ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөөрхий дөө, “УБТЗ”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-06

-Ц.Жүгдэрням 2013 оноос хойш нийтдээ 7.5 сая ам.долларын мөнгийг Монгол руу дээрх нэр дурьдсан хүмүүсийн дансанд шилжүүлсэн байсан-

 

АТГ Д.Жигжиднямааг онилох шалтгаан юу байв

Өмнө бичсэнчлэн, төмөр лоом болох шахсан, ашиглалтын хугацаа дууссан 1000 вагоны асуудлыг шалгах нь нэгдүгээр үндэслэл байжээ. Хоёрдугаарт, түүнийг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж магадгүй гэдэг үндэслэлээр шалгаж буй. “Оффшор” гэх үг Д.Жигжиднямаа даргын овог шиг болтлоо хэвлэлээр яригдлаа. Шотландын оффшорт бүртгэлтэй хоёр компаниар дамжуулж 1000 вагоны дуулиан дэгдээлээ. Гэтэл төрсөн дүү болох Ц.Жүгдэрням нь Хонконгийн оффшор бүсэд “Glass trading limited” LLC байгуулж, түүгээрээ дамжуулан мөнгө угаасан гэх баримт хуулийнхны гарт оржээ. Хамгийн сонирхолтой нь түүний данснаас нэр бүхий хүмүүсийн данс руу гүйлгээ хийгдсэн гэх баримт ч Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст очсон учраас түүний мөрөөр хуулийнхан шалгаж эхэлсэн гэх. Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар Ц.Жүгдэрнямын хувьд энэхүү компанийг 2013 онд байгуулжээ. Энэ хугацаанд ганц Д.Жигжиднямаа ч бус нэр бүхий хэд хэдэн хүний данс руу мөнгөн гүйлгээ хийж байсан аж.

Тухайлбал,  Б.Учралсайханд 217 мянган ам.доллар, “Жоконди” ХХК-ийн захирал Э.Жононбаярт 612 мянган ам.доллар, “УБТЗ”-ын Бээжин дэх төлөөлөгч Б.Энхбаярт 34 мянган ам.доллар, Д.Жигжиднямаагийн ху­вийн дансанд 200 мянган ам.доллар, өөрийнхөө хувийн дан­санд 213 мянган ам.доллар тус тус шилжүүлсэн бол Д.Жигжиднямаа даргатай хамтран байгуулсан “Фрейткоммодити кон­сал­тантс” компанийн дансанд таван сая гаруй ам.долларыг шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Нийт зургаан хүний дансанд оффшор бүсэд байршилтай компаниас мөнгө шилжиж ирсэн гэх мэдээлэл ч байна. Харин энэхүү компанийг өдгөө татан буулгаж, “Рокмон буилдинг”-ийн зургадугаар давхарт ах дүү хоёрын “Скай профейшнл ложистик” хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэхүү компанийн байранд энэ оны хоёрдугаар сарын 28-нд цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийж байсныг уншигч та санаж буй биз. Ц.Жүгдэрнямын тухайд 2013 оноос хойш нийтдээ 7.5 сая ам.долларын мөнгийг Монгол руу дээрх нэр дурьдсан хүмүүсийн дансанд шилжүүлсэн байсан бөгөөд хамгийн сонирхолтой нь “Ай Си Ай Си” гэх шатахуун оруулж ирдэг компанийн захирал Э.Жононбаяр 2014 онд Д.Жигжиднямаагийн дүүгийн Хонконгийн компани руу 500 гаруй мянган ам.долларын гүйлгээ хийж байжээ. Харин уг компани хуурамч шатахуун оруулж ирдэг хэмээн яригдаж байгаа. Тэд бүгд хоорондоо компанийн түнш болон ажил хэргийн холбоотой байж болох дүр зураг харагдаж байна. 

 

