ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Тайванжаргал: Намайг гэмтээсэн хүмүүст албан ажил хийлгэх шийтгэл оноох байх

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-05-29

Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал энэ оны нэгдүгээр сард тус сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар өнгөт чулуу түүж байсан хүмүүст хэрцгийгээр зодуулж,  хүнд гэмтэж байсан билээ. Тэгвэл түүнтэй тус суманд өнгөт чулуу олборлогчдоос үүдэлтэй ямар хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа талаар ярилцлаа.

-Өнгөт чулууг хууль бусаар  олборлох асуудал танай суманд хэдэн оноос гарч эхэлсэн бэ?
-Сүүлийн жилүүдэд манай суманд тулгарсан ноцтой асуудал бол өнгөт чулууг хууль бусаар олборлогчид. Дорноговь, Өмнөговь аймгаас гаралтай хүмүүс  2014 оноос манай суманд ирж, байгалийн өнгөт чулууг хууль бусаар олборлох болсон. Манай сумын Хутаг ууланд хүмүүс чулуу түүгээд байна гэсэн мэдээлэл анх малчдаас ирсний дагуу уг ажлыг таслан зогсоох гэж  ЗДТГ-аас  багагүй тэмцсэн. Тухайн үед хэрэгжиж байсан Захиргааны зөрчлийн тухай хуульд хууль бусаар чулуу түүдэг хүмүүст 50 мянган төгрөгийн торгууль оногдуулах заалттай байсан.  Тийм учраас чулуу түүх ажил даамжирч,   зогсоож дийлэхгүйд хүрсэн. Чулуу түүгчдийн тоо богино хугацаанд 500 орчим болж огцом нэмэгдсэн. Долоон аймгийн 27 сумын ажил орлогогүй, амьдрал ахуйгаа залгуулах гэж ядсан хүмүүс энд олноороо цугласан. Тэдгээр хүмүүсийг зогсоохын төлөө сумын Засаг даргын нөөц сангийн хөрөнгийг дуустал эргүүл, шалгалт, пост гаргаж ажилласан. Төрийн албан хаагчид өдөр бүхэн сумын төвөөсөө 60 гаруй км-ийн цаана очиж ажиллах шаардлага бий болсон. 

-Өнгөт чулуу түүгчидтэй тэмцэхэд ямар бэрхшээл үүсч байв?
-Сумын Засаг даргын жилийн турш зарцуулах шатахууны хэмжээ нь 300 мянган төгрөг л байдаг. Энэ мөнгөөр аймгийн төв рүүгээ 2-3  удаа явахад л дуусчихдаг. Чулуу түүж байгаа хүмүүст очоод “Хууль бус үйл ажиллагаа зогсоо” гэхээр тэд бөөнөөрөө эсэргүүцдэг. “Та нар  Оюутолгойгоо зарж идээ биз дээ. Бид  төрсөн нутгаасаа алга дарам чулуу авчихаж болохгүй юу” гэх зэргээр эсэргүүцдэг болсон. Бид  чулуу түүгээд байгаа бүс нутгуудад пост гаргаж, Засаг даргын нөөц сан, байгаль хамгаалах сангийн хөрөнгийг түүнд зарцуулж дуусган байж асууудлыг 2014 онд нам дарж байсан. Би тэр үед аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан учраас 2015 онд “Хэнтийн аймгийн нутаг дэвсгэрт байгалийн өнгөт чулууг түүх, олборлох, хадгалах, тээвэрлэхийг бүрэн хориглосон ИТХ-ын тогтоолыг батлуулсан. Аймаг орон нутгийн хүчний байгууллагуудын дэмжлэгтэйгээр энэ асуудлыг таслан зогсоосон. Гэтэл 2016 онд сонгуулийн жил тохиож,  хүн бүхний инээдэг үе болсон учраас байгалийн өнгөт чулууг хууль бусаар олборлож буй асуудлыг огт анхаарахаа байсан. 2017 оны зургадугаар сард манай сумын Баян багийн Засаг дарга өнгөт чулууг хууль бусаар олборлогчдийг зогсоохоор ажил үүргээ гүйцэтгэж яваад хөлөө машинд хуга дайруулсан шүү дээ. Мөн сумын цагдаа маань машинд мөргүүлсэн. Тиймээс манай сумын ИТХ-ын дарга бид хоёр аймгийнхаа удирдлагуудад   2015 онд баталсан тогтоолын хэрэгжилтийг хангаач гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан боловч хариу ирээгүй.  

