ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Консул асан Д.Мөнх-Эрдэнэ цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ

O.Admin
2023-11-30

Консул асан Д.Мөнх- Эрдэнийг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь ШШГЕГ- ын харьяа 413 дугаар ангиас Улаанбаатар хот дахь 441 дүгээр ангид энэ сарын эхээр шилжүүлсэн. Түүнийг хорих 413 дугаар ангид байх үед өнгөрсөн сард ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид зэвсэглэн хорих ангид ажиллагаа явуулсан байдаг. Энэ үеэр Д.Мөнх- Эрдэнийн эрхэд ноцтой халдсан талаар мэдээлэл гарсан ч  ХЭҮК хорих ангид ажиллаад “Хууль бус үйлдэл гараагүй” гэх утгатай мэдээллийг олон нийтэд мэдэгдсэн юм.

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ тухайн өдөр юу болсон талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гомдол гаргажээ. Түүний гомдлыг сийрүүлбэл,

“441 дүгээр нээлттэй хорих ангийн захиргаагаар дамжуулан ЦЕГ-ын мөрдөн байцаах албанд гомдол гаргах нь:

Монгол Улсын иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ миний бие анх удаа нээлттэй энгийн зэрэглэлд 413 дугаар хорих ангид биеэр ял эдэлж байсан. Гэтэл хууль бусаар давхар шийтгэл оногдуулж 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр ШШГЕГ- ын тэргүүн дэд дарга ял эдлүүлэх албаны дарга Б.Нандинболор, албаны дарга А.Намсаманд нарын зохион байгуулснаар 413 дугаар хорих ангийн дарга А.Батхуяг, дэд дарга Э.Ууганбаяр нарын хамт улаан малгайтай үл таних хүнээр ахлуулсан нүүрэндээ багтай, буу барьсан, бүрэн зэвсэглэсэн бүлэг хүмүүс 14:00-17:00 цагийн хооронд (бичлэг нь энэ цагт ангийн камерт хадгалагдсан байх ёстой) орж ирсэн. Миний гарыг шилэн хүзүүнд минь авахуулж, явган суулган, доош харуулан шал ширтүүлж, шалдалж гүйлгэн хараалын ёс бус үгээр гутаан доромжилж, цахилгаан бороохойгоор цохиж зодон эрүүдэн шүүж миний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учрууллаа

Мөн эдгээр Б.Нандинболор, А.Намсаманд, А.Батхуяг, Э.Ууганбаяр нарын нөхдүүд намайг ар гэрийнхэнтэйгээ хуулийн дагуу цахим уулзалт хийх үеэр тагнаж чагнан, CD-нд хадгалах ёстой гэж зохион байгуулалттайгаар, хулгайн замаар Монголын шоронгийн түүхэнд цахим уулзалт хийсэн. Ингээд урьд өмнө нь бичиж байгаагүй зөрчлийн актыг анх удаа надад бичиж миний эрх зүйн байдлыг дордуулан Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэн миний эрхэд халдсанд гомдолтой байна!

Иймд эдгээр дөрвөн нөхөр хэний захиалгаар намайг хорлож яргалж, эрх зүйн байдлыг минь дордуулаад байгааг олж тогтоон захиалагчийн хамтаар хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсч байна. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл 2.2, 2.3, 2.4, Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд зааснаар тус тус яллаж өгөхийг хүсье.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай ажиллагааны газар нь үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн гарсан үед л ШШГЕГ-ын даргын тушаал, прокурорын хяналтад хөдөлгөөн үйлдэх үүрэгтэй байдаг. Мөрөөрөө ямар нэгэн зөрчил дутагдалгүй ял эдэлж байгаа хоригдлуудыг албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглаж яргалсан нь маш ноцтой үйлдэл болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол хорих ял эдэлж байгаа хоригдлуудад засрал хүмүүжил олгож, сургаж хүмүүжүүлж нийгэмшүүлэх чухал байгууллага. Хүчирхийллээс хүчирхийлэгч төрдөг гэдэг. Гэтэл ийм яргачид ШШГЕГ-ын удирдах чухал албанд байгаа цагт шоронгоос суллагдаж байгаа хоригдлууд дахин гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэхгүй гэх баталгаа байхгүй байна. Сурган хүмүүжүүлж, засрал хүмүүжил даруулга олгох ёстой гол албан хаагчид нь дарамтлаад яргалаад хүчирхийлээд байвал хүчирхийлэгч яргачид бий болсоор л байна.

Саяхан шоронгоос суллагдсан хоёр хоригдлын нэг нь 413 дугаар хорих ангиас суллагдсан. Дахин ноцтойгоор найман настай хүүхэд хүчирхийлж онц хэрцгийгээр хөнөөж, нөгөө нь Дорноговь аймагт 12 настай хүүхэд хүчирхийлэн хөнөөж нийгмийг цочроосон. Тэр хоёр хоригдолд засрал хүмүүжил олгож чадаагүй байгаа нь ШШГБ-д төрийн нэр цол гутаасан Б.Нандинболор, А.Намсаманд, А.Батхуяг, Э.Ууганбаяр нар шиг нөхдүүд байгаатай холбоотой гэж үзэж байна. Иймд эдгээр нөхдийг шударгаар шалган хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье.

Жич: Эдгээр дөрвөн нөхрийн өмнө нь үйлдэж байсан ёс зүйгүй хууль бус бузар үйлдлүүдийг нь мэдүүлгээр мэдүүлэх болно.

Гомдол гаргасан: Монгол Улсын иргэн Д.Мөнх-Эрдэнэ. 2023 оны арваннэгдүгээр сарын 20 Улаанбаатар хот” гэжээ.