ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дурсамжийн гүнээс инээмсэглэх өсвөр нас минь

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-10

Зуны улиралд хөдөө нутаг сайхан. Айраг цагаа исч, агаар тунгалагшаад, голын ус бүлээсч, нар шараад л.  Хотынхон ийм л цагаар хөдөө рүү зүтгэж, иссэн айраг шимж, цэвэр агаар амьсгалах дуртай байдаг байх. Хүүхэд байхад, 2000 оны эхээр манайх хөдөө байдаг байлаа. Айлаас дутахгүй хэдэн малтай, Төмөрт хайрханы ард, төмөртийн голын хөвөөнд нутаглана.  Бямбад орсон бороо долоо хоног зүсэрч, бямбадаа тэнгэр онгойдог сайхан цаг байсансан.  Хотынхон зун болохоор л хүүхэд шуухадгүй ирнэ, шуугилдана.  Харин надад хөдөөний амьдрал сайхан санагдаж байгаагүй. Тав, зургадугаар ангийн хүүхэд өглөө ядаж 7, 8 цаг болтол унтахыг хүснэ.

Хяслантай нь зуны ид ажлын цагт шөнө 12 цаг өнгөрөөж унтаад, өглөө 4:30, аз таарвал 5:00 цаг хүртэл унтана.  Ёстой л нөгөө М.Билигсайхан найрагчийн “Гэгээн Монгол” шүлэгт гардаг шиг “Гэргий хүүхдийн хооронд цаггүй ажил хөглөрнө” гэдэг шиг л их ажилтай. Өглөө эрт босч үнээ саана, эсвэл тугал татна. Дараа нь үүр цайхтай зэрэгцээд аргамжаатай морио эмээллэж унаад, адуунд мордоно. Нэг зун зунжингаа дугуйгаар адуунд явж билээ. Өдөржин гүү саана, тэгээд 16:00 цагийн үед хонио хурааж ирж, сааль авна. Эргээд орой үхэр саалцана. Үеийн найзууд сумын төвд үд болтол унтаж байхад надад ихдээ л 4-5 цаг унтах боломж гардаг байлаа.  Тиймдээ ч хотынхны “Хөдөө зун очихоор гоё. Айраг уугаад, наргиад, нэрмэл шимээд” гэж ярихад дургүйг яана.  Өөрсдөө хийлцэхгүй, хүний бэлдсэн бэлэн идээг ууж, иддэг хүмүүст сайхан л байсан байх. Харин надад цаг наргүй энэ их ажил дуусахгүй нь гэдэг бодол төрдөг байсансан. Бушуухан намар болоосой, хичээлдээ явах юмсан гэдэг бодол орж ирдэг байв.

Нойроо харамлаж байсных л болов уу. Өсөх ёстой насандаа олигтой унтаж чадаагүйгээс болоод сайн өсөөгүй гэж одоо болтол бодож явдаг. Гэхдээ дөрвөн эрэгтэй, ганцхан балчир охинтой айлд эмэгтэй хүүхэд шиг л ажлаас хойш сууж яваагүй минь буруудаагүй.  Дахиад хэдхэн цаг унтахыг хүсч явсан өсвөр нас минь сайхан байжээ. Тэндээс би ажлыг хийвэл чин сэтгэлээсээ, хийдүүлэлгүй хийхийг сурсан. Тийм сэтгэлийг ч өөртөө суулгасан.  Мөрөөдлийнхөө зах зухаас биелүүлэх чадлыг, хүчийг Төмөртийн голын хөвөөнд үнээ, гүү сааж, адуунд мордож байхдаа олж авчээ. Дугуйгаар адуунд мордож явсан дурсамжийн гүнээс инээмсэглэх өсвөр нас минь сайхан дурсамж үлдээжээ.