ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ: ЭЦЭГ, ЭХИЙН ХҮМҮҮЖИЛ

O.Admin
2018-12-23

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын мэргэжилтэн   Л.ОтгонсҮрэн

Ээж, аавууддаа зориулав.

БСШУСЯ-аас 2018 оны наймдугаар сард “Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр” батлан гаргалаа.  Энэ нь хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжихэд чиглэсэн хөтөлбөр бөгөөд цэцэрлэгийн хувилбарт сургалт болон явуулын багшаар дамжуулан хэрэгжих ёстой билээ.  Хөтөлбөрийг ажил болгож, гүйлгэн харвал: “Хөтөлбөрийн зорилго”, “Агуулга”, “Зохион байгуулалт” гэх буюу “Бие бялдрын хөгжлийг дэмжих”, “Хүүхэддээ ахиц гарч, хөгжиж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ” гэхчлэн бичигдсэн байгаа. Тэгээд төсөөлөн бодоход, нээрээ ч үр хүүхэд минь багшийнхаа ачаар хөгжчихмөөр, хөгжихгүй, байхын аргагүй ч юм шиг санагдана. Харин чин сэтгэлээс, хэрэг болгож уншвал энэ хөтөлбөр танай хүүхдэд биш, танд зориулагдсаныг ухааран ойлгоно.  

Сарлаг бол сарлаг учраас сарлаг байдаг бол хүн зөвхөн хүмүүсийн дунд байгаагийнхаа улмаас л хүн байдаг. Зэвгийг уснаас гарган чулуудахад үсрээд л үхсэн зэвэг болдог байхад хүнийг хүний дундаас гаргаж хаяхад тэр нөхөр илжиг юм уу, өмхий хүрэн болон хувирдаг. Ийм болохоор хүний эцсийн сонголт бол яаж ийгээд хүмүүсийн дунд үлдэх явдал билээ. Нялх, бага наснаас эхлэн хүний сурсан бүх зүйл, 1, 3, 5, 18, 31, 56-тайдаа эзэмшсэн манай мэдлэг, чадвар, зуршлууд зөвхөн нийгмийн орчинд хэрэглэгдэхийн тулд л байдаг. 

Эзгүй арал дээр ганцаар хаягдсан зохиолч, мэргэшсэн нягтлан бодогч, үнэлгээний хорооны нарийн бичиг, топ модель, хармааны хулгайч, хэн боловч олигтой амьдрахгүй нь мэдээж. Яагаад гэвэл түүний эргэн тойронд нийгэм байхгүй, тийм болохоор мэдсэн, сурсан нь хэрэг болохгүй.  Гэхдээ л энэ бол хоёр дахь асуудал. Яагаад гэвэл юу мэдэх, юуг чаддаг болох нь наад хүний өөрийнх нь хэрэг биш, юуны өмнө цаад улсын тухайлбал, ээж, аавын ажил гэдэгт хамаг учир байна. 

Хүн төрх бүрэлд (үүл)эх нь:

