ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Тосон” үйлдвэрт хийсэн тойрон аялал

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-17

“Монполимет групп Туул гол дотор драг явуулж, алтны олборлолт хийж эхэллээ. Тэд голын голдирлыг өөрчилж, байгаль орчинд хохирол учруулж байна” хэмээн тун саяхан хэсэг иргэд хэвлэлийн хурал хийж эсэргүүцэж байсныг уншигч та санаж байна уу. Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дамнан орших Монполимет группын “Тосон” үйлдвэрийн талаар ийм мэдээлэл цацагдсан хэрэг. Энэ мэдээллийг сонссоны дараа үнэхээр Туул гол дотор олборлолт явуулж байна уу, драг иргэдийн яриад байгаа шиг байгаль орчинд сөрөг нөлөөтэй юм болов уу гэдгийг тодруулахаар шийдэж, “Монполимет” групп руу утас цохив.

Гэтэл группын зүгээс Тосон үйлдвэр дээр “Мэргэжлийн уул уурхай ба байгаль орчин” онол пратикийн үзүүлэх сургалт зохион байгуулах талаар зар дуулгаж, бодит байдалтай танилцах, газар дээр нь очиж сурвалжилга хийх боломжтойг дуулгалаа. Баасан гарагийн өглөөний 06.30 минутын орчимд бид замд гарав. Чин үнэнийг хэлэхэд үйлдвэрийн талаар надад төсөөлөл байсангүй. Өнөөх хэвлэлийн хурлын үеэр харуулсан ухаж, сэндийчсэн нүд хальтрам зураг л нүдний өмнө харагдаж явсныг нуух юун. Хуучнаар Атар буюу Төв аймгийн Багахангай сумаас эгц хойшоо гарсан шороон замаар зорьсон газар луугаа дөрвөн цаг орчим явав.

Замдаа хаа сайгүй ухаж сэндийчсэн нүх, эргэж сэргээлгүй овоолж орхисон шороо гэх мэт нүд хальтрам дүр зургийг цөөнгүй харлаа. “Хайран сайхан эх нутаг минь” гэж халагламаар дүр зураг харж явсаар “Тосон” үйлдвэр луу давах намхан толгодын орой дээр гарч ирэв. Харин 200 метрийн цаана харж байсан тэр нүд хальтрам дүр зураг нүдний өмнө харагдсангүй. Эсрэгээрээ голоо дагаж битүү ногоон мод, холоос нүд булаах шигүү ойгоор хүрээлэгдсэн нуур, үйлдвэр гэхээс илүүтэй амралт зугаалгын газар шиг тохижуулсан байрны гадна ирэв. Бидний зорьсон газар мөн юмсанж. Ирсэн зочид бүрийг нэгбүрчлэн бүртгэж, хөдөлмөр аюулгүй байдлын дүрэм танилцуулсны дараа үйлдвэрийн зааланд нээлт хийлээ. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, БОАЖЯ, Уул уурхайн үндэсний ассоциаци, Иргэний нийгмийн байгууллага, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөлөл, нутгийн иргэд гэх мэтээр хариуцлагатай уул уурхай буюу нөхөн сэргээлттэй танилцах гэсэн 100 гаруй хүн энэ өдөр Тосон үйлдвэрт өдөржин саатсан юм.

1996 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, Монголын ууган уул уурхайн топ компаниудын нэг болсон “Тосон” үйлдвэр нь 2007 оноос эхлэн өдгөө дөрөвдэх удаагаа нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтыг зохион байгуулж байгаа гэнэ лээ. 2007, 2011, 2014 онуудад тэд мэргэжлийн уул уурхай ба нөхөн сэргээлт гэж юу болохыг үзүүлэх сургалтаар харуулж, жилээс жилд нөхөн сэргээх талбайгаа нэмэгдүүлсээр өдгөө хаалтын шатандаа орсныг компанийн удирдлагууд онцоллоо. “Нөхөн сэргээлт бол нэг өглөө унтаж сэрээд хийчихдэг ажил биш. Харин өдөр тутам, уйгагүй, олон жил зарцуулж хийдэг ажил юм” хэмээн компанийн удирдлага нээлт хийхдээ онцолж, залуусын нөр их хөдөлмөрөөр бүтсэн нөхөн сэргээлтийн жишиг талбайтай танилцахыг урилаа. 

