ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол: Улаанбаатарт авлигын эсрэг жагсаал боллоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-03

Дэлхийн томоохон мэдээллийн агентлаг болох “Aljazeera” өнгөрсөн сард болсон эсэргүүцлийн жагсаалын талаар мэдээлэл бэлтгэжээ. Тус жагсаалыг хэрхэн мэдээлснийг уншигчиддаа орчуулан хүргэе. 

Хэдэн арван мянган монгол­чууд нийслэл Улаан­баатар хотноо -20 градусын хүйтнийг ч үл ажран улс төрийн дээд албан тушаалт­нуудын авлигыг эсэргүүцэн гудамжинд гарч жагслаа. Пүрэв гарагт болсон энэ жагсаалд  нийтдээ 25000 орчим хүн оролцжээ. Орон нутгийн хэвлэлд дурьдсанаар, энэ удаагийн жагсаал 2008 оноос хойшхи хоёр дахь томоохон хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн болж буй аж. Жагсагчид УИХ-ын дарга М.Энхболд, мөн хоёр том улс төрийн хүчин болох МАН, АН-ыг эсэргүүцэн бухимдлаа илэрхийлж байв. 

М.Энхболд, болон бусад улстөрчид төрийн албан тушаалыг наймаалцах замаар 60 тэрбум төгрөг босгохоор ярилцсан гэх мэдээлэл гарсантай холбоотойгоор авлигын эсрэг тэмцэл удаан хугацаанд өрнөсөн юм. Нам доторх бүлгийн зарим улстөрчид М.Энхболдыг огцрохыг шаардсан бичигт гарын үсэг зурж, тэр хүртэл чуулганы хуралдааныг бойкотлох болов. Тэрхүү бүлэг улстөрийн АН, МАН-аас бүрдэх МАНАН бүлэглэлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна. 

Хэвлэлд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “МАНАН бүлэглэл Монголын бүх эрдэс баялагийг тонон дээрэмдэж, ард түмэн юу ч үгүй болж байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ядуурал, агаарын бохирдол, баялгийн тэгш бус хуваарилалт  гээд бүх зүйл М.Энхболдыг Улаанбаатар хотын захирагч байсан тэр үеэс л эхэлсэн” гэж ярьжээ. Хуучин Зөвлөлт холбоот улсыг олон жилийн турш дагасан Монгол Улс 1990 онд парламентын ардчилалд шилжсэн юм. 

Тэгвэл пүрэв гарагийн жагсаалд оролцсон хүмүүс “Бид М.Энхболдыг огцруу­лахыг хүсч байна” гэх лоозонг барин жагсчээ. Жагсаалд оролцсон 61 настай А.Дэжид “Ройтерс” агентлагт “Ашигт малтмалын баялагтай ардчилсан Монгол Улсад ард иргэд нь одоо ч ядуу амьдарч байна” гэж ярьсан байх юм. Тэрбээр “Монгол хүмүүс маш их тэвчээртэй. Гэхдээ тэр тэвчээр одоо алдарч байна. М.Энхболд огцрох ёстой. Энэ олон хүмүүс өвлийн хүйтэнд түүнийг эсэргүүцээд жагсаж байхад тэр хийсэн зүйлээсээ ичих хэрэгтэй” хэмээн Засгийн газрын ордны өмнөх төв талбайд болсон жагсаалд оролцох үеэрээ хэлэв. Түүнчлэн, энэ өдөр болох ёстой байсан чуулганы хуралдаан ч долоо дахь удаагаа хойшлогдсон юм. Учир нь М.Энхболдыг огцрохыг шаардсан гишүүд бойкот хийж, чуулганы хуралдаанд оролцсонгүй. 2018 оны сүүлчийн хуралдаан баасан гарагт болох байсан ч мөн л хойшлов. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “УИХ-ын гишүүд асуудлыг жагсаал цуглаанаар бус, парламентын танхимд ирээд шийдэх ёстой. Энэ бол хууль” хэмээн ярьжээ.