Хүн гэдэг амьтан дөнгөж гарангуутаа цахилаад өгдөг хар сүүлтийн янзага биш тул түүнийг маллах хэрэгтэй. Хүн төрх бүрэлдэх үйл явц эхийн хэвлийгээс эхлэн явагдаж, ээжийнхээ баярлан догдлох, гуниглан гомдох, шинэ жилээр жаахан улаан дарс шимэх зэргийг өөртөө тусгаж авсаар нарт хорвоод мэндэлнэ. Тэгээд тэрбээр анхны тайван бус байдал болох хурц гэрэл, хүйтэн, нойтон орчин, нэг удаагийн бээлий зэргээс болж, сэтгэцдээ хүнд цохилт авч гомдон уйлдаг бөгөөд энэ нь алтан дэлхийгээс хүртэж байгаа эхний ул мөр юм. Гэхдээ байдаг л зүйл. Нялх хүүхэд өөрийнхөө гарыг ихэд сонирхон харж байхыг бид үздэг. Тэр эргүүлж, тойруулан харж, хазаж үзэж байгаа нь орчноосоо дутахгүйгээр өөрийгөө сонирхдог болохыг гэрчилж байна. Хэрэв тийм биш бол хүүхэд анхнаасаа уйлах ч үгүй, инээх ч үгүй байхсан. Ингэж багадаа өөрийгөө чагнаж, үнэлэн үзсэний ул мөр нь тэдний бүхий л амьдралд хадгалагдан үлддэг билээ. Жишээ нь: Шал нойтон байсаар байхад нь хуурайлаад өгчихгүй байвал, “Өөрөө л аргалахаас даа” гэх ганцаардсан өрөөсгөл мэдрэмж сэтгэцэд нь царцаж, “Бусдаас дэмжлэг гуйгаад нэмэргүй” гэх маягийн хүн болно. Аливаа шийдвэрийг ганцаараа гаргаж, мөнгөө ч өөртөө зориулан цааш хийх бөгөөд багаар ажиллах чадваргүй ийм хүн гэрлэлгүй удаан явна. Хардах дон ч үүнээс үүдэлтэй. Байнга нойтон оргиулснаас тэр хүн “Хуурай“ байхыг ганц зорилгоо болгож, амьдралын бүрэн дүүрэн байдалд итгэхгүй байж ядан хавчганаж, тавгүйтэн эргэн тойрноо сэрдэж эхлэх бөлгөө. Эмэгтэй хүнд бол “Эрэгтэй хүн хэзээ ч үнэнч байдаггүй” гэсэн бодол төрж болох юм. Анхаарал халамж бага хүртсэн иймэрхүү хүүхдүүд бухимдуу хүн болох нь элбэг. Харин амарчлаад, байнгын памперстай байлгасан хүн хариуцлагын мэдрэмжээ алдаж, учирч байгаа эрсдлийг мэдрэхгүй, мэдэрсэн ч яаж ч чадахгүй хүн болж төлөвшдөг. Хариуцлагагүй ажилтан болно. Эрэгтэй хүүхэд хожмоо бэлгийн сулралтай ч болж магад. Малын шим татарсан хойно хурааж хөлдөөсөн сүү үе үеэрээ зурайж байх мэт сайхан, муухай мэдрэмжид суурилсан ухамсартай, ухамсаргүй зорилгууд нь амьдралын талаарх хүний хандлагыг ингэж бүрдүүлдэг байна. Хандлага нь хүн төрх болон тогтдог ба хүнийг шумуул, авилгачаас ялгаж байдаг хүн төрх ийнхүү 3-аас 4 нас гэхэд бүрэлдэн бий болсон байдаг. Хүүхдэд төрж байгаа мэдрэмжүүдийг багцалбал, “Өөрийгөө бусдаас хөөрхөн, цатгалан, намайг уйлбал эд сүйд болно” гэх илүүгийн мэдрэмж, “Бусдаас би бараг ялгаагүй, Нандиа бид хоёр дүндээ дүн” гэдгээ мэдрэх нийтлэгийн мэдрэмж, “Намайг хэн ч тоохгүй, би бол... ” хэмээн үзсэний дутуугийн мэдрэмж гэж болно. Хамгийн харамсалтай нь нийтлэгийн мэдрэмж удаан төлөвшдөг байхад дутуугийн мэдрэмж нүд ирмэхийн зуур салхинд хийссэн зангуу мэт ирж наалддаг. Давуугийн мэдрэмж ч дангаараа байх нь осолтой. Хорвоо дээрх хүмүүсээс хамгийн баян нь, эсвэл хамаг хөөрхөн нь, үгүй бол хамгаас тарган нь, байг гэхэд хамгийн боловсролтой нь “Хамгийн сайн хүн” биш ээ. Сайн хүн гэдэг бол нийгэмшсэн, тухайлбал, нийтлэгийн тэгш мэдрэмжтэй, нарийвчилбал, хүний дунд хүний ёсоор байж чаддаг л хүн юм. Энэ бол манай салбарын дээд зорилго бөгөөд үүний төлөө 1435 цэцэрлэгт 27,214  хүн өдөр шөнөгүй хөдөлмөрлөж,  “Алив, хөөрхөн Бөөрөлж минь, Маралыг бүүвэйлээд өг” гэцгээж байна. Бэрхшээлээс мэдрэмж төрж, мэдрэмжид зорилго суурилдаг гэвэл, хүний амьдралд зорилго аягүй чухал болох нь. Хэвийн хүүхдийн тухайд бол түүний ирээдүй нь зорилго ба нийтлэгийн мэдрэмжтэйгээ холбоотой, өнгөрсөн үе нь бэрхшээлийг даван туулахад хөтөлсөн дутуугийн мэдрэмжтэй нь уялдсан байх ёстой гэж сэтгэл зүйд үздэг. Эсрэгээр байвал байдал маш төвөгтэй болжээ гэсэн үг юм. Нээрээ ч, өнгөрсөн үе нь сайхан оргиулаад харин ирээдүй нь аймаар санагдаад байдаг болчвол жаахан амьтанд ямар олиг байх вэ. Энэ чинь хүн төрхийн гажуудал шүү дээ. 