-Таны өнгөт чулуу олборлогчдод хэрцгийгээр зодуулсан зураг нийтийн сүлжээнд тарж,  хүмүүсийн анхаарлыг нэлээн татаж байсан. Чухам юу болсон юм бэ?
-2018 оны нэгдүгээр сард миний бие ажил үүргээ гүйцэтгэж яваад хууль бус чулуу олборлогчдод шаардлага тавьсныхаа төлөө дөрвөн төрийн албан хаагчдынхаа хамт халдлагад өртсөн. Халдлага үйлдсэн хүмүүс нь манай нутгийнхан биш байсан. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ асуудлыг одоо прокурор шалгаж байгаа.  Тун удахгүй шүүх рүү шилжинэ. Шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад би өөрийгөө өмгөөлж, хэн нэгнийг буруутгах зорилгоор энэ ярилцлагыг өгөөгүй. Өнөөдрийн байдлаар манай сумын дөрвөн төрийн албан хаагч халдлагад өртсөн, цаашдаа хэн нэгний амь нас эрсдэх нөхцөл үүсч болзошгүй байна. Байгалийн өнгөт чулуу олборлож байгаа хүмүүс 20-120 см гүнтэйгээр газрыг ухаж сэндийлж байгаа. Түүж буй чулуу нь түгээмэл тархацтай учраас манай сумын газрыг төмөр соёогоор хаа сайгүй сэндийлж, маш хорлонтойгоор сүйтгэж буй учраас бид зогсоохоор тэмцээд байгаа юм. Тэр чулуу нь газрын хөрсний ус чийгийг барьдаг учраас гол горхи ширгэж байна. Манай суманд ган гачиг болоод байгаа нь хүмүүс байгаль дэлхийтэйгээ буруу харьцаж байгаагаас үүдэлтэй л гэж бодож байгаа. 
Одоо Батноров сумын гурван багийн таван нэр бүхий газар дээр хүмүүс чулуу түүж байна. Саяхан манай нутаг ЦЕГ, МХЕГ, Ерөнхий сайдын хэвлэл мэдээллийн баг, Хэнтий аймгийн цагдаагийн газар ЗГХЭГ-ын бүрэлдэхүүнээс бүрдсэн ажлын хэсэг ирж,  газар дээр нь ажилласан. Үүнээс гурав хоногийн өмнө аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ирсэн. Одоогийн байдлаар хууль бусаар чулуу олборлогчдын балгаар 131 гаруй га талбай сүйдсэн. Эдгээр хүмүүсийг Зөрчлийн тухай хуулиар шийтгэвэл 200 орчим мянган төгрөгөөр л торгодог. Газрын хэвлийн тухай хуулиар шийтгэвэл 50 мянган төгрөгөөр л торгодог юм.  Бид холбогдох шатны хүмүүст эдгээр иргэдэд  оноож буй шийтгэлийг нэмэгдүүлэх саналаа уламжилсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх миний тавьсан саналыг хүлээн авч,  намайг албан ёсоор хүлээн авч уулзсан. Уулзалтаар төрийн албан хаагч хүн хууль бус чулуу олборлогчдын халдлагад өртөж,  бэртлээ.  Тиймээс цаашид миний эмчилгээний зардал хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Халдлагын улмаас миний баруун нүдний хараа 25 хувь хүртлээ буурсан. Хүн харахад гайгүй мэт боловч харах чадвар нь эрс муудсан. Зүүн нүд зүгээр учраас одоохондоо гайгүй яваад байгаа. Би цаашдаа маш их гам барих шаардлагатай болсон. Хүнд юм өргөж, удаан цагаар ажиллаж болохгүй болсон. Гутлаа үдэхээр тонгойход нүд чинэрч өвддөг. Нүдний суурь доошоо цөмөрсөн учраас хиймэл суурьтай болсон. Хууль бусаар байгалийн өнгөт чулууг олборлож буй асуудал нь ганц манайх  бус Хэнтий аймгийн Дархан, Бор Өндөр, Биндэр зэрэг таван аймгийн суманд нүүрлээд байна. Цаашид маш яаралтайгаар хуулийн зүйл заалтыг чангатгаж өгөхгүй бол Норовлин зэрэг бусад сум руу ч тархаж байна гэсэн мэдээлэл байгаа. 

