалтын төлбөр бага байснаар хэн дуртай нь аль дуртай сургуульдаа орох болж, босго намссан.  “Чанараас тоонд шилжих” хуулиар оюутнуудыг бүр конверийн системээр массаар нь гулсуулж байна. Нэгдүгээр курсээсээ эхлээд дөрөвдүгээр курс хүртлээ урлагийн үзлэг, спорт уралдаан, олон нийтийн ажил, их сургуулиа сурталчилсан промошион нь болж явсаар байгаад хуульч, эдийн засагч, менежментийн дипломтой төгсөж болж байна. 1990-ээд онд боловсролыг ашгийн байгууллага байж болно гэсэн хууль гарсны дараа боловсролын стандарт, цензур, ёс зүй, баланс гээд байдаг бүх зүйл нь алдагдсан. Дээд боловсрол элитийн түвшний боловсрол учраас үнэтэй байх ёстой. Чанартай байх ёстой. Үеийн хүүхдүүд дундаас цойлоод гараад ирсэн сайн оюутнууддаа хангалттай сайн тэтгэлэг өгч сургадаг байх ёстой. Маш товчхоноор хэлэхэд хуучин цагт 20 сайн оюутан арын хаалганы таван муу оюутан ороод 25 сайн оюутан төгсдөг байсан. Одоо 20 муу оюутан дээр таван сайн оюутан ороод 25 муу оюутан төгсөөд байгаа юм.

-Дээр та хэлсэн одооны оюутнууд зорилгогүй болсон байна гэж. Таныхаар яавал зорилготой болох бол?

-Хүн өөрийгөө олоход гурван том сонголт хийдэг. Эхлээд өөрийнхөө дуртай зүйлийг олох буюу хүсэл сонирхлоороо  мэргэжлээ, суралцах салбараа зөв сонгох. Энэ бол залуу хүний хувьд хийх хамгийн анхны том сонголт. Мэргэжлээ зөв сонгочихсон, түүндээ дуртай суралцаж байгаа хүн юмс үзэгдлийн үнэлэмжийг зөв олж харж гэр бүлээ, найз нөхдөө зөв сонгож чаддаг. Дараа нь амьдралынхаа мөнхийн сонголт буюу худал, үнэн хоёроос сонголт хийх чадвар. Энэ гурван сонголтыг зөв хийж чадсан хүн насан туршдаа харамсах­гүй сайхан амьдардаг. Гэтэл хүний нөлөөгөөр, зааж зааварласнаар мэргэжлээ сонгосон. Бусдын нөлөөгөөр гэр бүлээ сонгочихсон, эсвэл нөхөрлөлөөсөө урвасан, үнэнч бус байсан хүмүүс алдсанаасаа болж, үнэнг сонгохоос айж, худлын талд орох тохиолдол амьдралд их бий. Би ч гэсэн ийм байдлаар зөндөө алдаж байсан. Хүүхдүүдэд сонголт хийх эрх чөлөөг цэцэрлэгээс, дунд сургуулиас нь төлөвшүүлэх хэрэгтэй. Аав ээжүүд хүүхдүүддээ хувцас авч өгөхдөө “Ядаргаатай юм. Энэ байхад болно” гэж цаг зав, мөнгөө хэмнэж өмнөөс сонголтыг хийх биш. Ярилцаж зөвлөж байгаад сонголт хийх эрх чөлөөг нь зөвшөөрөх хэрэгтэй гэж надад санагддаг. Тэгэхээр боловсрол гэдгийн гол шалгуур нь сайн бичиж, уншиж, гадаад хэл мэдэхээс гадна өөртөө зөв сонголт хийж сурахад, сургахад оршино. Өөрөөр хэлбэл зөв сонголт хийх эрх чөлөө юм.

-Би жаахан хөндлөн юм  асууя л даа. Өнөөдрийн боловсролын систем ямар түвшинд байна?

-Бүх түвшиндээ уначихсан. Яагаад вэ гэвэл. Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй гэдэг хууль байдаг атлаа цэцэрлэгээс нь эхлээд орлогын түвшинээр сүүлдээ бүр сугалаагаар ялгаварлан гадуурхдаг боллоо. Цэцэрлэг, бага, дунд сургуулиудад аль болох бүгд нэг формтой, бүгд нэг ижилхэн нөхцөлтэй, бүгд нэг ижил сонголт хийх боломжтой байх ёстой. Бага насанд хүүхдүүд ялгаварлан гадуурхал, гадаад орчны нөхцөлийн ялгааг хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл маш хүндээр тусгаж авдаг. Төрийн хариуцлагатай албан хаагчдын хүүхдүүд харьяа дүүргийнхээ сургуулиудад заавал сурах дүрэм, журам гаргавал  боловсролын стан­дарт төлөвшиж хөгжих хандлага гарах болов уу. Монголчууд хүүхдүүдийнхээ боловсрол хөгжлийг мөнгө төлж даатгадаг буруу хандлагад амташсан энэ олон өндөр төлбөртэй, тусгай сургуулиудыг стандарт, болж өгвөл ижил түвшинээр тэгшилж өгөх юмсан. Хариуцлагатай ажилтан, сайд дарга нар харьяа дүүргийнх нь сургуулиуд өөрийнх нь хайртай хүүхэд, ач зээ нарт юу сургаж, ямар нөхцөлд яаж хүмүүжүүлж бай­гаад анхаарлаа хандуулна. Боловсрол, Эрүүл мэндийн хоёр салбарт ийм хөшүүрэг болох сонирхлын зөрчлийн тушаал журам хэрэгтэй байна. Хүүхдийнхээ шүдийг үзүүлэхийн төлөө Солонгос нисэж байгаа хүмүүс дунд төрийн албан хаагчид байна.

-Уначихсан байгаа гээд байгаа боловсролын тог­толцоонд сэргэх гэрэл гэгээ харагдаж байна уу?

-Чингиз Айтматов “Бид үр хүүхэддээ итгэхгүй юм бол өөр юунд итгэх билээ” гэж бичсэн байдаг. Түүнтэй адил бид хүүхдүүддээ, ирээдүйдээ, боловсролын тогтолцоогоо сайжирна гэдэгт итгэхгүй юм бол амьдралын гэрэл гэгээ юу болох билээ. Би өөрийнхөө хүүхдүүдэд итгэхгүй бол юу харж амьдрах юм. Тиймээс Монгол Улсын хөгжлийн ирээдүй бол хүүхэд багачууд, оюутан залуучууд. Би боловсролын тогтолцоо, систем маань урьдын түвшиндээ хүрч, цаашдаа бүр үсрэнгүй хөгжинө, сайжирна гэж итгэж одоог хүртэл энэ салбарт тууштай, бас заадаг хичээлээ итгэл үнэмшилтэй, улам сайжруулан сонирхолтой хэлбэрээр зааж, урьдын адил олон найз нөхөдтэй болсоор л байна. Боловсролын системийг хөгжүүлэх урт хугацааны боломжийг нь бий болгох ёстой. Монгол ардын ч үг байдаг биз дээ “Эрт гарсан чихнээс сүүлд гарсан эвэр урт” гэж. Түүнтэй адил нь өөрөө цаг үеийнхээ эздийг дагуулаад л ирнэ. Яах вэ хэсэг хугацаанд унаа л биз. Уначихсан гээд дээрээс нь өшиглөөд байж болохгүй биз дээ. Бүх багш, боловсролын салбарын ажилтан ажилчид, оюутан залуучууд, хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.