ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Хулангийн ялыг хөнгөрүүлж, Б.Отгонбаатарыг суллажээ

O.Admin
2023-11-02

Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2023.11.01/ болсон. Шүүхээс Ц.Хуланд оногдуулсан 9 жил 6 сарын хорих ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хуралдааныг прокурор Г.Цогтгэрэл, шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ц.Оюунбаатар, Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нарыг оролцуулан, хаалттай хянан хэлэлцсэн байна.

Хэргийг эргэн сануулбал, яруу найрагч Ц.Хуланг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс долдугаар сард Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон.

Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран орлцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүх бүрэлдэхүүн мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг бөгөөд тэд давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм.