ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сиднейд иргэд рүү халдсан этгээд сэтгэцийн өвчтэй нэгэн байжээ

O.Admin
2024-04-15

Бямба гарагт Австралийн Сидней хотын нэгэн худалдааны төвд хутгаар зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү халдаж, зургаан хүний амийг хөнөөж, 12 хүнийг гэмтээжээ. 

Хохирогчдын тав нь эмэгтэй, нэг нь хамгаалалтын албаны эрэгтэй ажилтан байсан юм. Амь үрэгдсэн нэг эмэгтэй нь есөн сартай нялх хүүхэдтэйгээ явж байсан бөгөөд хүүхэд нь хүнд шархдаж, ээж нь амиа алджээ. 

Аллага үйлдсэн этгээдийг цагдаагийн албан хаагч хэргийн газарт буудаж хөнөөсөн юм. Австралийн Нью Соут Уэлс мужийн цагдаагийн газар Ням гарагт алуурчны нэрийг зарлажээ. Уг этгээд нь Күинслэнд мужийн харьяат, 40 настай, сэтгэцийн өвчтэй Жоэл Каучи гэгч байсан байна. Түүнийг халдлага үйлдэхдээ ямар нэг үзэл сурталд хөтлөгдөөгүй гэж мөрдөгчид дүгнэжээ.

“Халдлага үйлдэгч сэтгэцийн өвчтэй хүн байсныг бид тогтоосон” гэж цагдаагийн ахлах офицер Энтони Күүк хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. Каучи сар орчмын өмнө Сидней хотод ирж, түрээсийн жижиг агуулахад хувийн эд зүйлсээ хадгалж байжээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд автомашин, буурчийн газруудаар дамжин амьдарч, хааяа зөвхөн текст мессэжээр харьцдаг байсныг эцэг эх нь цагдаад мэдүүлсэн байна.

Сэтгэцийн эмгэг 17 насанд нь анх илэрч байсан ч бусдын эсрэг хүчирхийлэл үйлдсэн тохиолдол гарч байгаагүйг Күинслэндийн цагдаагийн газар баталжээ.