Хүн төрхийг сүйтгэх нь 

Эрхлүүлнэ гэдэг бол аймаар. Даарах, өлсөх, айх, ичих, ядрах зэрэг зүй ёсны бэрхшээлийн хажуугаар өөдгүй зохиомол бэрхшээлүүд бага насны хүүхдэд учирч байдгаас хамгийн муухай нь түүнийг эрхлүүлэх юм. Эрхэлсний ул мөр хүний амьдралаас хэзээ ч балран арилдаггүй. Ийм хүн эх (эрхлүүлсэн хүн)-ээ ямагт онцгойлон үзэх бөгөөд сэтгэл судлалын утгаар түүний сэтгэц нэлээн хүнд гэмтсэн байдаг. Бүх дурсамж эх (эрхлүүлсэн хүн)-тэй нь холбоотой байх ба түүнтэйгээ адил үүрэг гүйцэтгэчихээр хэн нэг хүнийг амьдрал дээрээс байнга хайна. Ийм хүний хөрш, гэргий, жолооч, дарга, хүүхэд, нууц амраг, багш нь дандаа илүү ачаалал үүрэх болдог. Тэр нь ээжийн үүргийг гүйцэтгэх явдал байдаг.  

Хэвийн зоригтой хүмүүс  бэрхшээлийг давна гэдгээ мэддэг бол эрхэлсэн хүмүүс заавал хэн нэгнээс тусламж гуйхаар шийднэ. Гэтэл иргэншил, тэр тусмаа Монголын нийгэм хүний толгойг илэхээ болиод удаж байгаа шүү дээ. Юун эрх нөхөр, эрх амраг, эрх дарга, эрх зорчигчтой манатай байхад. Зугтаах, булзах, туслуулах, ядаж хойш тавихыг хүсч явдаг хүмүүст нийгмийн сонирхол олигтой хөгждөггүй учраас бильяард, усанд сэлэлт, карате, гольф зэрэг багийн биш спортод сайн болж, сошиалд комент бичихийг юунаас ч илүүд үзнэ. Эд хүнтэй ярьж байхдаа гараа элгэндээ авах буюу хана, ширээ түшимтгий, цаг уруу ч юм уу, хүний хажуугаар харж байдаг. 

Жаахан хүүхдийг зодож шийтгэвэл, хожмоо гэмшивч барахгүй юм болно. Энэ нь хүүхдэд хууль бусаар эрх ашгаа хамгаалах, хэрэгцээгээ хангах сонирхлыг төдийгүй  гэмт хэргийн сурвалжийг сэтгэцэд бий болгодог. Гэмт хэрэгтнүүд ямагт бусдыг буруутгаж, өөрийн хийсэн үйлдлийг зөвтгөх хандлагатай байдаг нь бага насандаа эзэмдүүлсэн маш хүчтэй дутуугийн мэдрэмжээс болсон байдаг ажээ. (Ф.Достоевскийг уншигтун.) Асуудлыг хүчээр шийдвэрлэх гэсэн эцгийн хандлагаас ч илүү гүн шарх үлдээдэг зүйл бол эхийн шийтгэл юм. Эх нь хүүхдээ тоохгүй зөнд нь хаях буюу хатуугаар шийтгэдэг бол тэр яваандаа эмэгтэй хүнээс зугтаадаг болно. Уг нь эх халамжтай бол эрэгтэй хүүхдэд түүний дүр шилдэг загвар болж, ийм царай зүс, хэв шинжийн эмэгтэйг мөрөөддөг номтой. Эх хатуу бол эсрэгээрээ байна. Эхээсээ айж өссөн эрэгтэй хүүхэд гэмт хэрэг үйлдэх магадлал маш өндөр байхаас гадна бэлгийн харилцааны хувьд нэлээн эвгүй зан үйлийг сонгож ч мэднэ. Наад зах нь хавьтлын үед эмэгтэй хүнээс байнгын дэмжлэг авахыг хүснэ, цаад зах нь хэт түрэмгий байдлаар дутуугаа нөхдөг юм. 

