ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Раднаабазар: Казиногийн нэг тусгай зөвшөөрлийг 25-30 тэрбумаар үнэлнэ гэж хуулийн төсөлд тусгасан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-03

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазарыг “Ярилцах танхим” буландаа урьж, байгаль орчны салбарын хууль тогтоомж, шинээр батлагдах хууль эрхзүйн орчны асуудлаар ярилцлаа. 

-Байгаль орчны салбарт багагүй өөрчлөлт шинэчлэлтийг хий­ж байна. 2016 оноос хойш энэ салбарт хэчнээн хууль тогтоомж шинэчлэгдэв. Мөн УИХ-д өргөн барьсан онцлох хуулиуд юу байгаа бол? 

-2018 оны хууль тогтоомжийн үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолоор бид 1-2 хуулийг боловсруулж батлууллаа. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг оруулж батлууллаа. Агаарын тухай хууль байгаа. Мөн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомжийг УИХ-д өргөн барьчихаад байна. Казиногийн тухай хууль Хуульзүйн байнгын хороонд оччихсон байгаа. Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийг УИХ-д өргөн барихаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Байгалийн ургамлын тухай хууль, Модлог ургамлын тухай хууль, Байгаль орчны багц хуулийг өнгөрсөн хугацаанд боловсруулж, УИХ-д өргөн барих гэж байна.

Энэ жилийн тухайд Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтраад 19-20 хуульд дүн шинжилгээ хийж, хийдэл, давхардал, зөрчлийг илрүүлж чадлаа. Тухайлбал, Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тухай хуульд энгийн зөрчил гэж оруулчихсан атлаа Байгаль хамгаалах хуульд илүү хатуу заалтаар тусгачихсан байгаа юм. Хуулийн заалтууд нь хоорондоо зөрчилдөж байна гэж үзээд нэгтгэх, залруулах зүйл хийлээ. Цаашлаад, Ойн тухай хуульд ийм, ийм үйл ажиллагааг хориглоно гэсэн атлаа хориглох үйлдэлд нь ногдуулах  торгуулийг Зөрчлийн болон Эрүүгийн хуульд оруулаагүй. Эндээс хийдэл үүсч байгаа юм. Энэ мэт асуудлыг бүгдийг нь нягталж үзээд, Их хуралд удахгүй өргөн барина. Байгаль орчны салбарт нийтдээ 25 гол хууль байдаг. Эдгээр хуулийн хийдэл, давхардлыг арилгаж чадлаа гэж ойлгож болно. 

-Казиногийн тухай хууль маш олон жил яригдсан. Нэр бүхий хэдэн гишүүн анх яриад улстөрийн замналдаа хүртэл цэг тавих шахсан тохиолдол бий. Одоо энэ хуулийг гаргах нийгмийн шаардлага болсон гэж үзэж байна уу? 

-Казиногийн хуулийг 2015 онд УИХ-д өргөн барьчихсан. Өмнөх Засгийн газрын үед гэсэн үг. Анхны хэлэлцүүлэг хийгдчихсэн. Хуулийн үндэслэл шаардлага мэдээж байгаа учраас УИХ хэлэлцээд явж байгаа болов уу. Монгол хүн орж тоглохгүй. Хуулийн хүрээнд гадны иргэд казино тоглосноор манайд татвар хураамжаас эхлээд ашиг авчрана гэж харж байгаа. Хоёр хөрш буюу ОХУ, БНХАУ-ын зүгээс өөрийн улсын нутаг дэвсгэрт казино тоглохыг хуулиараа хориглочихсон. Тэгэхээр эдгээр улсын жуулчид манай улсад казино тоглож, аялал жуулчлалд хөрөнгө оруулалт хийнэ гэж үзсэн. Тэндээс орсон орлого шууд улсын төсөвт төвлөрнө. 

-Экспертүүдийн зүгээс ямар санал гаргаж байсан вэ. Өмнө нь Замын-Үүдийн чөлөөт бүсэд барина гэж ярьж байсан. Өөрчлөлт орсон зүйл байгаа болов уу? 

-Хууль батлагдчихвал эрхзүйн хувьд нээлттэй болчихно. Яг хаана барих вэ гэдгийг Засгийн газар тогтоолоор шийдэх учраас хуульд нарийн тусгаж өгөөгүй. 

-Их хэмжээний мөнгөн дүнгийн тухайд хэрхэн зохицуулалт хийх вэ. Хуулийн төсөлд тэд хүртэл төгрөгөөр тоглоно гэх мэт нарийн заалт байгаа юу? 

-Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг л гол агуулга нь байгаа юм. Хууль гарснаар зөвхөн казино байгуулж, мөнгөөр тоглуулах нь гэж харвал өрөөсгөл ойлголт болно. Тэндээс орж ирэх ашгийн зөвхөн 10 хувийг л казино буюу мөрийтэй тоглоомын татвар, ашгаас орж ирнэ. Дагалдаад зочид буудал, үзвэр үйлчилгээ гэх мэтээр аялал жуулчлалын салбараас 90 хувийн ашиг орж ирнэ гэж харж байгаа. Мэдээж аюулгүй байдал маш чухал. Хуулийн төсөлд энэ талаар тодорхой тусгасан. Нарийн заалтуудыг Хуульзүйн байнгын хорооны ажлын хэсгээс авсан нь зөв байх. 

-Бооцоот морин уралдааны тухай хууль байгаа гэсэн. Энэ хууль Казиногийн тухай хуультайгаа уялдаж орж ирсэн үү. Эсвэл бүр тусдаа хууль болж байна уу? 