Нийт вагоны 50 хувь нь аль хэдийнэ ашиглалтын хугацаа дуусчээ

“УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг дэлхийн хамгийн хоцрогдсон төмөр замын байгууллага болж хувирчээ. 1120 км бүхий гол замын 481 км буюу 43 хувь нь өнөөдрийг хүртэл модон дэртэй, насжилт өндөртэй вагонуудтай, вагон засварлах депонууд нь хоцрогдсон. 
Харьцангуй насжилт багатай гэж болох 0-27 жил болсон вагоны тоо нь ердөө 35.4 хувийг эзэлж байна. Үүнээс болж зорчигчид өвөл нүүрс үнэртэж, зун халууцаж явдаг нь хэвээрээ л байгаа юм. Нийт 2777 ачааны вагоны 1380 вагоны ашиглалтын хугацаа аль хэдийнэ дууссан. Дашрамд хэлэхэд, 2018 онд ОХУ-аас хэл амтай оруулж ирсэн ачааны актлагдсан  1000 вагон нь энэ үзүүлэлтийг улам дордуулсан байх юм. Энэ бүх техникийн хоцрогдлоос гадна “УБТЗ” удирдлагын гүн  хямралд орчихсон бололтой. Хамгийн сүүлд ОХУ-ын иргэн В.В.Магдей хамтарсан нийгэмлэгийн даргын алба хашиж байснаас хойш 10 жилийн хугацаанд нийтдээ зургаан монгол даргын нүүр үзлээ. Монгол дарга хэн байх нь манай Засгийн газар, эрх баригч намтай шууд холбоотой.

Засгийн газар солигдох, ээлжит парламентын сонгуультай зэрэгцэн монгол дарга нарын хувь тавилан шийдэгдэж ирсэн. Ийм ч учраас шинээр томилогдсон монгол дарга нь урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй, хэзээ ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэхгүй, “хоноц”-ын сэтгэлгээтэй ажилдаа ханддаг байдлыг зөвтгөхгүй гэхэд ядаж ойлгож болох шалтгаан юм. Гэхдээ өнөөгийн “УБТЗ”-ыг удирдаж байгаа Д.Жигжиднямаа нь өмнө нь ажиллаж байсан монгол дарга нараасаа илүү хэл аманд өртөж, шүүмжлэлийн бай болж байх шиг. Монголд зэврээд хэвтэж байгаа,  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн зам засварын машинтай ижил үзүүлэлттэй машиныг Шотландын оффшороор дамжуулан авсан нь Ерөнхийлөгчийн чихэнд хүрч Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраар шалгагдаж байна. Орос-Монголын хамтарсан компани ОХУ-д үйлдвэрлэсэн засварын машиныг оффшор бүсээр дамжуулан авсан хачирхалтай хэрэг тохиосон. Мөн дээр дурдсан, ОХУ-д актлагдсан 1000 вагоны асуудал ч даарин дээр давс нэмлээ. 

 

ОХУ-ын тал яагаад чимээгүй байна вэ

50/50 хувийн эзэмшилтэй хамтарсан компанид онолын хувьд зөвхөн монголчууд буруу үйлдэж хийгээд явна гэж байхгүй. Наад зах нь гэхэд санхүүгийн баримтууд дээр санхүү эрхэлсэн орлогч дарга С.Я.Усольцева гарын үсэг зурдаг байх ёстой. “УБТЗ”-ын дарга Д.Жигжиднямаагийн хийсэн ашиг сонирхолтой гэрээнүүд болон тэр мөнгөний шилжүүлгүүдэд Оросын төлөөлөл бас оролцсон байх ёстой. Жишээ нь ВПРС-03.2 гэгч загварын засварын машиныг худалдаж авах гэрээнд Оросын талын ерөнхий инженер А.Р.Мещеряков, хуулийн албаны дарга Е.Р.Яковенко нар гэрээний нөхцөлүүдийг зөвшөөрөн гарын үсгүүдээ зурсан байдаг. 1000 паундын дүрмийн сантай “Lordwest Trade” гэгч оффшор компани руу урьдчилгаа болсон 700 гаруй мянган долларыг ямар ч баталгаагүй шилжүүлсэн нь сонирхолтой. Энэ үйл явдалд санхүү эрхэлсэн орлогч дарга Ё.Я.Усольцева нь мэдээгүй, оролцоогүй гэхэд итгэхэд хэцүү. Монголдоо асуудалд орсон “чих зөөлөнтэй” монгол дарга оросуудын хувьд хамгийн тохиромжтой хувилбар байдаг бололтой. Иймдээ ч 1949 оны гэрээгээ зөрчин сүүлийн зургаан даргыг Монгол талаас томилжээ. Бид “УБТЗ” ХНН-ийн 50 хувь нь ОХУ-ын өмч гэдгийг мэднэ. Гэхдээ энэ 50  хувь “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Монголын асуудал хариуцсан хэдхэн эрхмийн “мэдэл”-д байдаг юм болов уу. Өнөөдөр Д.Жигжиднямаатай холбоо­той олон хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. АТГ, цагдаа гээд хүчний байгууллагууд  албан тушаалаа хэтрүүлсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэдэг үндэслэлүүдээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэтэл Д.Жигжиднямааг өнөөг хүртэл хаацайлж яваа нь зөвхөн Монголын талынхан биш бололтой. 

