ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Идэрцог: С.Баярцогт Оюутолгойн хувьцааг бусдад зарж их хэмжээний ашиг олсон

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-24

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Оффшор бүсээс 74.9 сая ам.доллар орж ирсэн гэж байна. Энэ мөнгө бэлнээр орж ирсэн үү. Ямар ямар хүмүүс оруулж ирсэн юм бэ?

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс дээр оффшор бүсэд их хэмжээний мөнгө байршуулсан гэх иргэний мэдээлэл задарснаас хой дөрөв дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа. Прокурорын хяналт доор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Төрийн өндөр албан тушаалтай болон жирийн иргэдийн асуудал байгаа. Оффшор бүс бол татварын уян хатан нөхцөлтэй байдаг. Тэнд мөнгө хадгалаад оруулж ирэх асуудал байдаг. Түүнийг эдийн засгийн гэмт хэрэг гэж үзэхгүй. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтнууд болон сая зарласан хүмүүсийн гадны оффшор бүсэд байршуулсан мөнгөн дүн нь 85.9 сая ам.доллар байж магадгүй гэж үзсэн. Эндээс биет болон тоног төхөөрөмжөөр дамжин 74.9 сая ам.доллар орж ирсэн байж болзошгүй байгаа. Энэ асуудлаар гадны олон байгууллагатай хамтарсан мөрдөн шалгах ажил явуулж байна.

- Ч.Даваанямыг баривчлан саатуулсан. Энэ талаар мэдээлэл өгөөч. Ерөнхий сайд асан С.Баяртай холбогдуулж барьсан гээд байгаа?

-Оффшор бүстэй холбоотой нэг дугаартай хэрэг дээр Монгол Улсад нэлээд том хоёр аж ахуйн нэгжийн дансаар 20 сая ам.доллар удаа дараа орж ирсэн. Үүгээр мөнгө угаасан байж болзошгүй гэж үзсэн. Цаашлаад бүтээн байгуулалт хийгдэх байдлаар мөнгө угаасан байж болзошгүй гэж үзсэн. Ямар зориулалтаар мөнгө орж ирсэн, албан тушаалтан байгаа эсэх нь мөрдөн шалгалтаар тогтоогдоно. Оффшорын холбогдолтой дөрөв дугаартай хэргийн нэг нь Ерөнхий сайд асан С.Баярын хэрэг юм. Мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа. Мөн Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэрэг дээр Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө гадны хөрөнгө оруулагч компаниас хувьцаа эзэмшсэн, гэрээ байгуулагдсаны дараа хувьцааны үнэ өсөхөд зарж борлуулан ашиг олсон, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэн шалгаж байгаа.

- УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эхнэрийн дансаар ЖДҮХС-гаас гарсан мөнгө орсон гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

-УИХ-ын гишүүний эхнэр зээл аваад түүнийгээ зориулалтынх нь дагуу хэрэглэсэн бол хууль зөрчсөн гэж үзэхгүй. Харин зээл авахад албан тушаалтан нөлөөлсөн бол шалгана. Энэ асуудалд ялгаж салгаж хандах ёстой. Бид шалгалтын хүрээнд ЖДҮХС-гаас зээл авсан төсөл бүрийг шалгаж байгаа.

- “УБДС” ТӨК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир 500 сая төгрөгийн хахууль авах гэж байгаад баригдсан. Мөн орон сууцны асуудал байгаа?

- Хахууль авсан хэмжээ нь 500 сая төгрөг биш юм билээ. Албан ёсны бүртгэлтэй гурван орон сууцтай. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа. Мөн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Жаст” групп зээл авсан гэх зургаан хүнтэй холбогдолтой хэрэг шүүхэд шилжсэн.

- ЖДҮХС-гийн асуудалд УИХ-ын 43 гишүүн холбогдон шалгагдаж байгаа гэсэн. Энэ тоо яг хэд вэ?

-УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан. Одоогоор хоёр гишүүн нь тогтоолтой танилцсан. Хоёр гишүүн томилолттой яваа юм болов уу. Нэг гишүүн бол чуулганы нөхцөл байдлаас болоод очих боломжгүй гэж байгаа. 43 гишүүн гэдэг нь худлаа тоо. Цаашдаа шалгалт үргэлжилнэ. Бидний зүгээс тоо зарлаагүй.

-Ч.Сайханбилэгийг гадаад улс руу явсан гэх мэдээлэл байна. Энэ талаар хариулт өгөөч?

- 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр үзэглэсэн Оюутолгойн гэрээтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.  Санхүүгийн болон мэргэжлийн албанаас бүрдсэн шинжээчдийн баг ажиллаж байна.Яллагдагчаар татан шалгаж байгаа нэр бүхий зургаан хүнээс байцаалт авч байгаа. Хилийн хоригтой учир гадаад улс руу зорчоогүй.

- Т.Ганболд саяхан нэр зааж хахууль өгсөн хүмүүсээ хэлсэн шүү дээ. Үүнтэй холбогдуулж хүмүүсийг шалгаж байгаа юу?

- Иргэн Т.Ганболд нэр бүхий хүмүүст хахууль өгсөн тухай мэдээлсэн. Үүнийг нарийвчлан шалгаж байна. Мэдээллийн хүрээнд шалгаж байна.