-Бооцоот морин уралдааны хууль тусдаа явж байна. Гэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлэх гэдэг утгаараа Казиногийн тухай хуультайгаа уялдаад явна. Өөрөөр хэлбэл, бооцоот морин уралдаан болон казиногийн үйл ажиллагаа явуулах этгээдийг хянах зөвлөл нь нэг байхаар хуулийн төсөлд уялдуулж өгсөн. Эдийн засгийн талаасаа том хөрөнгө оруулалт байх учраас салгах шаардлагагүй гэж үзсэн. Морин уралдааны хуулийг боловсруулахдаа Хонкгонг, БНСУ, Япон зэрэг улс орнуудын хуулийг орчуулж харлаа. Морин уралдаан хөгжсөн гэдэг утгаараа эдгээр улс орнуудын туршлагыг судалсан. Тухайлбал, асуудал үүсгээд байгаа эрлийз морьдын асуудлыг тусгайлан оруулж өглөө. Цэвэр үүлдэр тусдаа, эрлийз тусдаа гэж тусгалаа. Мөн уламжлалт морин уралдааныг ч оруулж өглөө. 

-Нэг үгээр хэлбэл, өвөл хаврын морин уралдаан хуульдаа захирагдаж, тусгайлсан тойруулга, бооцоот морин уралдааны талбайд л болно гэж ойлгож болох уу? 

-Хуулийн төсөлд бол тэгж бичигдсэн. Гэхдээ өргөн бариагүй байна. Уламжлалт морин уралдаан, цэвэр үүлдэр буюу өндөр зэрэглэлийн болон эрлийз морьдыг уралдуулах зохицуулалтыг тусгасан. Өндөр зэрэглэлтэй буюу цэвэр үүлдэрийн морьдыг олон улсад 18 нас хүрсэн, тусгай сертификаттай хүн унаж уралддаг. Энэ жишгийг ч тусгасан байгаа. Казиногийн тухай хуулийг боловсруулахдаа ч олон улс орны жишгийг судлаж, нийгэм эдийн засгийн тооцоо гаргасан байгаа. Эдийн засгийн тооцоолол гарсан ч жилдээ тэдэн төгрөг олно гэсэн нарийн тооцооллыг хууль батлагдсаны дараа гаргах болов уу. 

-Тусгай зөвшөөрлийг хэрхэн олгох вэ. Гадны иргэд тухайлбал зөвшөөрөл авах боломжтой байгаа юу? 

-1-2 тусгай зөвшөөрөл эзэмшигч байна гэж тусгасан. Нэг тусгай зөвшөөрлийг 25-30 тэрбум төгрөгөөр үнэлчихсэн юм билээ. Гэхдээ хуулийн төсөл дөнгөж эхний хэлэлцүүлгийн түвшинд явж байгааг дахин сануулъя. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүдээс гарсан санал дүгнэлтээс шалтгаалж өөрчлөгдөх олон зүйл бий. Батлагдаагүй учраас тоо хэлэх төвөгтэй. Гадны иргэн эсвэл дотоодын хүн тусгай зөвшөөрөл эзэмшинэ гэсэн тусгайлсан зохицуулалт хуульд байхгүй. Хууль гарсны дараа Засгийн газар тогтоолоор шийднэ. Хуулиуд ерөнхий байдлаар бичигдсэн. Харин нарийн зохицуулалтыг Засгийн газар тогтоолоор шийдэх юм билээ. 

-УИХ-аар хэлэлцэж баталсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж байна. Том том компаниудыг өөгшүүлсэн хууль гэсэн ойлголт бий болчихлоо? 

-Хуулийн төсөл батлагдаж гарсан ч Засгийн газрын тогтоол нь батлагдахгүй удчихсан юм билээ. Энэ хуулийн зарим нэг хэл ам дагуулсан заалтуудыг Байнгын хорооны хурлаар ярьж байгаад хасчихсан. Хууль батлагдаж гарснаар ус бохирдуулж байгаа этгээд төлбөр төлнө гэсэн зохицуулалт байгаа. Том аж ахуйн нэгжид боломж олгосон зүйл байхгүй. 300-аас дээш малтай иргэдээс татвар авах байсныг болиулсан. Газар тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээс өндөр хэмжээний татвар авах байсныг мөн хаслаа. 

-Аялал жуулчлалын салбарыг төгс утгаар нь хөгжүүлэх үүднээс хууль, тогтоомжийн эрс шинэчлэлт хийнэ гэж Н.Цэрэнбат сайд хэлж байсан. Энэ ажил нь хэр ахицтай байгаа бол. Гурван ор тавиад л нэг гэр барьчихаар зочид буудал гэсэн буруу ойлголт аялал жуулчлалыг дэмжих бус эсрэгээр нь унагаад байгаа шүү дээ? 

-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яамны зүгээс боловсруулж байгаа. Хуулийн төсөл боловсруулагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх төвөгтэй байна. Ажил эхэлсэн гэж ойлгож болно. Өмнө хэлсэн болон энд яригдаж байгаа хуулийн төслүүдэд саналаа өгөхийг хүсвэл нээлттэй гэдгийг хэлье. Яаманд ирж уулзаад, хуулийн төслийг боловсруулж байгаа ажлын хэсгийнхэнд саналаа өгөөд явахад нээлттэй байгаа шүү. Үүнээс гадна, Гар аргаар ашигт малтмал олборлох асуудлыг зохицуулах хуулийн төслийг боловсруулж байна. Энэ хуульд бичил уурхай эрхлэгчид санал бодлоо хэлж болно. Аж ахуйн нэгж, иргэдтэй өмнө нь хэлэлцүүлэг хийсэн. Дахиад нэг удаа хэлэлцүүлэг зохион байгуулчихвал Засгийн газар, УИХ-д өргөн барихад бэлэн болчихно.