-Их хэмжээний газар сүйтгэсэн хүмүүсээр учруулсан хохирлыг барагдуулах нөхөн сэргээлт хийлгэж болдоггүй юм уу?
-Хуулиараа болдоггүй юм билээ. Түгээмэл тархацтай баялгийг олборлож буй учраас бичил уурхайчдын нэгэн адилаар нөхөрлөлийн зохион байгуулалтад ороод,  тэр газартаа нөхөн сэргээлт хийлгээд,  хуулийн дагуу зохион байгуулах боломж байдаггүй. Бид малчидтайгаа уулзаад,  түгээмэл тархацтай өнгөт чулууг түүх зөвшөөрлийг нутгийнхаа иргэдэд өгч болох уу гэж асуухад 100 хувийн саналтайгаар эсэргүүцсэн. Бид нэг удаа 60 гаруй хууль бус чулуу олборлогчдыг барьж авчраад, сүйтгэсэн талбайгаа нөхөн сэргээ гэсэн. Гэтэл  “Чадахгүй. Тийм хууль чинь хаана байна” гэж хэлээд урдаас хүний эрх яриад явчихдаг.  

-Байгалийн баялгийг хууль бусаар цөлмөж буй хүмүүстэй үр дүнтэй тэмцэх ямар боломж бололцоо байна гэж харж байгаа вэ?
-1990-ээд онд улс орон даяар модны, бугын хэрэг гэж гарч байсан. Уг асуудлыг торгуульгүй болгож, нам дарсан. Унаж яваа техник хэрэгслийг нь улсын орлого болгоод,  өөрийг нь 3-5  жил шоронд хориод эхэлсэн чинь л нам болж байсан. Сая манай нутагт ирсэн Ерөнхий сайдын багт хуулийн ийм зохицуулалтыг хийж өгөөч гэсэн саналыг тавьсан. Хууль бусаар чулуу олборлогчдын машин, унаа техникийг улсын орлого болгоод,  олборлогч иргэдэд нэлээд өндөр торгууль оногдуулах, эсхүл хорих заалт оруулж өгвөл энэ асуудал шийдэгдэх байх гэж хэлсэн.  Хууль бусаар чулуу олборлож буй хүмүүс 2017 оны “Ланд Круйзер 200”, “Лексус 570” машин уначихсан явж байгаа. Тэднийг 200 мянган төгрөгөөр торгоход ямар ч асуудал болдоггүй. Тэр хүмүүст Зөрчлийн тухай хуульд заасан дээрх торгуулийг оногдуулахаар өрөөнд орж ирж төлчихөөд “За за өөр асуудал юу байна. Бид явлаа” гэж хэлээд л гарч байна. 

