ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Автомашин, агаарын хөлөг хоёр алд дэлмийн зөрүүтэй юм шүү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-24

Агаар муу учраас онгоц буухгүй гэж зарласан учраас ОХУ-ын нисэх буудлын ажилчид ажлын байраа орхиод нэг өрөөндөө цуглаад хөзөрдөх нь хөзөрдөж, амрах нь амарч байжээ. Гэтэл нисэх буудлын цагаан хоолойгоор “Бүгд өөр өөрсдийн ажлын байрандаа очно уу. Онгоц газардаж байна” хэмээн зарлахад тэд нэгэн зэрэг “Чорт МИАТ” хэмээн суга үсэрсэн тухай онигоо байдаг. Хэдийгээр энэ нь Монголын нисэх хүчний тухай дэгсдүүлсэн онигоо мэт боловч, Монгол Улсын нисэх хүчнийг дэлхий дахинд үнэлдэг гэдгийн нэг тод жишээ болдгийг нуух юун. Одоогоос дөрвөн жилийн өмнө МИАТ-ийн нисэх хүчин Германд хүчтэй салхитай үед буулт хийж буй бичлэг дэлхий нийтэд цацагдаж, Монголын нисэх хүчний багаар дэлхий дахин бахархаж байлаа.

Тэр их салхитайд эсэн мэнд газардуулсан нисэх хүчний багийнханд олон зуун хүн баяр хүргэж, гадна дотногүй тэврэн үнсэж байжээ. Хэдийгээр цөөхөн хүн амтай ч Монгол Улсад чадварлаг нисгэгчид, чадвартай нисэхийн инженерүүд байдаг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, онгоцны засвар үйлчилгээг монгол инженерүүдээр хийлгэдэг болсон бахархалтай мэдээ ч дуулддаг болоод удаж байна.

Гэтэл, өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 21-нд МИАТ компанийн “ОМ-302” агаарын хөлөг БНСУ-ын Инчеон хотоос нислэг үйлдэх үед хөлгийн дугуйн түгжээнд асуудал үүсэж, техникийн буулт хийж газардсан асуудал гарлаа. Тухайн үед хөлгийн багийнхан маш шуурхай арга хэмжээ авч, хөлгийн хяналтын самбарт “check-in” гэрэл ассан тул буцаж Инчеоныг зорьсон байгаа юм. Ингэснээр гарсан техникийн гэмтлийг шуурхай засаж, эргээд нисчээ.

Гэтэл агаарын хөлгийн саатлаас болж бухимдсан “үхэр” монголчуудын бичлэг тэр дороо соошл орчинд цацагдах нь тэр. Тэд хөлгийн багийнхан болон МИАТ-ийн Инчеоны нисэх буудалд байрлах төлөөлөгчийг хэл амаар доромжилж байх юм. “Буудлын мөнгө өг л” гэнэ. “Нохой хооллож байгаа юм шиг 10 мянган төгрөгийн талон өглөө, та нар. Төр засагт гомдол гаргана” гэх мэтээр дөвчигнөж байгаа бичлэг цацагджээ. Төлөөлөгч өмнөөс нь нөхцөл байдлыг учирлаж хэлээд ч учрыг ойлгохгүй уурсаж, аманд орсон үгээрээ л харааж зүхлээ, тэд. Арай л гутамшигтай. Хэрвээ тэд “Кореан эйр” болон бусад улс орны агаарын хөлгөөр нисэж байсан бол ингэж дөвчигнөж чадах байсан болов уу.

Харамсалтай нь үгүй. Хэдхэн сарын өмнө БНХАУ-ын “Эйр чайна” улс дотроо хотуудын нислэг хийхдээ шиврээ бороотой байна гэсэн шалтгаанаар өөр хотод очиж газардаж билээ. Тухайн хотын нисэх буудал нь аюулгүй байдлаа бодож, зорчигчдыг буулгаагүй. Ингээд агаарын даралт хэвийн болохыг хүлээсэн олон орны зорчигчид бүтэн таван цаг онгоц дотроо түгжүүлж, 0.5 граммын савалгаатай цэвэр ус, хайрцаг пичень идэж суусансан. Тэнд мөн л монголчууд байсан. Тэглээ гээд буудлын мөнгө өг, онгоцноос буулга гэж сүржигнэж давхиагүй юмдаг. Харин ч аюулгүй байдлаас бодож, агаарын хөлгөө буулгаж хүлээсэн “Эйр чайна” компанийн найдвартай, баталгаатайг шагшиж сууж билээ.

