ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ш.Чулуунаа: Эмч хүн тухайн чадамж, ур чадварыг эзэмшихийн тулд маш их цаг хугацаа зарцуулдаг

Д.Нэргүй
2018-12-23

Монголын Эрүүл мэндийн салбарт “Мэдрэлийн Чулуунаа” хэмээх  тодотголтойгоор нэртэй, мөртэй, зүстэй яваа Анагаах ухааны доктор профессор, Мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч, Монгол Улсын Дотоодын цэргийн дэд хурандаа, “Чулуунаа эмнэлэг”-ийн захирал Ш.Чулуунаагийн яриаг уншигч танаа хүргэе. 
Тэрбээр бидэнтэй хөлсний амт үнэ цэнэ гэж юу байдаг юм, хүн үнэнчээр уйгагүй хөдөлмөрлөснөөр юунд хүрдэг юм, тэрхүү өгөөж хишгээ хэрхэн яаж хүртдэг талаар сонирхолтой дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн юм.  Нөгөө талаар Өвдөлтийн менежментийг амжилттай судалж яваа Ш.Чулуунаа эмч үргэлж үйлчлүүлэгчдийнхээ хөлд дарагдаж, эндээс олон хүн эдгэрлийг олсонд нь талархнам. 

-Та хэзээнээс ажил хөдөл­мөрийн амт, шимтийг мэдэрч эхэлсэн бэ. Бүр тод­руулбал анхны цалингаараа  юу авч  байв?

-Баярлалаа. Юуны өмнө танай сонины хамт олонд ажлын амжилт хүсье. Бид анх  оюутан ахуй цагаасаа эхэлж степенд авч, намрын ажилд явж норм нормативаа биелүүлж эндээс ажил хөдөлмөрийн амт шимтийг мэдэрч анхны цалингаа авч урамшиж байлаа. Одоо бодоход  анхны цалингаараа хичээлдээ хэрэглэх номнууд  худалдаж аваад үлдсэн мөнгөө аав, ээждээ аваачиж өгч байсан санагддаг юм. Ингэж энэ үеийн оюутнууд ургац хураалт, хадлан тариалан, хашаа хороо барих олон ажилд идэвхтэй оролцож үүнийг төр  засаг үнэлдэг байсан цаг. 

-Таны үеийн оюутнууд  мэргэ­жилдээ мэргэшиж чадсан нь хаа ч манлайлж ажилладагаас  илхэн харагддаг. Үүнийг олон хүн хэлдэг?

-Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг дүүргэхээсээ өмнө зургадугаар курс гэдэг туслах эмчийн ажлыг орон нутагт очиж 4-6 сар хийдэг байлаа. Уг туслах эмчээрээ миний бие Дархан хотын төв эмнэлэгт хуваарилагдан очиж  байлаа. Эхлээд хүүхдийн тасаг, дараа нь Төрөх эмэгтэйчүүдийн тасаг, Мэс заслын тасагт нэг сар гаруй дагалдаад, хүүхдийн дуудлага, цус алдалт, хүндрэлтэй төрөлтүүд гээд тухайн эмнэлэг дээр яаралтай тусламжаар ирж байгаа өвчтөнүүдтэй 24 цагаар дадлага хийдэг байлаа. Энэ бол бидэнд эмч болж гарахад маш их туршлага болж өгсөн. Хэдийгээр Эх барих, эмэгтэйчүүдийн эмч болоогүй ч гэсэн хүн төрүүлж, хүүхэд эх барьж, цус алдалтаас хамгаалж, эхэс гардах ажилбарыг хийчихдэг, мэс заслын наад захын  үйлчилгээ, хүүхэд нярайд  үзүүлэх анхан шатны тусламжуудыг гардан  хийж  сурсан. Эндээс ирээдүйд  эмч болох эх суурь тавигдсан юм болов уу. Тэр үеийн оюутнууд нэгдүгээр курсээсээ эхлээд л ажилд явбал  мөнгө авна, бас онц сурвал илүү 340 төгрөг, сайн,  дунд сурвал 240 төгрөг, туслах эмчийн цалин гээд социализмын үед ч хөдөлмөрийн хөлс, оюуны хөдөлмөр, биеийн хүчний ажлын үнэлэмжүүд норм журмын дагуу олгогддог байсан. Эндээс хөлсний амтыг мэдрүүлсэн болов уу.

-Тэгээд АУДэС-ийг онц төгссөн залуухан гялалзсан эмч хаанаас эмчийн гараагаа эхэлж байв?