-Та бүхэн хууль бусаар чулуу түүдэг хэчнээн хүнд хариуцлага тооцуулсан бэ?
-Шалгалтаар бид   48 хүнийг илрүүлсэн. Гэвч Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тэдэнд торгууль ногдуулах эрх нь цагдаад байхаа больчихсон. Хойшлуулашгүй арга хэмжээ авч тэдний үйл ажиллагааг зогсоох эрх нь хаалттай болсон. Хууль бусаар чулуу түүж байсан 48 хүнийг бариад мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шилжүүлэн өгөхөд 11 хүн нь л торгуулсан. “Бусад нь яасын бэ байцаагч аа” гэхээр тэдгээр хүмүүс чулуугүй явсан. Чулуу нь байлгүй яах юм бэ,  багаж хэрэгсэлтэйгээ баригдсан шүү дээ гэхээр  “Халаасанд нь чулуу байгаагүй юм аа” гэж хариулж байх жишээтэй. Уг нь чулууны илэрцтэй газарт хууль бусаар чулуу олборлохоор багаж хэрэгсэлтэй явж байгаад баригдсан л бол торгуулах ёстой байхгүй юу. Гэтэл торгуулахгүйн тулд нөгөө хүмүүс халаасан дахь чулуугаа хаяад би энд дөнгөж сая л ирсэн. Хүмүүс энд чулуу байдаг гэж хэлэхээр нь би сонирхож ирээд ганцхан цаг болж байна гэж хэлдэг. Хуулийн цоорхой их байгааг ашиглагчид олон бий. Чулуу түүгчдийг өөгшүүлдэг өөр нэг хүчин зүйл байгаа нь хүн амьтнаас зайдуу буйд нутагт хоол үйлдвэрлэгчид, худалдаа наймаа эрхлэгчид очоод майхан босгоод, гэр бариад үйл ажиллагаа их явуулах болсон. Мэргэжлийн хяналтын байцаагчдад эдгээр хүмүүст арга хэмжээ аваач гэж хэлэхээр бидэнд тийм эрх байхгүй гэж хэлдэг. Яагаад гэвэл энэ хүмүүсийн хийсэн хоолыг тэр Дорж худалдан авч идээд,  хордлого аваагүй л бол шалгах,  торгох ёсгүй гэж хариулдаг. Харин хордчихсон гэдэг нь тогтоогдвол 50 мянган төгрөгөөр торгоно гэж байна билээ.  Хуулийн уялдаа холбоогүй байдлаас хууль бус үйл ажиллагаа явуулагчид хожиж байна. Өнгөт чулуу олборлогчдын улмаас чулууны тархацтай газруудын тарвага дууссан. Мөн маш ихээр бохирдож сүйдэж байна. Манай суманд гарч байгаагүй аль л муу муухай бүхэн тэдгээр хүмүүсийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт болж байгаа. Одоогоор 500 гаруй хүмүүс байгаагийн 10 орчим хувь нь орон нутгийн иргэд. Чулуу түүгээд байгаа орон нутгийнхаа иргэдээ хүлээн авч уулзаад,  400 мянган төгрөгийн цалинтай туслах малчны ажил байна. Хайгуулын лицензтэйгээр манай нутаг үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад 750 мянган төгрөгийн цалинтай ажил байна хийгээч гэхээр ордоггүй. Тэдгээр хүмүүс амар хялбар аргаар байгалиас чулуу түүгээд,  түүнийгээ 50 мянгаас нэг сая хүртэлх төгрөгөөр зарж амьдрахыг илүүд үзэж байна.  Хууль бус чулуу олборлогчидтой өдөр бүхэн тэмцэхээс халшраад зургаан жил энэ ажлыг хашсан Байгаль орчны улсын байцаагч маань ажлаа өөрчилсөн. Тэр хүмүүс чинь хүнтэй аятайхан харьцдаггүй шүү дээ. Өөрийг нь болон гэр бүлийнхнийг заналхийлж байсан нь эмэгтэй хүнд ахадсан байх. 