Хүн төрхийг балладаг харилцаа бол үл тоох хандлага юм. Багадаа ээж, аавдаа үл тоогдон хаягдаж байсан, бусдын дэргэд биеэ баримтгай хүний хувьд гагцхүү дуугүй байх нь аврал бөгөөд дуугараагүй үедээ л давуу байдлаа мэдэрдэг байна. Яваандаа юм болгон дээр ийм давуу байдлархуу хязгаарлагдмал орчинг өөртөө бий болгочихоод түүндээ эзэн суудаг. Гав ганцаараа байхыг илүүд үзээд байгаа хүмүүс амьдралын шинэ нөхцөлд муу дасан зохицдог, хэтэрхий амбицтай, өөрийн зохиосон дүрэмд хорвоог тааруулан тохируулахыг оролдож, хүний араас чангааж явдаг юм. Энэ нь ихэнхдээ бүтэхгүй учраас удалгүй бодит байдлаас шилрэн зугтаадаг. Харин “Тэснэ тэснэ гэхэд ингэж тэснэ гэж байх уу” гэгчээр тэдний дотроо  хадгалсан гуниг цөхрөл, уур, баяр хөөр, дурлал, мөрөөдөл, хар нь гэнэт дэлбэрэн гарахад үнэн аймаар юм болдог. Энэ явдлыг хэлтэс, тв, гудамж, сайт, сум даяар удтал ярьдаг ба тэр хов нь: -Яагаав! Нөгөө хэн … гэж ирээд л эхэлдэг билээ.  Хүмүүсээс зугтаадаг ийм хүн амжилтад хүрэхийн тулд доголонгийн газар доголох ёстой гэдгийг мэддэг ч зориг нь хүрэхгүй. Нийтийн  вагонд учиргүй хурхирч яваа нэгнийг хараад хөмсөг зангидах боловч дотроо атаархаж байдаг. Бусадтай нийлж ухуулах хуудас хийж аваад талбай дээр очиж нийгмийн хувьсгал хийнэ гэж үгүй. Үүний оронд цайны газрын захын ширээн дээр цонх ширтэн сууна. Тэдний дүрийн сэтгэлгээ нь нийтэч хүмүүсийнхийг бодвол хавьгүй илүү бөгөөд олонтой нийлээд, хуйларч гүйгээд байдаг зураач, хөгжмийн зохиолч, яруу найрагч, зохион бүтээгчийг бид үзсэн бил үү. Авьяастай, ганцаардмал хүмүүс өөрийн уран бүтээл, цаглашгүй ганган сэтгэмжээрээ сэтгэл ханан амьдардаг байя гэхэд амьдрах чадвараар гавихгүй, авьяасаа нээж чадаагүй, багадаа хаягдаж байсан зожиг хүмүүс маань яах болж байна аа. 