Тэд хүний нутагт ийм л “соёлтой” хүмүүс. Харин өөрийнхөө юманд хэчнээн дээрэнгүй, бас арчаагүй сэтгэлээр ханддаг вэ гэдгээ Инчеоны нисэх буудал дээр харуулав. Уул нь тэд амьд мэнд эргэж газардсандаа баярлах ёстой. Машины дугуй өнхөрөхөөс ч илүү эрсдэл агаарын хүчинд байдгийг мэддэг бол эвдрэл гэмтлээ эртхэн оношилж эргээд буусанд нь баярлаж суух ёстой биз дээ. Ус уух хувьтайдаа, улсынх нь агаарын хүчин чадварлаг байсанд бахархах ёстой баймаар.

Тэвэрч үнсдэггүй юм гэхэд нисгэгчдийнхээ ур чадварт баярлаж, эх нутагт нь эсэн мэнд хүргэж ирсэнд баярлах ёстой байлаа. Дэлхийн аль ч улсын зорчигчдоос тийм л зангараг, наад захын соёл гарах байсан юм. Харин манайхан үнэхээр л оорк зангаа тэнд харуулав. Төр засаг буруутай л гэнэ. 10 мянган төгрөгөөр хооллосон чи гэж дайрч байх шиг. Өөрийнх нь амь нас 10 мянган төгрөгийн хоолноос ч хямдхан гэж бодохоор уур ч хүрэх шиг. Бид нэг, нэгэндээ яагаад ийм хайргүй болчихсон юм бол.

Хүний нутагт нутаг нэгтнээ хайрлах өмгөөлөх сэтгэл ч гэж алга. Харь нутагт нэгийгээ хүний наймаанд зуучилна. Нэгнийхээ эд хэрэгслийг хулгайлна, дээрэмдэнэ. Хоорондоо зодолдоно. Хүний нутагт явахдаа шүлс хаядаггүй атлаа эх орондоо гудамжинд “морь харж”, нус цэрээ нийх нь юу ч биш. Эх нутгаасаа гарчихсан л бол соёлтой болдог атлаа эргээд ирэхдээ өнөөх л бахь байдгаараа хогоо хаяна, машины цонхоор татсан тамхины ишээ шиднэ. Улс орноо муулна.

Хүний нутагт амьдарч яваа нь төр засгийн буруу мэтээр зүхэж занах нь энүүхэнд. Харамсалтай нь эх нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад гар бие оролцъё гэж боддог хүн цөөхөн. Ийм л хүнийрхүү сэтгэлтэй гэдгээ харуулж, нийтээрээ нислэгийн багийнхныг зүхэж, амьд үлдээсэн нь буруу мэтээр аашилж аяглав. Бие биедээ хайртай байхсан монголчууд аа.

Хүний нутагт амь эрсдээгүйдээ баярлаж, техникийн буулт хийж алдаагаа залруулсан МИАТ-ийн баг хамт олонд баярлалаа гэж хэлчих ухаан алга уу, та бүхэнд. Монгол Улсын агаарын хүчин, тэр дундаа аюулгүй ажиллагаа, чадварлаг багаараа дэлхийд эхний 10-т ордог хамт олныг үгийг муугаар зүхэж, занахын хэрэг юун. Хар утаан хөшиг татчихсан, хавсарга салхитай байсан ч түрээсийн, түрээсийн бус хэдэн онгоцоороо нэг тивээс нөгөө тив рүү төдийгөөс өдий хүртэл нэг ч осолгүй, хүний амь эрсдүүлэхгүй тээвэрлэж ирсэн “шонхор”-уудаа хэдий болтол зүхэж занах юм.

Дахиад хэлье, автомашин агаарын хөлөг хоёрын хооронд алд дэлмийн зөрүү байдаг юм шүү. Хэдэн мянган км-ын өндөрт таны амь насыг хамгаалж явахын тулд асар их ур чадвар, хөдөлмөр тэднээс гарч байдаг. Үүнийг дэлхийн бүх л улс орны зорчигчид мэддэг учраас агаарын хөлгийн ослын, техникийн буулт, онгоц саатах зэрэгт үргэлж хүлээцтэй хандаж иржээ. Бид ч тэднээс суралцах юмсан даа.