ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг настай хүүхдийн биед халдсан цэцэрлэгийн ажилтанд холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

O.Admin
2023-10-24

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд 33,820 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 344 хэргийг хүргүүлсэн тухай мэдээлэв.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн хэргүүдээс дурдвал

  • Орхон аймгийн аймгийн Баян-Өндөр суманд иргэний хоолойн тус газарт зүсэж, түүнийг алахаар завдсан яллагдагч “Э”-д холбогдох эрүүгийн хэрэг
  • Хэнтий аймгийн Биндэр суманд иргэний амь насыг галт зэвсгээр хохироосон яллагдагч “З”-д холбогдох эрүүгийн хэрэг
  • Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн ажилтан тус цэцэрлэгт нэг настай хүүхдийн биед халдсан яллагдагч “М”-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Зөрчил шийдвэрлэсэн байдал

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр 37 настай, эрэгтэй “О” гэгч нь тээврийн хэрэгсэл ачилтын компанийн ажилтныг машин ачих гэлээ гэх шалтгаанаар мэс барьж танхайрсан үйлдэлд 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгожээ.

Тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” дэлгүүрт 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сүх гарган худалдагчийг айлган сүрдүүлж, танхайрсан иргэн “М”-ийг 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Илрүүлсэн хэрэг

Гадаад улсын иргэдтэй үгсэн тохиролцож, гэр бүлийн хараа хяналт сул охид, эмэгтэйчүүдийг “Nandia nandia” гэх нэртэй фэйсбүүкийн хуурамч хаягаас найзын хүсэлт илгээн танилцаж, Малайз Улсад караокед өндөр цалинтай зөөгчийн ажилд хамт ажиллах тухай санал тавин ятгаж зөвшөөрүүлэн хууран мэхэлж бусдад худалдаалсан байж болзошгүй Н гэгчийг илрүүлжээ.

Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.