 

Монголын транзит vs Казахстаны транзит

Монголын транзит нь хойд талдаа ОХУ-ын төмөр замын сүлжээтэй, урд талдаа БНХАУ-ын төмөр замын сүлжээтэй холбогддог. Энэ хоёр төмөр замаар манай улс дэлхийн төмөр замын сүлжээний салшгүй нэг хэсэг болдог. Өнөөдөр “Торгоны зам”, “Нэг бүс-нэг зам” гэсэн Ази тивийг Европтой төмөр замаар холбох амбийцтай хөтөлбөрүүд хэрэгжиж эхэл­лээ. Энэ нь үндсэндээ дэлхийн хоёрдугаар эдийн засаг болсон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бүтээг­дэхүүнийг Европын хол­бооны улс руу тээвэрлэх өрсөлдөөн юм. Энэхүү том гео эдийн засгийн “тоглоом”-д бодит хоёр замнал байна. Нэг нь Монголоор дамжсан, нөгөөх нь Казахстан Улсаар дамжсан тээвэр юм. Энэхүү хоёр замналын аль нь ОХУ-д ашигтай вэ. Мэдээж энэ нь Монголын транзит. Асуудал нь Монгол транзитын талыг Оросууд эзэмшдэгтээ биш юм. Монголоор дамжсан ачаа нь Казахстаны транзиттай харьцуулбал ОХУ-ын Транссибирийн магистралийг  4000 гаруй километр илүү ашигладаг. Энэ нь Транссибирийн төмөр замыг сайжруулах, хөрөнгө оруулах гэх мэт асуудлуудыг шийдэх нэгэн түлхүүр болж өгнө. Гэтэл өнөөг хүртэл “УБТЗ”-ын асуудалд ОХУ яагаад хойрго хандаж байна вэ. “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн ерөнхий захирлын албан тушаалыг авснаасаа хойш хоёр удаа Монголд айлчилсан О.Белозёров юу бодож суудаг юм бол.

Айлчлал бүрдээ “Монголын транзитыг нэмэгдүүлнэ”, “УБТЗ-ыг хөгжүүлнэ” гэж мэдэгддэг. Энэ асуудал Ерөнхийлөгч Х.Баттулгын анхаарлын төвд байдаг том сэдэв. Ерөнхийлөгч болсноосоо хойш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй гурван ч удаа уулзахдаа энэ л асуудлыг ярьсан. Орос-Монгол-Хятад гурван улсын хамтарсан “Эдийн засгийн коридор” гэж томоохон хөтөлбөр бий. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Оросын Засгийн газрын 100 тэрбум рублийн зээлийг “УБТЗ”-ын шинэчлэлд зориулахаа мөн мэдэгдсэн. Энэ хугацаанд Орос-Монголын дамжин өнгөрөх тээврийн шинэчлэгдсэн гэрээ зурагдсан. Тэгсэн ч бодитоор ажил урагшлахгүй байна.  Яагаад? “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.С.Мишарин “УБТЗ”-ын Ерөнхий хорооны даргаар ажилладаг. Энэ эрхэм нь Казахстаны транзитыг хөгжүүлэх гэж үнэхээр хичээж байгаа юм байна. 2017 оны арванхоёрдугаар сард болсон Казахстан Улсад хөрөнгө оруулалт татах анхны дугуй ширээний уулзалтын үеэр ноён А.С.Мишарин “Казахстаны Алтынколь өртөөнөөс Беларусын Брест хүртэл 4300 км хурдан галт тэрэгний зам барьж БНХАУ-ын баруун хэсгийг Зүүн Европтой холбох хэрэгтэй...” гэж  мэдэгдсэн. Энэ бол Ази-Европын төмөр замын холбоосыг Казахстаны сүлжээгээр хөгжүүлэх тухай мэдэгдэл гэж хэлж болно. “УБТЗ”-ын Ерөнхий хорооны даргын үүрэгт ажлыг гүйцэтгээд, Казахстаны төмөр замтай хамтран ажиллах төлөвлөгөөг дэмжиж яваа нэгэн эрхэм ийнхүү гарч ирлээ. Лопе дэ Вега гэгч Испанийн алдарт зохиолчийн “цэцэрлэгчийн нохой” гэдэг жүжиг байдаг. Өөрөө идэхгүй мөртлөө хүнд өгдөггүй. Өөрсдөө ч хөгжүүлдэггүй, хүнд ч өгдөггүй “УБТЗ” гэдэг хөөрхийлөлтэй байгууллага Монгол Улсад байсаар л байна.