-Сургуулиа төгсөөд хуучнаар НАХЯ-ны харьяа байгууллагад эмчээр очсон. Тухайн үед шинэ залуу боловсон хүчнийг хөдөө орон нутаг буюу салбар нэгжээр дамжуулсны дараа төв салбар руугаа татдаг хатуу дэг журамтай байсан. Энэ жишгээр миний бие АУДэС-ийг онц төгсөөд НАХЯ-ны Шүүхийн шийдвэр биелүүлэх Ерөнхий газар одоогийн Ганц худгийн хорих эмнэлэгт эмчээр очиж байлаа. Эндээс салбар ангид яаж ажилладаг юм, цэргийн эмч, жирийн эмч хоёрын ялгаа юунд байдаг юм бэ гэдгийг ойлгож  авсан. Залуу эмчийн хувьд хорих анги гэдгээрээ  ял зэмлэл хүлээгээд тодорхой хэмжээгээр эрхээ хасуулсан хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг хариуцахад сэтгэл зүйн хувьд өөрийгөө бэлтгэх маш том үүрэг оногдсон. Учир нь хорих ангид эмчлүүлж байгаа хүмүүс сэтгэл санааны тавгүй байдлаасаа болоод зарим нь үнэхээр өвдөж байхад, зарим нь эмнэлэг бараадаад орчноо солъё гэсэн бодолтой байдаг юм билээ. Гэтэл нэг залуу эмнэлэгт хэвтэхийн тулд хоолонд хэрэглэдэг цувдай гэдсийг цэвэрлэхдээ сэвсийг нь идэж хордож эмнэлэгт ирсэн. Түүгээрээ бөөлжихөд нь түгжрэл байна гэж сандраад бүх эмч нараа дуудаж бужигнаан болж билээ. Энэ үед туршлагатай эмч нар Чулуунаа эмч ээ та залуу хүн, гэхдээ энэ хүний бөөлжис малын сэвс байна уу, хүний өтгөн байна уу, эсвэл хэвлий нь зөөлөн байна уу, үнэхээр түгжрэлд ороод яаралтай мэс заслын тусламж авах хүн байна уу гэдгийг ялгаж чадах ёстой байсан. Гэсэн ч та биднийг дуудсанаараа хуурамчаар өвдсөн хүнээс ямар байдал гардаг юм бэ гэдгийг мэдэж авсан эхний шалгуур боллоо гэж хэлж байлаа. Энэ мэтчилэн дээрх эмнэлэгт нэг жил ажиллахдаа өвчтөнүүдийн 70, 80 хувь нь сүрьеэтэй хүмүүс байсан учраас эндээс уушгины зургийг маш сайн судалж, рентген зургуудыг уншиж сурч билээ. Энэ нь нэг ёсондоо хэдийгээр мэдрэлийн эмч болох гэж байсан ч гэлээ дотор эрхтэн уушги тэр дундаа сүрьеэгийн эмгэгийн талаар нэлээн сайн мэдлэг олж авч, сайн ажиллаад нэг жилийн дараа НАХЯ-ны Төв эмнэлэгт Мэдрэлийн тасгийн эмчээр томилогдон очиж байлаа. Дуламжав, Дашдулам нарын  маш туршлагатай эмчийг дагалдан ажиллаж байгаад мэдрэлийн эмчийн олгох, дээшлүүлэх курст суралцан тус тасагт 11 жил ажиллахдаа эхний гурван жилээс хойш тасгийн эрхлэгч хийсэн байдаг. Дараа нь эмнэлгийнхээ дарга болсон. Тэгэхээр дэслэгчээс эхлээд дэд хурандаа цол хүртлээ нийт 19 жил одоогийн ТТХНЭ-т ажилласан байдаг. 

-Цэргийн байгууллагад ажиллах  сайхан  ч гэлээ дутагдалтай тал нь юу байсан бол?

-Энд ажиллахад гадаад, дотоод харилцаа, сургалтад хамрагдах хүрээ хязгаарлагдмал санагдаад  УКТЭ-д улсын хэмжээнд мэдрэлийн салбарт ажиллавал яасан юм гэж бодоод 2005-2008 онд УКТЭ-д Мэдрэл судлалын клиникийн эрхлэгчийн ажлыг хариуцсан. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд мэдрэлийн ямар өвчлөл ихсээд байна, цус харвалт нэгдүгээр шатанд хүрээд байгаа шалтгаан нь юу юм гэдэгт анхаарлаа хандуулсан. Эндээс  өвдөлтийн менежмент гэдэг шинжлэх ухааныг сурахгүй бол болохгүй юм байна, өвдөлтийг л зөв оношилж, илрүүлээд зөв эмчилж чадах юм бол нэлээд олон эмгэгийг анагаах боломжтой юм байна гээд энэ чиглэлээр 2005 оноос хойш ажилласан. Нэг үгээр хэлбэл  салбар шинжлэх ухааныг шинээр бий болгохын тулд яалт ч үгүй ажиллах шаардлага гарсан гэж хэлж болно. Хэдийгээр эмнэлэг болгоныг өвдөлтийн тасагтай, оношлогооны эмч нартай болгомоор байна, өвдөлт судлалын сурах бичигтэй болгомоор байна гэж ЭМЯ,  ЭМШУИС-ийн салбар зөвлөлүүдэд хүсэлт тавьсан  ч энэ маань биеллээ олж чадахгүй байлаа. 

