ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Засаг дарга асан С.Эрдэнэбаярын ах дүү нар 600 га газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн үү

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-10-01

Манай сонины сурвалжлах баг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга П.Батбаатар  хууль бусаар газрын эрх шилжүүлсэн захирамж үйлдсэнийг өмнөх дугаартаа нийтэлсэн билээ. П.Батбаатар нь өөрийн эрх мэдлийн хүрээнд захирамж гаргахдаа “Тухайн үед би ажил аваад удаагүй байсан. Газрын даамлын оруулж ирсэн захирамж дээр гарын үсэг зурдаг байсан. Манай суманд газрын захирамж өдөрт хэдэн арваараа үйлдэгддэг.

Одооноос л харин газрын захирамжтай нэг бүрчлэн танилцаж, судалж байж гарын үсэг зурдаг болсон” хэмээн утсаар тайлбар өгч байсан. Түүнийг сумын хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан эсэхийг тодруулахад тэрбээр “Би 2012-2016 онд сумын хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Тухайн үед С.Эрдэнэбаяр даргын захирамжаар үр тарианы зориулалттай олгосон энэ газрын талаар төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж байгаагүй. Миний мэдэхгүй асуудал” хэмээсэн билээ.

Түүний өмнө Сумын Засаг дарга байсан С.Эрдэнэбаяр гэгч этгээд нь ашиг сонирхлын зөрчилтэй газар эзэмших болон өмчлөх захирамж удаа дараа гаргасан байж болзошгүй байгаа юм. С.Эрдэнэбаярын дараагийн Сумын Засаг дарга П.Батбаатар нь түүний хууль бус захирамжуудыг хүчингүй болгох ёстой атал тэгсэнгүй. Улмаар өөрийнхөө гарын үсгээр дараагийн этгээдэд эрх шилжүүлэх захирамж гаргаж өмнөх Засаг даргын балгийг санаатай болон санаандгүй нуун дарагдуулах гэсэн бололтой хэмээн албан бус эх сурвалж хэлж байсан юм.

Тухайлбал, 400 га газрын эрх шилжүүлсэн “Эйч Эс Эл”  ХХК-ийн захирал  н.Сүхбаатарын  Түвшинтөр нь С.Эрдэнэбаяр Засаг даргын төрсөн эгч Сэнгээгийн Эрдэнэчимэгийн хүүхэд аж. Түүгээр зогсохгүй 200 га газрын эрх шилжүүлсэн “Гэлийн туг” БГБХН-ийн дарга С.Эрдэнэбат нь сумын Засаг дарга асан С.Эрдэнэбаярын төрсөн ах байна. Ингээд харахаар дээрх ургийн модны хэлхээ Орхонтуул сумын газар тариалангийн талбайгаас 600 га талбайг эзэмшиж бусдад шилжүүлсэн нь харагдаж байна. Дээрх газрууд анх олгогдохдоо тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байж болзошгүй нь асуудал юм.

Цаашлаад П.Батбаатар Засаг дарга С.Эрдэнэбаяр Засаг даргын үед Сумын тамгын газрын жолоочоор ажиллаж байсан н.Сүхбаатарын хүү Содномпилийн эзэмшиж буй үр тарианы зориулалттай 200 га талбайг 2017 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн А/51 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай “Орхон тариа” ХХК-д шилжүүлсэн байдаг. Гэтэл дээрх эрх шилжүүлсэн захирамжид “Энэхүү захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн А/36 тоот захирамж, 000461173 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэж захирамжилсан байна. Бид 2014 оны С.Эрдэнэбаяр Засаг даргын гаргасан  дээрх захирамжийг нягталж үзлээ. Харамсалтай нь дахин нэг хууль бус үйлдэл.

Уг захирамж нь “Өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх тухай” өмчлөлийн захирамж байхыг хараад үнэндээ гайхав. Тус захирамжаар “Гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран өмчилсөн иргэдийн хэлцлийг харгалзан хавсралт нэгд дурдсанаар нэр бүхий гурван иргэнд 10319 м2 хэмжээтэй 8255200 төгрөгийн үнэ бүхий газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өмчлүүлсүгэй” хэмээн захирамжилжээ.  Гэтэл 2016 оны А/36 тоот захирамжийг үндэслээд нэг хүний эзэмшлийн 200 га үр тарианы зориулалттай талбайг шилжүүлчихсэн байдаг. Үндэслэж хүчингүй болгосон захирамж нь өмчлөлийн газрын 10319 м2 талбайтай байгаа нь хууль бусаар газрын эрх шилжүүлсэн байж болзошгүй гэдгийг илэрхийлж байгаа юм.

Төрийн байгууллагын ажил зогсолтгүй урагшилж иргэдэд үйлчилж байх ёстой. Энгийн тариаланч иргэд хагас га газрын төлөө санал хүсэлт өргөдөл өгөөд хоосон хоцорч түрээсийн талбайд тариалан эрхлэн зүдэрч явах үед Засаг даргын төрсөн ах эгч нар болон тойрон хүрээлэгчдэд зуу зуун га талбайн эрх олгох захирамжийг бүдүүлгээр хэлбэл “хүчиндэж” олгосон байна. Тариалангийн бүс нутагт нэг га газрын үнэлгээ нэг сая орчим төгрөгөөр үнэлэгддэг тухай сумын тариаланч иргэд хэлж байлаа. Сая төгрөггүй халаас нимгэн иргэд хэн нэг Засаг даргын ашиг сонирхлын золиос болсоор байх гэж үү. Бидний хөндөж гаргасан дээрх асуудлыг Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албаны холбогдох албан тушаалтнууд анхааралдаа авч бурууд нүд хурц байж хардсан сэтгэлийн эгшээсийг тайлаасай гэж  хүсэж байна.