ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уул уурхайн зарим компаниуд түлшгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-12-15

Уул уурхайн томоохон компаниуд түлшгүйн улмаас үйл ажиллагаа нь доголдож эхэллээ. Энэхүү алдагдлын хариуцлагыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар дангаараа  үүрэх үү.

Өөрөөр хэлбэл, нүүрсний тээвэрлэлт, экспорт гацаж, БНХАУ руу гарах нийлүүлэлт буурчээ. Тэгвэл салбарын сайд гал унтраасан, цаг авсан мэдэгдэл, хэвлэлийн хурал хийгээд гурван өдөр өнгөрч байна.

Тэрбээр “Нүүрсний экспорт түүхэндээ байгаагүй хэмжээ буюу 60 сая тонныг экспортод гаргасан. Оноос өмнө нэмж долоон сая тонныг гаргана гэж  мэдээлсэн. Хоёр хоногоос шатахуун, дизель түлшний нийлүүлэлт хэвийн  болно. Манай улс хэрэглээгээ дийлэхгүй байна. Бид урд хөршөөс хүртэл захиалсан, тэвч, итгэ. ОХУ-ын эрх бүхий албан тушаалтантай  Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар бид хоёр учраа олоод байна” гэх зэргээр мэдээллийг хийж, хөдөө, орон нутаг руу зөвшөөрөлгүй түлш нийлүүлэхгүй байх хүртэл шийдвэр гаргасан.

Тэгвэл малчид малынхаа хойноос явж чадахгүй, өвс тэжээлээ дөхүүлэх боломжгүй  хүндхэн нөхцөл байдалтай байна. Зарим уул уурхайн компаниуд тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа  зогсооход хүрчээ. Улс орон ийм нөхцөл байдалтай байхад УУХҮ-ийн сайд ард түмнээрээ тоглож байгаа аятай яамны хэдэн ажилтанг шатахууны түгээх газруудаар явуулж, жолооч нартай уулзуулж, их хэмжээгээр авахгүй байх аман ухуулга хийлгээд явж байна.

Бүхэл бүтэн салбар хариуцсан сайд ийм элгийн арга хэмжээ аваад, ард түмнээрээ даажигнаж, гал унтраасан мэдэгдэл хийчихээд явж болох юм уу, Ерөнхий сайд аа. Яагаад хариуцлагагүй сайддаа  арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Өдийг хүртэл яагаад Монгол Улс шатахуун, түлшний нөөцийн савгүй байгаа юм бэ. Ажлаа хийж чадахгүй байгаа салбарын сайдаа анхааралдаа авч,  хариуцлага тооцооч ээ.