ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мод тарих үндэсний өдрөөр 500 бут сөөг, мод шинээр тарилаа

O.Admin
2018-10-15

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нийслэл хотын ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд жил бүрийн   тав болон аравдугаар  сард  "Бүх нийтээр  мод  тарих үндэсний өдөр”-ийг  албан байгууллага аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан   зохион байгуулдаг уламжлалтай.  Тэгвэл  2018 оны “Хүн бүхэнд цэвэр агаар-Мод бүхэнд ус” уриатай намрын мод тарих өдрийг  өнгөрсөн бямба гарагт “Үндэсний цэцэрлэг хүрээлэн”-ийн төв талбайд зохион байгууллаа. Энэ үеэр манай сурвалжлах баг намрын мод тарилгын талаар сурвалжилсан юм. Бид  11.00 цаг өнгөрөөгөөд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очлоо.  

Харин намрын мод тарих өдөр 12.00 цагаас албан ёсоор нээлтээ хийсэн юм. Өдөрлөгт Монгол Улсын сайд , Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга  нар   оролцлоо.  Өдөрлөгийг нээж  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ “Экологийн тэнцвэргүй байдал   цөлжилтийн эсрэг хийж чадах хамгийн том ажил бол мод тарих юм.  Тарьсан модоо  арчилж байгаарай” хэмээн уриалав. Үүний дараа уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүс үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс мод тарих  бэлтгэл  байдлыг хэрхэн хангасан байдалтай танилцлаа. Хүрэлцэн ирсэн иргэд энэ оны  намрын мод тарилгын хүрээнд  чацаргана, улиас, голт бор, шар хуайс, гүйлс, монос, нарс, гацуур  гэсэн найман төрлийн 500 орчим мод бут, сөөгийг шинээр тарив.  

Жил ирэх тусам  мод тарих өдрийг зорин ирэх иргэдийн тоо  нэмэгдэж байгаа нь  хүн хүний ухамсар нэмэгдэж байгаагийн жишээ болов уу. Намрын мод тарилгыг зохион байгуулахдаа  шинээр олон мод суулгахаас гадна  өмнө нь тарьсан модоо арчлахыг  уриаллаа.  Энэхүү уриалгыг дэмжиж 25 иргэн, байгууллага тарьсан модондоо цэнэг усалгаа хийх, тогоог цэвэрлэх, хөрс сийрүүлэх, ойр орчмын  шар өвсийг цэвэрлэх, хагдарсан хөл ургамлыг устгах ажилд оролцлоо. Өмнөх жилүүдэд тарьсан модыг арчлах ажлыг Үндэсний  цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид хийж байсан аж. Энэ оны намрын мод тарилтын өдөр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тарьсан модондоо намрын усалгаа хийж, тогоог цэвэрлэж , хөрсийг сийрүүлэн, ойр орчмын  шар өвсийг цэвэрлэн,  хагдарсан хог ургамлыг түүж арчилгаа хийж байгаа нь өмнөх жилүүдээс онцлогтой байсан. 

Г.Батчимэг