-Эндээс л  та өөрийн хийе гэснээ хийж хэрэгжүүлэхээр “Чулуунаа эмнэлэг” байгуулахаар шийдсэн хэрэг үү. Ингэж өвдөлт намжаах менежментийг хөгжүүлсэн нь нүдээ олсон ажил болж чадсан уу?

-Хүнд  бодож санасандаа хүрэх, бусдад эрүүл мэндийн бэлэг барих гэж нэг зорилго байна шүү дээ. Энэ бодол сэдлээрээ 2009 онд “Чулуунаа эмнэлэг”-ээ байгуулж байлаа. Шинэ салбар шинжлэх ухааныг өөрөө суурийг нь тавиад, практик судалгаа, эмчилгээ, оношлогоон дээр үндэслэн эрдмийн ажлаа хийсэн. Дэлхий нийтэд “Өвдөлтийн менежмент” гэдгийг яаж хөгжүүлж байгаа юм, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ юун дээр доголдоод байгаа юм, хэрэв өвдөлтийн менежмент гэдэг  салбар шинжлэх ухааныг сайн хөгжүүлж чадвал гадагшаа яваад байгаа мөнгөний урсгалыг хумиж чадах юм байна. Хэрэв эрт оношилж чадах юм бол маш олон ужиг өвчин, хавдар, элэгний эмгэгүүд, сүрьеэ, сахарын диабет өвчний хүндрэл зэрэг маш олон өвчнийг эрт илрүүлж бага зардлаар тухайн хүндээ хохиролгүйгээр эмчилж болох юм байна, хүн болгон хөгшрөхөөрөө өвдгөө солиулахгүй,  нуруу хүзүүний эмгэгтэй болж хагалгаанд орох ёсгүй юм байна гээд энэ чиглэлээр судалгаа хийж байгаа. Энэ хүрээнд жил бүр 1-2 удаа өөрийн зардлаар олон улсын сургалт семинарт илтгэл тавьж, Дэлхийн өвдөлт судлалын нийгэмлэгийн стандартын дагуу ажил үйлсээ явуулж байна. 

-Та туршлагатай сайн эм­чээс гадна  Удирдахуйн ухаан, менежмент талаар их хариуц­лагатай шударга ажил­ладаг. Эн­дээс эмнэлгийн чанартай үйлчилгээ, эмх цэгц гээд олон авууштай зүйл харагдаж байна. Нөгөө талаас та манай сонины “Хөлсний амт” буланд уригдлаа. 

-Сайн эмч гэдэг нэг өөр. Мэргэжилдээ сайн хүн гэдэг тэр мэргэжлээрээ л ажиллах чадамжтай байдаг. Тэгэхээр сайн эмч бүхэн сайн менежер байдаггүй юм. Ялангуяа шинэ шинжлэх ухааныг нутагшуулан, тусламж үйлчилгээг явуулах, аливаа салбарыг удирдаж авч явахын тулд маш сайн менежер байх ёстой. Өмнөх туршлагадаа тулгуурлаад өөртөө хэрхэн яаж ажиллах вэ гэдэг чадвар дадлыг бий болгосон байсан учраас эмнэлгээ цомхон, чадварлаг, өвдөлтийн менежментийн тусламж үйлчилгээг оновчтой байхыг илүүд үзэж энэ талаар хөгжүүлэхийг хичээж явна. Өөрөөр хэлбэл ямар техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэх, эмчилгээний  дутагдаад байгаа тусламж үйлчилгээний ямар аргачлалыг оруулж ирэх талаар сонголтыг зөв хийснээр манай эмнэлэг үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эмнэлэг болсон. Анх нэг хүнтэй эмнэлэг байгуулж байсан бол эдүгээ 15 ажилтантай, долоон их эмчтэй, 5-6 өрөө эзэмшээд, 10 жилийн дотор үйл ажиллагаа маань өдрөөс өдөрт өргөжин тэлээд явж байна.