235 га талбайд 74 мянган мод тарьжээ 

Маршрут 1: Аялалын эхний маршрут үйлдвэрийн байрны хашаанд байрлах хүлэмжээс эхлэв. “Тосон” үйлдвэр 2007 онд анхлан мод үржүүлгийн талбайг бий болгож, гурван хүлэмж болон ил бойжуулах талбайд зургаан төрлийн 12-15 зүйлийн мод, бутлаг ургамал тариалжээ. Тодруулбал, гурван хүлэмжид мөчрөөр, үрээр үржүүлэг хийдэг бөгөөд шар хуайс, хайлаас, чацаргана, жигд, монос, бариулт буйлс, голт бор, хайлаар тарьдаг. Эдгээр модлог ургамлыг нэг жил хүлэмжид тариалсны дараа ил бойжуулгын талбайд хоёр жил болгож, гурав дахь жилээс нь нөхөн сэргээлтийн талбайд гаргадаг аж. Долоон жилийн арчилгааны дараа сая л тэд байгальд дасан зохицдог. Үйлдвэрийн 235 га талбайд нийтдээ 74 мянган мод тарьжээ. Үүнээс гадна ил бойжуулах талбайд ховор ургамлын үржүүлэг хийдэг бөгөөд “Улаан ном”-нд нэн ховор ургамлаар тооцогдсон “Алтайн зэрлэг сонгино”-ыг Гавьяат агрономич Х.Жамъяндоржоос үрийг нь авч үржүүлжээ. Мөн мангирт, тааныг ч ил бойжуулгын талбайд тариалж, компанийн ажилчдын хүнсэнд хэрэглэж ирсэн туршлагаа танилцуулав. Хүнсэнд зориулж чацаргана, үхрийн нүд, огурцы тариалсан нь содон. 2005 оноос эхлэн 12 хүний бүрэлдэхүүнтэй нөхөн сэргээлтийн алба байгуулж, байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар тууштай ажиллаж ирсэн гэнэ. Эдгээр баг хамт олон ХААИС-ийн Инноваци хөгжлийн төвтэй хамтран мод, бууц, цаасаар хийсэн био нүүрсэн бортогыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд био тэжээлээрээ мод тарьж, уул уурхайн салбарт мөн л анхдагч нээлт хийснээ танилцууллаа. 

Маршрут 2: Үйлдвэрийн байрны хашаанаас гарч 200 метр яваад бэлчээрийн ургамлын талбайд очлоо. Нөхөн сэргээлт хийхдээ шимт хөрсөн давхаргаар овоолго үүсгэж орхидог бөгөөд олборлолт явуулсны дараа техникийн нөхөн сэргээлт явуулж, дараа нь шимт хөрсөө хучиж, биологийн нөхөн сэргээлтээ эхэлдэг аж. Ингэснээр 200 гаруй га бэлчээрийн талбайд нийтдээ байгальд зайлшгүй ургах ёстой гэж үзсэн 120 зүйлийн ургамлын үрийг цацаж, тасралтгүй арчилж тордсоны үр дүнд эргээд унаган төрхөөс нь ялгарах аргагүй зүлэг, ногоо бүхий хөрсийг бий болгожээ. Хаврын хавсаргад үр нь хийсэх, мал орж ирж сүйтгэх гэх мэтээр бэрхшээл их байдаг учраас компанийн залуус нөхөн сэргээлт хийсэн бүх талбайгаа хашаалж, хамгаалж, бүр харуул хамгаалалт ч гаргасан байна билээ. Ингэснээр нөхөн сэргээлт бүрэн явагдаж дууссаны дараа талбайг сумын удирдлагуудад хүлээлгэж өгдөг байна. 

Маршрут 3: Хотын төвөөс 300 км-т, уурхайчдын хөлд дарагдаж, ухаж сэндийчсэн гэх Заамар суманд “Хайрын төгөл” байна гэвэл уншигч та итгэх үү. Би ч бас итгээгүй юм. Гэвч “өөрийн нүдээр харж байж сая л нэг итгэв. Тосон үйлдвэрийн мянга мянган залуусын хоёр гараар бүтсэн 74 мянган мод, модлог ургамлаас бүрдсэн ойн төгөл голын эргээ дагаад байрлажээ. Залуусын амарч зугаалах орчныг бүрдүүлж сүүдрэвч, сандал, хогийн сав зэргийг байрлуулж өгсөн тус төгөлд компанийн олон залуус амьдралын ханьтайгаа танилцсан учраас “Хайрын төгөл” хэмээн нэрлэх болсон аж. Компанийн нийт зөвшөөрөл авсан газар нь 10 км орчим үргэлжлэх бөгөөд эндээс биологийн нөхөн сэргээлтийг нийтдээ 460 гаруй га талбайд хийсэн бол техникийн нөхөн сэргээлтийг 700 гаруй га талбайд хийжээ. 10 гаруй удаа тэргүүний нөхөн сэргээгч байгууллагаар шалгарсан амжилтаа ч тэд ирсэн зочдод “гайхуулав”. Нэг га талбайд 16 сая төгрөг зарцуулдаг бөгөөд нийт талбайд 12 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлт хийсэн нь бусад уул уурхайн компаниуд дундаа яах аргагүй тэргүүлэгч гэдгийг илтгэнэ. 

Маршрут 4: Хүний гараар бүтсэн “Тосон” нуур, түүнийг тойрч эмжсэн ойн төгөлтэй танилцахаар зочид хөдөллөө. 16 га талбайд байрлах “Тосон” нуурын эргийг гайхмаар сайхан тохижуулжээ. Туул голыг дүүжин гүүрээр гаталж, цааш 300 метр орчим яваад нуурын эрэгт хүрэх аж. Тэнд саравч, хогийн сав, сандал, чулуун зам, модон гүүр зэрэг амарч, тухлах ая тухтай бүх л орчныг бүрдүүлсэн байв. Туул гол гарснаар Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэр залгадаг аж. Тосон нуур нь сэлгэмэл устай цэнгэг нуур. Цурхай, хэлтэг, цулбуурт, алгана, зэвэг зэрэг нийт зургаан төрлийн загас энэхүү нууранд үржиж байгааг “Монполимет” группын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга н.Мөнхбат бидэнд танилцуулав. Зарим газраа зургаа, өөр хэсэгтээ 11 метр гүн “Тосон” нуурыг 2011 онд улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлж, Булган аймгийн Бүрэгхангай суманд хүлээлгэж өгсөн бөгөөд үйлдвэрийн зүгээс нуурыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, спорт загасчлал хөгжүүлэх талаар сумын удирдлагуудад санал гаргаснаа хэлж байлаа. 

Драгийн үйлдвэр хамгийн эко 

Маршрут 5: Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд асан, доктор Ч.Хурц ингэж хэлсэн байдаг юм. Туул голыг дүүжин гүүрээр гарч, 300 метр яваад Тосон нууранд хүрдэг. Тэгвэл Тосон нуураас дахиад нэг км гаруй явсны эцэст Драгийн үйлдвэр байрлах олборлолтын цэгт очив. Өндрөөрөө таван давхар байшинтай тэнцэхүйц драгийн үйлдвэр нь уул уурхайн салбарт хамгийн эко, аюулгүй үйлдвэрлэл гэж хүлээн зөвшөөрөгджээ. Мөн цахилгаанаар 100 хувь ажилладаг учраас түлш асгадаг, шатахуунаар хөрс бохирдуулдаг гэсэн ойлголт байхгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхай, бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатараас драгийн үйлдвэр байгаль орчинд ямар сөрөг нөлөөтэй талаар тодруулав. Тэрбээр, “Хариуцлагатай уул уурхай хамгийн чухал. Хууль бус алт олборлолт хаа сайгүй явагдаж байгаа. Гэхдээ энд тийм зүйл алга. Нөхөн сэргээлтээ ном журмын дагуу хийжээ. Дараа нь ашиглах боломжийг бүрдүүлсэн нь чухал. Драгийн үйлдвэрийг бага агуулгатай, өргөн голын хөндий дагасан гольдролд ашигладаг. Гэхдээ гол дотор явах боломжгүй. Нийт 82 шанагатай, шанага бүр нь 250 кубын хүчин чадалтай байдаг. Гольдирлын ордод үйл ажиллагаа явуулахдаа эргээд нөхөн сэргээлтийг тасралтгүй хийж байгаа. Шороогоо зөөхгүйгээр шууд угаагаад эргээд нөхөн сэргээж байгааг харвал яах аргагүй эко үйлдвэр байна” гэв. Мэргэжлийн хүн ийм дүгнэлт өгсөн учраас илүү олон зүйл асуух нь илүүц биз. Тэгээд ч Туул голоос хоёр км орчим газарт драгийн үйлдвэр байсан учраас гол дотор энэ том үйлдвэр ажиллах ямар ч боломжгүйг харлаа. 

...Нөхөн сэргээлт хийсэн 10 км газрыг бүгдийг нь тойрч үзнэ гэвэл бүтэн өдөр ч хүрэлцэхгүй юм билээ. Хол замыг туулсан бид ч хэдхээн газраар ороод л ядарснаа гайхацгаав. Гэвч энэ бүхнийг хийсэн хүмүүсийн хөдөлмөрийг бодвол машинтай тойрч үзэх юу ч биш гэдэг нь мэдээж. Өмнө хэлсэнчлэн бэлчээрийн ургамал тарих явцыг хашаалсан талбай, чацаргана, үхрийн нүд тариалсан талбай, дуслын усалгааны системээр мод үржүүлж буй талбай зэргийг дурьдвал энд зай талбай ч хүрэхгүй учраас тэмдэглэлээ энэ хүргээд өндөрлөе.

Аялалын маршрут үдэш нь хэлэлцүүлгээр өндөрлөв. Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар хэлэлцүүлгийг удирдаж, Ашигт малтмалын ерөнхий газар, УУХҮЯ, “Тосон” үйлдвэрийн төлөөлөл, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож, “Хариуцлагатай уул уурхай ба нөхөн сэргээлт сэдэв”-ийн хүрээнд асуулт хариулт өрнөв. Бүтэн өдөржин хамтдаа аялалд гарсан иргэний нийгмийн төлөөлөл болох “Арвин суварга” ТББ-ын тэргүүн Г.Чагнаадорж “Тэд хуулийн хүрээнд биелүүлэх ёстой үүргээ сайн гүйцэтгэж байна. Бид илүү байхыг тэднээс шаардана. 2014 онд ирснээс хойш олон зүйлийг сайн хийжээ. Бас шүүмжлэх зүйл ч байсныг илэн далангүй ярилцлаа. Илүү сайжруулах биз ээ” хэмээн товчхон дүгнэв. Харин энэ мэт хариуцлагаа ухамсарлаж, нөхөн сэргээлтээ цаг тухайд хийж буй компаниудад төрийн дэмжлэг байдаг талаар БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр “Гар аргаар алт олборлож байгаа компани, нинжа нарыг цэгцлэх чиглэлээр Ерөнхий сайд чиглэл өгсөн. Захирамж тушаал ч гарсан. Ажлын хэсгийг би ахалж байгаа.

Хууль эрхзүйн орчинг өөрчлөх талаар ч ажлаа эхэлнэ. Бүх төрлөөр хариуцлагатай компаниудаа дэмжинэ. Жишиг компаниудаа дэмжих нь та бүхний ч үүрэг шүү” гэв. Бид саар зүйлийг маш амархан олж хараад шүүмжилдэг. Харин сайн зүйлийг байх ёстой мэтээр чимээгүй хараад өнгөрөх нь олон. Гэвч дэд сайдын хэлсэнчлэн сайныг нь сурталчилж гэмээнэ муу муухайг хийж буй компаниуд нь дүгнэлт хийж, ажлаа адилхан болгохын төлөө чармайх болов уу хэмээн сэтгэнэ. “Мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн үндэсний хөрөнгө оруулагч “Монполимет” группын тэнд бий болгосон бүхнийг та өөрөө очоод нэг үзээрэй. Тэр цагт арай өөр дүгнэлт хийх биз.