Хүн төрхийг засах нь

Ингэж эрхлэх, зодуулах, хаягдсанаас үүссэн мэдрэмжээсээ болоод ээрдэг, муурдаг, шээдэг, айн хормойддог, зөрдөг, турдаг, таргалдаг, смарт утсанд дурладаг, хумсаа мэрдэг, хуруугаа хөхдөг шинж төлвүүд 3-4 насанд илт тодрон гардаг. Дэвшүүлсэн асуудал нь шийдэгдэхээс нааш сахлаа  авахгүй, картаа уншуулахгүй, тамгаа хураалгахгүй, (зарим нь бүүр хөө хуягаа ч тайлахгүй), хоолоо идэхгүй, мэндлэхгүй,  саналаа өгөхгүй байх тохиолдол уламжлалт болоод орчин үеийн нийгэмд зуршмал байдаг. Энэ бол неврозийн  хэлбэр бөгөөд танай жаахан хүүхдэд бас илэрч байвал маш аюултай шүү. Гэхдээ “Хүн төрх” иймэрхүү хачин байдлаар бүрэлдэж байгааг мэдсэн аав, ээж хэлмэгдэн сандрах биш, харин ч баярлах ёстой гэдгийг хэлье. Яагаад гэвэл, асуудал “... бухын хүзүү” мэт дийлдэхээ байдаг 8, 18, 37 49, 63 насанд биш, хавьгүй амар 3, 4-хөн насанд илэрч байгаа учраас тэр билээ. Энүүхэн гурван нас гэдэг бол гар нь гарт, хөл нь аманд багтаж байдаг үе шүү дээ. Харин “Нас нь бага байна, яваандаа засарч, давгүй хүн болох вий, сургууль гэж нэг сайхан газар байгаа даа. Өндөр боловсрол эзэмшүүлчихнэ, сайн авгай ч таарч болох юм” гэж бодвол бид “... буцахдаа шороо тээнэ”. Ер нь таны гурван насанд нь хүмүүжүүлж чадаагүй хүүхдийг бага ангийн багш, дүүргийн хүүхдийн байцаагч, дархадын бөө, эхнэр нь засч дөнгөнө гэж та яаж бодож чадаж байна аа. Тэгээд ч манай нийтлэлийн үндсэн агуулга нь гэр бүл бол хүний “Хүн төрх”-өө олдог газар байхад цэцэрлэг бол  хүнд “Хүн төрх” төлөвшдөг, харин сургууль хүний “Хүн төрх” илрэн гардаг орчин мөн гэх санаа мөн. Тийм учраас гэртээ байгаа дээр нь л энэ асуудлыг шийдэж авах хэрэгтэй. 

Хамгийн гол нь 3, 4 насанд үүссэн хүн төрхийн гажуудлыг арилгахад хуулийн ямар ч зүйл, заалт, төсөв, авлига, үглэлт, валидол, валютын сан нэмэр болохгүй. Зөвхөн түүний эхэлсэн шалтгааныг л авч үзэх хэрэгтэй байдаг. Сайн зүйлд ч эхлэл чухал. Гэтэл тэр эхлэл нь (ээж минь, аав минь)Та өөрөө шүү дээ! Тийм болохоор бид хамтдаа таны хүүхдийг биш, юуны өмнө өөрийг тань  хүмүүжүүлэх хэрэгтэй байгаа юм.

Театрт тухлан суугаад үзэж байтал гол дүрийн жүжигчин ухасхийн бууж ирээд таныг үнсвэл ямар вэ. Энэ нь сайн жүжгээс авах дээд мэдрэмж мөн хэдий ч, амьдрал дээр бол шууд алгаддаг. Чухам энэ бол хүмүүжлийн тухай нийтлэлийг уншаад мушилзах ба хүүхдээ сэтгэлээс хайрлан хүмүүжүүлэхийн гол ялгаа билээ. Ээж, аав та өөр дээрээ тусган ойлгоно уу.  Хүнийг хүн шиг явуулъя гэвэл 3, 4 насан дахь гэрийн хүмүүжил юунаас ч чухал гэсэн манай санаа энэ хүрээд өндөрлөж байна. Эцэст нь хэлэхэд эвгүй тийш хальтрах амархан, шулуун замаар явуулж, энгийнээр өсгөн хүмүүжүүлнэ гэдэг хамгийн хэцүү бөгөөд бүх зүйл танаас л шалтгаална гэдгийг (хэлүүлэлтгүй) ойлгоо биз дээ. Тийм бол хаалгаа сайн хааж, цэцэрлэгийн багш дээр очоорой, эсвэл үүдээ цэлийтэл нээгээд хувилбарт сургалтын багшаа хүлээгээрэй.