ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Я.Батсуурь: Хятадуудад 100 жилээр Тавантолгойн ордыг өгөх санал Ц.Элбэгдоржоос гарсан

O.Admin
2023-12-06

БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ти ти жи ви си өү” ХХК-ий асуудал өнөөдрийн Түр хорооны хуралдааны онцлох компани болов. Тус компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай  гурван удаа  гэрээ байгуулан Тавантолгойн ордын Цанхийн зүүн уурхайд өнөөдрийг хүртэл хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж.

“Эрдэнэс “Тавантолгой” ХК-иас гурван их наяд төгрөгийн санхүүжилт авсан ч өнөөдрийг хүртэл гэрээний хэрэгжилтээ ханган ажиллаагүй гэдгийг гэрч нар онцолж байлаа.

Тус компани нь хөрс хуулалтын чиглэлээр ажилладаг бөгөөд Хятад эзэнтэй, Хятадын хөрөнгө оруулалттай компани. Хэдэн зуун сая ам.долларын тоног төхөөрөмжтэй. Монгол компаниуд өрсөлдөх ямар ч боломжгүй бөгөөд одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа нь сонирхол татам байгаа юм. Тэд компаниудаас хоёр дахин илүү үнээр хөрс хуулдаг байжээ. 2014 онд л гэхэд 15.200 төгрөгөөр хуулсан байхад дотоодын компаниуд нь 7.900 төгрөгөөр хуулдаг гэлээ. Нөгөөтээгүүр, тус компанийг тухайн үеийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж болон түүнийг тойрон хүрээлэгч, улс төрийн томоохон бүлэглэл оруулж ирсэн гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь хэллээ.

Мөн гадны компанийг оруулж ирэх талаар удаа дараа санал гаргасныг нь эсэргүүцсэний төлөө шоронд хоригдсон гэв.

Тэрбээр, Эрдэнэс Тавантолгой ХК эзэн сууж авах гэсэн санаархал манай томоохон бүлэглэлээс гарч ирсэн. "Нүүрс удахгүй үнс болно, төрийн компани нүүрс ухдаггүй юм. Компанийн захирлууд нь шоронд ордог юм аа" гэх пиар маш хүчтэй явуулж байсан. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол, Хятадын нэг, нэг компанийг 99-100 жилийн хугацаатай оператороор оруулах гэрээ хэлэлцээрийн ажил эхэлсэн.

Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар би ажиллаж байсан юм. Миний бие үйл ажиллагааг нь эсэргүүцтэл намайг долоо хоногийн дараа ажлын хэсгээс гаргаж, сарын дараа хорьсон. Ард түмний эрх ашиг шүү дээ гэж хэлсэн ч хүлээж аваагүй. Хоёр сарын дараа “Шиньхуа энержи” зэрэг компаниудад оператороор өгөх гэрээ УИХ-д орж ирсэн. Энэ цаанаасаа ордыг ашиглах гэсэн томоохон бүлэглэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор биднийг хэлмэгдүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн хорьсон” гэлээ.

Харин Түр хорооны дарга Б.Энхбаяр “Ямар бүлэглэл, ямар хүн оролцсон талаар өөрийн хэмжээнд ярьж болох уу” гэхэд  “Тухайн үеийн төр засгийн удирдлага буюу Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байсан. Хамтарсан хэлбэрээр урт хугацаагаар ажиллуулах яриа хэлэлцээр хийгээд явсан” гэж хэлэв.