ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦЕГ: Камерын бичлэгийг хохирогчийн ар гэрт өнөөдөр үзүүлнэ

O.Admin
2023-11-15

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас шуурхай мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан. Үзлэгийн баг хэргийн газар очиж үзлэг хийх, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тасралтгүй явагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэх авах, тухайн анги байрлалд байгаа хяналтын камеруудад үзлэг хийх, талийгаачийн үзлэгийн шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээ хийх, цэргийн алба хаагчдын ундны ус болон тухайн өдөр идсэн хоол гэх мэт зүйлд шинжилгээ хийлгэхээр дээж авч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 2023 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр талийгаач нэгдүгээр салааны 25 байлдагчийн хамт өглөөний бослогодоо босож биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, өглөөний цайндаа орох, Биеийн тамирын зааландаа бүжгийн сургуулилалт хийх, гаднах цас цэвэрлэх, оройн хоолондоо орох болон оройн тоондоо хамрагдах гээд тухайн ангийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаандаа оролцоод амралтын байрандаа орсон. Арваннэгдүгээр сарын 13-нд өглөөний бослого зарлахад талийгаач босоогүй. Очоод үзэхэд нас барсан барсан байдалтай байсан. Иймд тухайн ангиас цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгсөн. Түүнчлэн талийгаачийн амь насаа алдсан байдлыг тогтоох зорилгоор холбогдох хуулиудын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байна” гэв.

Мөн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн найман камерын бичлэгийг хохирогчийн ар гэрт өнөөдөр 13:00 цагт үзүүлнэ гэсэн юм. Тэрбээр “Камерын найман бичлэгт шалгалт хийсэн. Бичлэгийг ар гэр нь үзэх хүсэлт гаргасан. Хуулийн дагуу өмгөөлөгчөөр нь дамжуулж, ар гэрт нь бичлэгийг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хууль, шүүх шинжилгээний тухай хуульд гадны нөлөөгүй, эсвэл сэжигтэй тохиолдлоор нас барсан тохиолдолд задлан шинжилгээ хийнэ гэж заасан. Энэ дагуу задлан шинжилгээ хийсэн. Хуульд эцэг эхээс зөвшөөрөл авна гэсэн заалт байхгүй. Нас барсан шалтгаан нөхцөл болон бусад зүйлийг Шүүхийн шилжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээч дүгнэлт гаргана. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид дүгнэлтийг үзүүлнэ” гэлээ. Задлан шинжилгээний дүгнэлт багадаа 14 хоногийн дараа гарах аж.