-Та халдлагад хэрхэн өртсөн талаараа дэлгэрэнгүй ярих боломж байгаа юу?
-Би хууль бусаар өнгөт чулуу олборлогчдод буруу шаардлага тавиагүй юм шүү дээ. Шууд чулуу түүгчид рүү ч анх очоогүй юм. Манай сумын багийн Засаг даргын аав нь нас барсан учраас бид  буяны ажилд оролцохоор явж байхдаа тэр хүмүүстэй таарсан. Буяны ажилд явж яваа юм чинь хүмүүстэй маргаад яах вэ гэж бодоод “Та нар машинаасаа буугаад ир дээ, би энэ сумын Засаг дарга нь байна бичиг баримтыг чинь шалгая” гээд бичиг баримтуудыг нь авсан юм. Гэтэл зарим бичиг баримтуудаа өгөхгүй гэж эсэргүүцэхээр нь очоод машиныг нь унтраалгаад хүрээд ир гээд явуулсан чинь нэг эмэгтэй байцаагчийг хэл амаар доромжилж, нүүр рүү мангасдаж түлхсэн. Би тэгэхээр нь гүйж очоод “Та нар улсын байцаагч хүнтэй зохистой харьцаарай. Чи яаж байгаа юм бэ” гэж хэлтэл “Чамд ямар хамаатай юм” хэлээд үгийн зөрүүгүй гүйж ирээд миний хамар руу цохичихсон. Цохилтын улмаас хамраас цус асгарч,  тонгойтол гурав дөрвөн удаагийн үйлдлээр миний нүүр хүзүүг маажиж дайрсан. Арга буюу хоёр гарыг нь бариад доош нь дартал над руу дайрч яваа эрчиндээ бүдрээд унасан. Гэтэл нөхөр нь “Чи миний эхнэрийг цохилоо” гэж хэлээд миний хөмсгийг зад цохисон. Хамар болон хөмсөгнөөс цус урсаад байж байтал эхнэрийнх нь дүү гэх залуу гүйж ирээд чулуутай гараараа нүд рүү цохиж унагаасан. Энэ үйл явдал хэдхэн секундэд болж өрнөсөн. Удаад маргалдаад байсан зүйл огт болоогүй. Энэ бүхнийг хуулийн байгууллагууд нь шалгаад,  зохих шийдвэрээ гаргах байх. Миний баруун нүдний ухархайн яс босоо хананаасаа эхлээд үргэлжилсэн зургаан см цөмөрсний улмаас нүд доошоо унаж хялар болсон. Нүдний цөцгий доошоо орж,  хоёр хоног цус асгаад тогтохгүй байсан учраас Улаанбаатар орж томографик зураг авахуулахад нүүрний суурь яс цөмөрч,  яс зөрсний улмаас нүдний булчин, судаснууд хавчуулагдсан байна гэж хэлсэн. Би нэгдүгээр сарын 17-ны өдөр бусдад зодуулж бэртээд,  тус сарынхаа 26-ны өдөр хагалгаанд орсон. Хагалгааны үеэр зүрхний цохилт 40, 60 болон унаж хариугүй зогсох шахсан. Сайн эмч нарын буянаар л босч ирсэн. Саяхан би Тайван улсад сургалтад хамрагдах үеэрээ нүдний эмчид үзүүлэхэд,  дөрвөн нүдний эмч дөрвөн өөр шинжилгээ хийгээд,  таны баруун нүдний хараа 25 хувьтай болсон байна гэдэг дүгнэлтийг гаргасныг би шүүх эмнэлэгт эх хувиар нь өгсөн.

-Таныг зодож бэртээсэн хүмүүст ямар шийтгэл оногдуулахаар байгаа вэ.  Та энэ талаар асууж сурагласан уу?
-Миний гэмтлийн зэргийг Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хүрээлэн судалж үзээд,  хөнгөн гэмтэл гэж тогтоосон. Шийдвэрийг нь эсэргүүцээд ШШҮХ-д хандахад мөн л хөнгөн гэмтэл гэж тогтоосон. Нүдний ухархайн ясыг хугалахыг дэлхийд ОХУ,  Монгол хоёр л хөнгөн гэмтэл гэж тогтоодог юм билээ. Би ШШҮХ-гийн шинжээчид “За яах вэ,  ухархайн ясыг хугалах нь хөнгөн гэмтэл юм байж. Миний нэг нүдийг 25 хувийн хараатай болгосон нь хөнгөн гэмтэл үү” гэж асуухад юу ч хэлээгүй. Нэгэнт шүүх шинжилгээнээс хөнгөн гэмтэл гэж үзсэн учраас буруутай хүмүүст 350 мянгаас нэг сая 200 мянган төгрөгийн торгууль оногдуулж,  хэдэн цаг албадан ажил хийлгэх шийтгэл оноох юм билээ.