-Гадны эмнэлгүүд өртөг өндөртэй тусламж үйлчилгээг үзүүлдэг. Энэ талаар эмч хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Тийм ээ, миний бие Солонгосчуудтай олон жил хамтарч ажилласан. “Инха” их сургуультай хамтын ажиллагаатай. Жишээ нь Солонгос улсад өвдөлтийг багасгах нэг тариа ажилбарыг хийхдээ эмч зөвхөн ажилбарын хөлс гэж 600 мянган вонн байдаг. Эм тариа нь манайхтай ойролцоо 100- аад мянган вонн болно. Гэтэл бид эм тарианыхаа үнэн дээр 30 хувийн ашгийг оруулж, нэг ёсны тусламж үйлчилгээг үнэгүй хүргэж байгаа. Тэгэхээр манай эмнэлгийн өртөг бусад эмнэлгүүдтэй харьцуулахад маш бага байгаа төдийгүй гадаадад очиж их мөнгө зарах олон оношлогоо, эмчилгээг Монголдоо  маш хямд хийж байгаа. “Хөлсний амт” гэдэг хүн хөдөлмөрөө үнэлж, тухайлбал эмч хүн тухайн чадамж, ур чадварыг эзэмшихийн тулд маш их цаг хугацааг зарцуулдаг юм. Үүний тулд маш их ном уншиж, маш олон сургалтад хамрагдаж байж хүн бэлтгэгддэг учраас тэдний оюуны хөдөлмөрийн үнэлэмж, аливааг хийж байгаа чадамжийг ойлгох цаг болсон байна. Нэг жишээ татахад: Испанийн алдарт зураач, уран барималч Пабло Пикассогоор зураг зуруулсан бүсгүй та 20- хон минутын дотор  зурчихаад ямар өндөр хөлс хэлнэ вэ гэхэд “Би бүхий л амьдралаа уран зурагтай холбож, энэ зургийг зурж сурахын тулд маш их цаг хугацааг зарцуулсан. Тийм учраас энэ 20 минут бол миний ур чадвар, амьдралын үнэлэмж” гэж хэлсэн байдаг. Хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж, олон дахин давтаж, уншиж байж хүний гараас бүтээл гардаг. Тийм учраас өнөөдөр нийгэмдээ чин шударгаар хөдөлмөрлөж,  юмыг олон дахин уйгагүй хийж,  эрэлхийлж байгаа хүмүүсээ үнэлж урамшуулж, хөлсний амтыг нь зөвөөр үнэлэх цаг болсон байна. Гэтэл ингэж  хөдөлмөрлөөд хөдөлмөрөө үнэ­лүүлж чадахгүй нэгэн байхад нэг ч удаа хөдөлмөрлөөгүй зүтгээгүй, тэр хэмжээнд боловсроогүй хэрнээ нийгмийн баялгаас нэлээдгүй хувийг ямар нэгэн байдлаар завшсан хүмүүс байдаг. Эндээс магадгүй  зарим залуучууд хөлсөө гаргахгүйгээр амьдарч болдог юм байна гэж эндүүрч болох юм. Тэгвэл залуугаасаа хөлсний амтыг мэдэрч чадах юм бол нас ахиж, он жил өнгөрөх тусам үнэлэмж нь илүү өндөр болдог. Иймд залуу хойч үедээ хандаж та нар минь “Бүхий л зүйлд чин сэтгэлээсээ хандаж, бусдыг хайрлаж, энэрч ойлгож, тусалж, хүндэлж, үргэлж идэвх санаачлагатай хөдөлмөрлөж явбал мөр нь  цагаан, үйлс нь арвин  байдаг юм шүү” гэдгийг  хувиасаа хэлэхийг хүсэж байна. Ингэж чадваас  монгол хүн бүр оюун ухаанаараа дэлхийг тамгалах боломж ойрхон байна гэж хэлэх байна.

-Цаг хугацаа гэдэг амархан юм даа. Цаг наргүй хүнээ эмчилсээр явтал нэг л мэдэхэд 30 гаруй жил өнгөрсөн  байна шүү дээ. Тэгэхээр эдгээр он жилүүд танд юуг үлдээсэн  байдаг вэ?

-Хүний амьдралын өдөр хоног бүр л хүнд юм үлдээж, үргэлж өөрчлөгдөж байдаг. Өглөө босох бүрд л шинэ зүйл биднийг хүрээлэн байна. Тэгэхээр амьдрал гэдэг мөнхийн эрэл хайгуул, тэр дундаа гэрэл гэгээтэй зүйлийг илүү хайж, эрэлхийлэхэд амьдралын үнэ цэнэ, утга учир  орших болов уу  гэж хэлэх  байна даа.